К.Брайант хамгийн олон удаа “Бүх оддын тоглолт”-ын үнэ цэнэтэй тоглогчоор нэрлэгджээ

Энэ оны NBA-ийн бүх оддын тоглолт хоёрдугаар сарын 15-нд Нью Йорк хотын “Мэдисон Скуар Гарден” спортын ордонд болно. Өрнөд бүсийн гараанд “Голден Стэйт Уорерз”-ын С.Карри (1.513.324 хүний санал авсан), “Лос Анжелес Лэйкерс”-ын К.Брайант (1.152.402), “Нью Орленс Пеликанс”-ын Э.Дэвис (1.369.911), “Мемфис Гризлес”-ын М.Газоль (795.121), “Лос Анжелес Клипперс”-ын Б.Гриффин (700.615), дорнод бүсийн гараанд “Клевлэнд Кавалейрс”-ын Л.Жеймс (1.470.483), “Чикаго Буллз”-ын П.Газоль (974.177), “Вашингтон Визардс”-ын Ж.Уолл (886.368), “Торонто Рэпторс”-ын К.Лаури (805.290), “Нью Йорк Никс”-ын К.Энтони (647.005) нар сонгогдсон.

Харин өрнөд бүсийн сэлгээнд “Портлэнд Блэзерс”-ын Л.Алдриж, Д.Лиллард, “Оклахома Сити Тандер”-ын К.Дюрант, Р.Уэстбрук, “Хьюстон Рокетс”-ын Д.Ховард, “Сан Антонио Сперс”-ын Т.Данкан, “Голден Стэйт Уорерз”-ын К.Томпсон, “Лос Анжелес Клипперс”-ын К.Пол, “Сакраменто Кингз”-ын Д.Каузинс, дорнод бүсийн сэлгээнд “Атланта Хаукс”-ын А.Хорфорд, П.Миллсап, Ж.Тиагу, “Майами Хит”-ын К.Бош, Д.Уэйд, “Чикаго Буллз”-ын Ж.Батлер, “Клевлэнд Кавалейрс”-ын К.Ирвинг нар тоглохоор болжээ.

Энэ удаа К.Брайант, Б.Гриффин нар гэмтлийн улмаас өнжиж байгаа тул Д.Лиллард, Д.Каузинс нар тэднийг орлох аж. 1951 онд Бостон хотод анхны бүх оддын тэмцээн болоход дорнод бүс 111:94-өөр хожиж байжээ. Тэр цагаас хойш 63 удаагийн тэмцээнд 36-д нь дорнод бүс, 27-д нь өрнөд бүсийн сагсан бөмбөгчид ялалтж байгуулж, “Лос Анжелес Лэйкерс”-ын К.Брайант дөрвөн удаа буюу хамгийн олон бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

mongolcom.mn


URL:

Сэтгэгдэл бичих