Гацууртын ордыг ашигласнаар түүхийн ховор нандин өв соёл устах магадлалтай гэв

olloo_mn_1421712550_ho

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудад байр сууриа нэгтгэжээ. Энэ талаар өнөөдөр тус бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын сайд М.Энхсайханаас Тавантолгой төслийн гэрээний талаар мэдээлэл сонсч, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэсэн гэв.

Тэрбээр, “Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх үед “Шударга ёс” эвслийн бүлэг тав хоногийн завсарлага авсан. Манай бүлэг Цөмийн энергийн газрыг татан буулгахыг дэмжихгүй гэдгээ олон удаа илэрхийлсэн ч энэ газрыг татан буулгасан. Харин Ерөнхий сайдын дэргэд цөмийн энергийн комисс байгуулж, цөмийн энергийн талаар аливаа санал дүгнэлтээ тус комисст хүргүүлж байхаар тогтлоо. Мөн Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай болон Ашигт малтмалын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Гацууртын ордыг ашигласнаар түүхийн ховор нандин өв соёлыг устгах, байгаль экологийн тэнцвэргүй байдал үүсч болох гэх зэрэг эрсдэл гарах магадлалтай. Тиймээс нарийн судлах хэрэгтэй” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид сонирхосон асуултадаа хариулт авав.

-АН-ын бүлэг ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах үндэслэлгүй гэж үзсэн. Танай бүлэг энэ асуудлыг хэлэлцсэн үү?

-Эрдэнэс Оюутолгой төрийн өмчит компанид хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын компанид 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилт өгөхөөр энэ оны улсын төсөвт суулгасан байна. Мөн урьдчилгаа болгож 455 сая төгрөгийг тус байгууллагад шилжүүлсэн. Манай бүлгийн хоёр гишүүн огцруулах хүсэлт өргөн барьсан нь Шударга ёс эвслийн бүлгийн байр суурь гэж ойлгох нь өрөөсгөл. Өөрөөр хэлбэл энд хамтарч өргөн барьсан бие даагч гишүүдийн төлөөлөл байгаа. Засгийн газрын гишүүнийг огцруулахаар өргөн барих нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрх.

-Гацууртын ордод төрийн эзэмших хувийг 20 хувь байна гэсэн заалтыг Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг тогтоох тухай тогтоолын төсөлд тусгасан байна?

-Манай бүлэг энэ саналыг дэмжихгүй.

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэрхэн үзэж байгаа вэ?

-Засгийн газрын бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах үед бид эсрэг байр суурьтай байсан. Ер нь Цөмийн энергийн газрыг татан буулгах нь буруу шийдвэр. Шударга ёс эвслийн уг хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа чуулган болон холбогдох байнгын хороон дээр нь илэрхийлэх болно.

Ч.Ариунболд

montsame


URL:

Сэтгэгдэл бичих