В.Путин: Украйн дахь сөргөлдөгч талууд дотроо учраа олохгүй бол асуудал шийдэгдэхгүй
Бүтэн жил өнгөрсөн ч хурцадмал хэвээр байгаа Украины хямралыг шийдвэрлэхээр дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн удирдагчид тун завгүй ажиллаж эхлээд байна. Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар Москвад очиж, ОХУ-ын Ерөнхийлөгчтэй энэ асуудлаар хэлэлцсэний дараа Беларусийн нийслэл ” Минскт дахин нэг удаа энхийн хэлэлцээ хийхээр тохиролцоод буй. Ялангуяа Германы Канцлерын хувьд амрах завгүй ажиллаж байгаа бололтой. Тэрээр Москвагаас Берлинд газардаад, төд удалгүй Украины энхийн хэлэлцээрийн асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай зөвлөлдөхөөр Вашингтоныг зорьжээ. Тэд үүнээс гадна дэлхий нийтэд заналхийлж буй терроризмын аюул болон бусад асуудлаар ч хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа талаар Цагаан ордон мэдээлсэн байна. Хэдийгээр АНУ Европ, тэр дундаа Герман улстай Украины хямралыг хэрхэн шийДвэрлэх тал дээр нэгдмэл байр суурьтай байгаа ч сүүлийн үед хөндөгдсөн зарим нэг асуудал дээр санал зөрөлдөж буйг талуудын аль аль нь хүлээн зөвшөөрч байгаа юм.
Тодруулбал, Украины өөрийгөө батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Вашингтоны талаас цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэх асуудал сүүлийн үед эрчимтэй хөндөгдөж ирснийг Германы Канцлер эрс эсэргүүцэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Украины асуудал дээр илүү хатуу байр суурь баримтална гэдгээ мэдэгдсэн бол Бүгд найрамдах намын сенатч Жон Маккейн Киевт цэрэг, зэвсгийн тусламж зайлшгүй шаардлагатай байна хэмээн мэдэгдэж байгаа юм. Тэрээр “Украинуудыг олноор нь хөнөөж байхад бид ердөө хөнжил, хоол л’ явуулж байна. Хөгжил, хоол чинь Оросын танкуудын эсрэг юм болохгүй шүү дээ” гэжээ. Сенатч Линдсэй Грахам ч мөн Германы энхийн төлөвлөгөөг саяхан Мюнхенд болсон олон улсын аюулгүй байдлын бага хурал дээр хурцаар шүүмжилж, “Европ анд нөхдөдөө хандаж хэлэхэд энэ төлөвлөгөө чинь бүтэхгүй ээ. Москва руу хэчнээн олон удаа ч очоод нэмэргүй” гэсэн байна.
Энэ зуур ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины сөргөлдөгч талууд дотооддоо л ойлголцож чадахгүй бол гадаадад хэчнээн ярилцаж, хэлэлцэж, хүчин чармайлт гаргаад асуудал шийдэгдэхгүйг Каирын телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр анхааруулсан байна. Цааш нь, Киевийн Засгийн газрыг ард түмнээ сайтар сонсох хэрэгтэй гэсэн байна. Тэрээр мөн Беларусийн нийслэл Минскт товлогдсон дээд хэмжээний уулзалт өмнөхийн адил нэр төдий зүйл болоод өнгөрөхийг үгүйсгэхгүй гэжээ. Минскт өнгөрсөн есдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хувьд цөөхөн хэдэн хоногийн настай байсан бөгөөд Украины зүүн бүсэд одоо хэр мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөргөлдөөн эхэлснээс хойш ойролцоогоор 5400 гаруй хүний амь нас хохирсон гэсэн тоо байгаа аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Египетуд хоёр өдрийн айлчлал хийснийхээ дараа Минскт болох дөрвөн талт уулзалт хэлэлцээнд оролцох юм байна.
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: