Ач санах хуулийн төсөл боловсруулжээ
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг, С.Бямбацогт, Д.Сумъяабазар нар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Хуулийн төслийг боловсруулахдаа таван бодлогын хүрээнд гол анхаарлаа хандуулсан байна.
1.Ахмад настны эрүүл мэндийг дэмжих
2.Тэтгэврийн харилцааг боловсронгуй болгох
3. Ахмадуудыг орон сууцаар хангах
4.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
5. Сувилал, амралт гэсэн бодлогын хүрээнд санаачилсан байна.
Хуулийн төсөл нь ахмад настны амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, үйлчилгээ авах, боломжийг нэмэгдүүлэх зорилготой аж. Үндсэн дөрвөн бүлэг, 14 зүйлтэй байна. Ахмад настанд үзүүлэх дэмжлэг, үйлчилгээг ихэвчлэн тэдний хэрэгцээ, хүсэл санаачилгад тулгуурлах зарчмаар үзүүлэхээр хуульчилсан гэдгийг хууль санаачлагч Н.Номтойбаяр мэдээлсэн. Түүнчлэн дэмжлэг, үйлчилгээний төрөл, хэлбэрийг өргөжүүлснээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиас давуу талтай болсон хэмээн хууль санаачлагчид үзэж байгаа аж. Хэрвээ тус хууль батлагдснаар нийгэм, эдийн засаг, эрх зүйн аливаа сөрөг үр дагавар үүсэхгүй гэж тооцоолсон байна. Харин ахмад настны амьдралын туршлага, мэдлэг ур чадварыг нийгмийн баялагт тооцож, тэднийг халамжлахын зэрэгцээ, ниймийн амьдралд идэвтэй оролцуулах, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн тооцжээ. Мөн ахмад настанд үзүүлэх үйлчилгээг өргөжүүлснээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг бэрхшээл багатай шийдвэрлэх боломж нэмэгдэх юм байна. Хэрвээ тус хуулийн төсөл батлагдан гарвал ахмадууд төрөөс дэмжлэг, үйлчилгээ авах бөгөөд шаардагдах хөрөнгийн зарим хэсгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг дахин хувиарлах замаар гаргах тул төсөвт ямар нэгэн хүндрэл учруулахгүй юм байна.
unen.mn
URL: