Д.Эрдэнэбат: БНХАУ-ын иргэд хууль бус өмчлөлтэй 400 машинаар ашиг олж байна
Замын-Үүд хилийн боомтоор хоёр улсын хооронд ачаа тээвэрлэдэг жолооч нар хууль бус өмчлөлтэй хятад машинаар тээвэр хийдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Хятад түншийнхээ ятгалгаар өөрийнхөө нэр дээр хятад машин оруулж ирнэ. Тэгээд арын хаалгаар улсын дугаартай, жолоочтой болгох үүрэг хүлээснийхээ хариуд байнгын ачаагаар хангагдах боломжтой. Гэхдээ тээврийн хөлс нь хятад эзний халаасанд орох маягаар Замын-Үүдийн тээвэрлэлтийг БНХАУ-ын иргэд базах болжээ. Үүний хариуд монгол жолооч нарын эрх ашиг хөндөгдөж байгааг эсэргүүцэж,Замын-Үүд дэх “Борхойн тал” авто тээвэрчдийн холбооныхон манай сонинд хандсан юм. Тус холбооны тэргүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.
-Хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл хэзээнээс бий болж эхэлсэн юм бэ?
-2013-2014 онд хууль бус өмчлөлтэй тээврийн хэрэгсэл олон болсон. Түүнээс өмнө харьцангуй цөөн. 100 машинаас дөрөв, тав байх жишээтэй. Одоо бол нийт тээврийн хэрэгслийн 60 хувь нь хууль бус өмчлөлтэй. Харахад Батын, Доржийн машин шиг харагдана. Гэвч өмчлөл нь Батынх биш. Хөлс нь Батын халаасанд биш Вангийн халаасанд ороод урагшаа гарчихаж байна. Хэрэв хөлс нь Батын халаасанд ордог бол бид маргах зүйлгүй.
-Хууль бус гэхээр монгол жолооч нарт ямар хор хохирол учруулж байна вэ?
-Монгол хүний нэр дээр байгаа автомашинаар дотоодын тээвэрт явж байгаа тохиолдолд хөлс мөнгө нь Монгол Улсад орж байх ёстой. Гэтэл Хятад хүний халаасанд ордог болчихоор 200 орчим жолоочийн эрх ашгаас гадна Монгол Улсын эрх ашгийг хохироогоод байгаа юм. Бидний тооцоолсноор хятад иргэд өөрийн эзэмшлийн 400 орчим машинаар манай улс руу тээвэрлэлт хийж байна. Нэг хятад хүний эзэмшилд 30-40 машин байх жишээтэй. Нэг машинаар сард 2-3 удаа цемент зөөлөө гэхэд 40 машинаар тооцвол нэг хүний үйлдлээс болж ямар их хөрөнгө алдагдаж байгаа нь ойлгомжтой. Монголд эргэлдэх ёстой хөрөнгө хууль бусаар гадагшаа гарчихаар эдийн засагт асар их хохирол учирч байна. Тиймээс дээрх 400 машин Монголын өмч мөн үү, биш үү гэдгийг тогтоох аргачлалыг олохыг зорьж байгаа юм.
-Та бүхний хүсэл, шаардлагыг биелүүлэх эрх мэдэл бүхий байгууллагуудад хандаж үзсэн үү?
-Үндсэн хуульд ямар ч хувийн хэвшлийн хөрөнгийг Монгол Улсын нийгмийн эрх ашгийн төлөө төрөөс зохицуулалт хийж болно гэж заасан байдаг. Мөн Авто тээврийн тухай хуульд орон нутгийн Засаг дарга тухайн нутагт хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана гэсэн заалттай. Үүнээс харахад аймгийн ИТХ, удирдлагууд авто тээврийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх бүрэн эрх, үүрэгтэй. Тиймээс тэдэнд удаа дараа хандсан. Хэдэн удаа хэвлэлийн бага хурал зарлаж, олон нийтийн жагсаал цуглаан хүртэл зохион байгуулсан. Ямартаа ч ойрын хугацаанд ИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэх товтой байгаа.
-Хятад иргэд монгол жолооч нарт санал тавьдаг гэхээр манайхан өөрсдөө энэ асуудлыг эхлүүлсэн юм биш үү?
-Хувийн ашиг сонирхлоос л ийм юм болчихсон. Өөрийнхөө ганц машиныг ачаатай байлгахын тулд Хятадын халаасны хүн болчихож байгаа юм. Ашиг сонирхлын хувьд амиа хичээсэн зүйл. Компани хооронд ч ийм асуудал бий. Эцэст нь Монгол Улсын эрх ашигт ноцтой аюул учруулахаар болчихлоо. Манай хил гаалийнхан ч хяналт шалгалт муу, авлигад автаад байгаа болохоор энэ асуудал улам дэвэрч байна.
-Таны хэлснээр Үндсэн хууль, Авто тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангая гэвэл ямар зохицуулалт хийх вэ?
-Замын-Үүд бол онцгой бүс. Монгол Улсын хилийг сахисан төрийн байгууллагууд хуулиа хэрэгжүүлж ажиллах нь чухал байна. Хамгийн гол нь эхлээд өмчлөлийн машиныг ялгах хэрэгтэй. Дараа нь холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаад гарц олж болно.
Б.ЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: