Ж.Мөнхбат: АН хамтын гэрээнээсээ ухарч эхэлбэл бид заавал ачаанаас үүрэлцэх шаардлагагүй болж байна

SONY DSCМонгол Ардын намаас “Ардын индэр” цуврал уулзалтыг мягмар гараг бүр зохион байгуулдаг. Үүнийхээ дагуу өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нар мэдээлэл хийлээ.

2012 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН ялагдал хүлээж, засгийн эрхийг АН болон Шударга ёс эвсэлд өгснөөр сөрөг хүний үүрэг гүйцэтгэж байв. Харин өнгөрсөн оны сүүлчээр эдийн засгийн хүнд үе улс орны өмнө тулгарсан учраас хямарлаас улс орноо гаргахад гар бие оролцох үүргээ ухамсарлан засагт хамтрахаар болсон гэдгээ тэд онцолж байв.

Мөн 2012 оны наймдугаар сард АН болон “Шударга ёс эвсэлд засгийн эрхийг хүлээлгэж өгсөн үетэй харьцуулахад нийгэм эдийн засгийн байдал тартагтаа тултал дордсон байсан. Тухайлбал 2012 онд засгийн эрхийг солилцох үед ам.долларын ханш 1340 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 1900 давчихаад явж байна.

Түүнчлэн 2012 онд Монгол улсад жилд 4 тэрбум 407 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийж байсан бол АН засаг барьж байсан хугацааны дараагаар гадаадын хөрөнгө оруулалт 826 сая буюу өмнөх үзүүлэлт 5.3 дахин буурсан байна. Мөн МАН 2 жилийн өмнө засгийн эрхийг хүлээлгэж өгөхөд 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай болж уруудсан, гадаад вальютын нөөцийг бүрдүүлж чадахгүй бол эдийн засаг өсөхгүй гэсэн анхааруулгыг өнгөрсөн оны сүүлчээр дэлхийн банкнаас өгч эхэлжээ.

Төр барьсан хоёр жилийн хугацаанд Ардчилсан намын тарьсан эдгээр балгийг МАН хамтран үүрэлцэх албагүй ч АН 2016 он хүртэл эдийн засаг үүнээс ч долоон дор байдалд хүрч мэдэх учраас АН-ыг хараад сууж байж чадаагүй гэв. Өөрөөр хэлбэл МАН сандал ширээ горилсондоо биш улс орноо туйлдсан байдалд хүрэхийг зүгээр хараад сууж чадаагүй учраас засгийн эрх барилцсан гэв.

Гэтэл АН засагт хамтрахдаа өгч байсан амлалтуудаасаа буцаж, улс орныг өөд нь татах биш харин ч сүйрэх зам руу зүтгэж зөвшилцлийн гэрээгээ мартаж эхэлжээ.

Тодруулбал, Ардчилсан нам Монгол ардын намтай хамтарч засаг барихдаа хэд хэдэн зүйл заалтууд дээр гэрээ байгуулж санамж бичигт гарын үсэг зурсан. Уг гэрээнд дагаж мөрдөх хэд хэдэн зүйл бий. Жишээлбэл “Хямарлаас гарах засгийн газрын хөтөлбөр”-ийг хамтран боловсруулж хямарлыг даван туулна гэдгийг гэрээнд тусгасан аж. Гэтэл өчигдөр АН-ын бүлэг уг хөтөлбөрийг хэлэлцэх үеэрээ хэрэгжүүлэх шаардлагагүй. “ЭЗЭН 100″ хөтөлбөрөөрөө явъя гэх саналыг гаргаад байгаа юм.

Н.Алтанхуягийн засгийн газар эдийн засаг хямарсныг хүлээн зөвшөөрөөд “ЭЗЭН 100″ хөтөлбөрийг хэрэгжүүлж чадалгүйгээр огцорсон түүхтэй. Гэтэл огцорсон засгийн газрын хөтөлбөрийг шинэ засгийн газар хэрэгжүүлээд явна гэдэг урьд хожид байгаагүй асуудал гэдгийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэллээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ “Бидний зүгээс хямарлыг даван туулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байгаа аж. Тиймээс “Шийдлийн” засгийн газарт орохдоо Өрийн таазыг нэмэхгүй байх, Хямарлыг давах хамтын төлөвлөгөө боловсруулна гэх зэрэг хэд хэдэн зарчмын үндсэн дээр зөвшилцөн хамтарсан. Харин АН гэрээнүүдээсээ ухарч эхэллээ. Тийм учраас АН энэ мэтээр зөвшилцөл, хамтын гэрээнээсээ ухарч эхэлбэл бид заавал ачаанаас үүрэлцэх шаардалаггүй болж байна гэдгийг АН-д ойлгуулах шаардлага гарч байна. Намрын чуулганы төгсгөлд АН зөвшилцлийн гэрээгээ дахин хараач ээ гэх шаардлагыг тавьж байна. Ядаж энэ 7 хоногтоо багтаж огцорсон засгийн газрын ЭЗЭН 100 хөтөлбөрөөр явах гэж буй эсэхээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Өнөөдөр нэг зүйл ярьчихаад маргааш нь хэлснээсээ буцвал энэ засгийн газар хол явахгүй гэдгийг дахин хэлмээр байна” гэв.

Эх сурвалж: Bolod.mn


URL:

Сэтгэгдэл бичих