Хэрэг эрхлэхийн 17 тэрбумууд

527-1423535139sssДарга нар хэр өндөр албан тушаалтай байна, тэр хэрээрээ их мөнгөний асуудалд ордог бололтой юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гэдэг аргагүй өндөр албан тушаал. Гүйцэтгэх засаглалын “Толгой комьпютер” гэдэг утгаараа энэ суудалд суусан хүн эрх мэдэлтэй байх нь ч аргагүй. Гэхдээ энэ их бяр зөв гэхээсээ буруу зүйлд ажилладаг юм биш байгаа гэх болгоомжлол эрхгүй төрж байна.
Эдийн засгиин хямрал нүүрлэж, ард түмний амьдрал хүндхэн байгаа энэ үед бид зөвхөн зөвлөгөө авахын тулд 17 тэрбумыг зарж байна. Гэхдээ энэ мөнгө дотооддоо бус гадныхны халаас руу орно. Энэ бол хамгийн сүүлд дэгдсэн мөнөөх мэдэл ихтэй даргын үзэглэсэн тогтоол шийдвэр. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Эрдэнэс Оюутолгой” төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёр хүнээс бүрддэг компанид 17.5 тэрбум төгрөг олгох санхүүжилтийг төсвийн тодотголд тусгуулсан нь ид маргаан дэгдээгээд байна.
Ингэхээс ч аргагүй, төрийн түшээд, дарга нар нь гадныхныг ингэж шүтэж байхад тэдний үйлдлийг бид зогсоож чадахгүйгээс хойш ядаж шүүмжлэх эрхээ эдлэхэд буруудахгүй болов уу. 17 тэрбумын хоёр дахь жишээ нь Г.Дэнзэн. Н.Алтанхуяг сайдын хүргэн гэдгээрээ тэрбээр өмнөх Зассийн газарт Хэрэг эрхлэх газрыг даргалж байсан.  Харин энэ суудлаас нь түүнийг 17 тэрбумын асуудал татаж буулгасныг хэн хүнгүй санаж байгаа биз ээ. Товчхондоо, тэр С.Баярцогтын адилаар мөн л 17 тэрбумын асуудалд орж, энэ явдал маш хүчтэй өрнөн, газар авснаар эрхгүй албан тушаалаа өгөхөд хүрсэн. Тэрбээр эхнэрийнхээ Говь повер гэх компанид 17 тэрбумын тендерийг эрх мэдлээ ашиглан авч өгсөн нь ил болсон билээ.
С.Баярцогтынхоос өөр нь Г.Дэнзэнгийн 17 тэрбум төгрөг хэдий томчуудынх ч гэлээ дотооддоо үлдсэн. Харин С.Баярцогттой холбоотойгоор яригдаж байгаа 17 тэрбумыг гадны хүнд өгөхөөр үзэглээд байгаа. Үүнийгээ бүр энэ оны төсвийн тодотголд тусгаад баталгаажуулчихсан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах тухай тогтоолын төслийг нэр бүхий таван гишүүн өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргад өргөн барьснаар асуудал ийнхүү олонд ил болоод байна.
Харин үйл ажиллагаагаа эхлээд өрдөө л гуравхан сар болж буй “Шийдлийн” гэх Засгийн газар анхныхаа огцруулах тогтоолыг хүлээн авсан нь энэ. С.Баярцогт сайдыг огцруулах төсөл өргөн барьсан гишүүд тогтоолдоо дурдахдаа “Энэ үйлдэл нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан, зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна” хэмээн буруутгаж буй.
Харин өчигдөр хуралдсан АН-ын бүлгийн зүгээс энэ асуудлыг гүтгэлгийн шинжтэй гэж үзэж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл, АН-ын бүлгийн дарга тайлбарлахдаа “Ажлын хэсгийн ахлагч Б.Болорын хүсэлтээр С.Баярцогт гарын үсэг зурсан болохоос гэрээг хийгээгүй. Нөгөө талаас 17 тэрбум төгрөгийм одоогоор шилжүүлээгүй.
Тиймээс түүнийг огцруулах үндэслэл болохгүй” хэмээсэн. Гэтэл төсвийн тодотгол хэлэлцэх үеэр С.Баярцогт сайд Төсвийн Байнгын хорооны дарга Б.Болорт Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгаар Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтын төслийг хүргүүлж, гарын үсгээ зурсан байгаа юм.
Харин энэ бичгийг нэр бүхий гишүүд баримт болгон, огцруулах бичиг өргөн барьсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Хөгжлийн банкнаас 17 тэрбум төгрөгийн хөрөнгийг 2014-2016 онд гаднаас өндөр чадвартай хууль, санхүүгийн, РР-ийн зөвлөх хөлслөхөд зарцуулах шийдвэр гаргасан байдаг. Үүний дагуу 2014 онд “Painter Law Firm”-ийн хуульч Роберт Пэйнтерийн жилийн цалинд 260 гаруй мянган ам.доллар буюу 455 сая төгрөг олгосон аж.
“Эрдэнэс Оюутолгой” ТӨК түүнийг жил гаоуйн турш ажиллуулсан 5айдаг. Харин үлдсэн мөнгө нь Хөгжлийн банкинд хадгалагдаж байгаа юм байна. Нэг ёсондоо, эхнэр нөхрийн “Painter Law Firm”-ээс цаашид ч эөвлөгөө авах бөгөөд үлдсэн мөнгөө тэдэнд өгнө гэсэн үг. Хэдийгээр Б.Болор гишүүн санал оруулж, гарын үсэг зуруулсан гэж өөрөөсөө зайлуулж болох ч Хэрэг эрхлэх гаэрын даргын, бас ч үгүй төрийн өндөр албан тушаалд хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа хүний хувьд С.Баярцогт сайд шалгах учиртай.
Эсвэл эрхэм дарга нар юун дээр гарын үсэг зурж байгаагаа анзаарах сөхөөгүй их ажилтай байдаг юм болов уу. Ямартай ч энэ бол С.Баярцогт сайдад хамаагүй асуудал огт биш. Ядаж л гарын үсэг зурснаараа тэр бурууг үүрэлцэх учиртай. Гэтэл бүлгийн даргаараа тайлбар хийлгэхдээ өөрт нь хамаагүй мэтээр хэлүүлж байгаа нь хариуцлага үүрэхгүй гэсний тод илрэл болж байна.
Гэтэл хэдий сайн муугаараа хэлүүлэн байж аргаа барахдаа ажлаа өгсөн Г.Дэнзэн буруугаа ухаарсан юм шүү, С.Баярцогт сайд аа. Яахав өнөөдрийн байдлаар бүх зүйл дуусчихаагүй. Заавар зөвлөгөө авахаар төсөвт суулгасан мөнгөө дотооддоо үлдээх боломж байгааг эрхэм сайд хайж олж харна гэж найдъя. Төр, засгийн удирдлагууд нь улсынхаа боловсон хүчинд итгэхгүй атлаа гадагш чиглэх мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх хэрэгтэй гэж ярих нь үнэндээ үнэ цэнэгүй бөгөөд үнэнээс дэндүү хол зөрүүтэй сонсогдож байна.
Эдийн засгийн хямралтай, үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдсэн улсаас хэдэн тэрбум төгрөг халааслах гэж байгаа гадаад нөхөр Роберт Пэйнтерийн хувьд өмнө нь Т.Батаарыг дуудлага худалдаагаар зарах гэж байхаас эхлээд эх оронд нь авчрах хүртэл манай улсын талд ажилласан нэгэн юм байна. Тэр ч бүү хэл, энэ гавьяаг нь үнэлэн түүнд Монголын төр “Алтангадас” одон олгосон байх юм. Товчхондоо, Роберт Пэйнтер гэгч дарга нарын төвшинд Монголоос мөнгө “босгож” сурсан нэгэн бололтой.
Энэ ч үүднээсээ тэрбээр зөвхөн зөвлөснийхөө төлөө төсвийн хөрөнгөнөөс халааслах гэж байна. Магадгүй түүний мэдлэг өндөр байж болох ч гадны эрхмийг шүтсэнээрээ эрхэм дарга нар монгол толгойг үнэгүйдүүлэх алхам хийж байгаа нь харамсалтай. Манай улсын шинжлэх ухаан эрдэмтдийн мэдлэг чадвар энэхэн үед өрдөө л хоосон яриа болоод хувирчихлаа.
Хэрвээ үгүйсэн бол төрийн түшээд аль сайн чадалтай гэсэн эрдэмтэн, судлаачдын халаасыг зузаалмаар санагдэх. Эцсийн дүндээ их мөнгөний асуудалд ордог Засгийн газрын Хэрэг эрхлэхийн даргын суудал эргэлзээ төрүүлж эхэллээ. Тэдэнд их мөнгөтэй холбогдохоос өөр ажил байдаггүй юм гэж үү. Ямартай ч АН-ын бүлэг энэ асуудлыг нэг их тоогоогүй ч хуулийн дагуу холбогдох Байнгын хороогоор ажлын долоо, чуулганаар мөн ийм хугацаанд багтаам хэлэлцэн шийдэх учиртай.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн

URL:

Сэтгэгдэл бичих