Танан Гарьд лигийг тэргүүллээ
Энэ өдрийн эхний тоглолт Лигийн хүснэгтийг 8 хожил 6 хожигдолтой 2-6 дугаар байрыг хуваан эзэлж байсан Увс Эрдэнэдрийлинг Ригс болон Хан Талстын Ирвэсүүд багийн хооронд боллоо. Тус тоглолтонд Ригс бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосноос гадна шинэхэн төвийн тоглогч Desmond Blue анхны тоглолтоо багтайгаа хийснээрээ онцлог байсан юм.
Харин эсрэгээрээ Хан Талстын Ирвэсүүд баг төвийн тоглогч Teeng Akol хувийн шалтгааны улмаас энэ тоглолтонд оролцох боломжгүй болсон нь тэдний хувьд тун муу мэдээ байсан гэхэд болно. Гэхдээ Ирвэсүүд тоглолтын эхнээс тун тэнцүү тоглолтыг үзүүлж эхэлсэн бөгөөд эхний үед Ригс баг маш хурдан солилцоо хийж, олон тоглогчийг гаргаж байсан юм. Энэ жилийн Шилдэг Амжилт нь Ахисан тоглогчийн шагналд хүчтэй өрсөлдөж буй Дорж-Арилд багаа тэргүүлэн эхний хагасыг өндөрлүүлсэн бол Ригсээс Will Giddings 20 оноогоор багаа тэргүүлсэн.
Тоглолтын хоёрдугаар хагас ч тун тэнцүү болж өнгөрсөн бөгөөд Ирвэсүүд хамгаалалтаа сайн хийхийг хичээж, хэд хэдэн удаа хамгаалалтаа сольж байлаа. Ригс холын зайнаас шидэгч ихтэй аюултай баг учир 3-2 гэсэн хамгаалалтыг хийж байсан нь үр дүнтэй байсан. Гэхдээ Ригс илүү байдлаа ашиглан будагтай талбайд илүү шахаж тоглож эхэлсэн нь Ирвэсүүд хамгаалалтаа 2-3 болгож өөрчлөхөөс өөр аргагүйд хүргэсэн юм. Гэхдээ урд шугамны 2 тоглогч нь маш идэвхитэй байж олон удаа бөмбөг таслалт хийж хурдан довтолгоогоор оноог маш ойрхон болгосон ч тоглолтын төгсгөлийг Ригс баг туршлага зааж, тун тайван хийснээр 112:105 харьцаатай ялалт байгуулж чадсан.
Тус тоглолтонд Ригсээс Will Giddings багаа тэргүүлэн 24 оноо, 5 самбар, 3 дамжуулалт өгсөн бол Desmond blue 21 оноо, 15 самбар, Н.Золжаргал 19 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, Chris Moore 13 оноо, 10 самбар, С.Өрнүүнбилэг 11 оноо, 6 самбар тус тус авч, будагтай талбайд илүү байж чадсанаараа ялалт байгууллаа
Харин Ирвэсүүдээс Дорж-Арилд 28 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Цэвэлдорж 26 оноо, 5 самбар, Чадраабал 19 оноо, 8 самбар, Баярбат 14 оноо, Mike Pugh 11 оноо, 11 самбар авсан. Mike Pugh энэ өдөр самбарт маш сайн тусалж байсныг онцлох нь зүйтэй.Эрдэнэдрийлинг Ригс багийн дараагийн учраа нь Өвөрхангай Гэгээн Хангай Лидер багтай хийх тоглолт байх бол, Ирвэсүүдийн ээлжит учраа нь Төв Аймгийн Төв Ургац баг байх юм.
Ригс өнөөдөр ялалт байгуулснаар лигийн хүснэгтийн 2-р байранд бичигдэж эхэлсэн бол Ирвэсүүд 6-р байрлуу уналаа.
Энэ өдрийн 2 дахь тоглолт Дорнод Танан Гарьд болон лигийг тэргүүлэгч Төв аймгийн Төв Ургац багуудын хооронд болсон. Танан Гарьд багийн хувьд 2-6 дугаар байранд 8 хожил 6 хожигдолтой бичигдэж байсан бол Төв Ургац баг лигийн 8 хожил 5 хожигдолтой тэргүүлж байсан юм. Тус тоглолтонд Танан Гарьд багийг анхны Супер Лигийн аварга болоход чухал нөлөөг үзүүлж байсан холбон тоглогч Антонио Жонс багтайгаа дахин нэгдсэн нь онцлог байлаа. Түүний хувьд солилцооны цонх хаагдахаас 1 хоногийн өмнө Гарьдуудын бүрэлдэхүүнд дахин нэгдээд байсан юм. Харин Төв Ургац баг 3 бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон юм.
Ийнхүү тоглолт эхлэхэд өмнөх хэд хэдэн тоглолтонд сэлгээнээс оролцоод байсан хамгаалагч Donald Boone Төв Ургацын гараанд гарсан бол, Гарьдуудаас Ц.Азбаяр сэлгээнээс тоглолтыг эхлүүлсэн юм. Тоглолтын эхнээс багийн ахлагч Б.Мөнхболд холын зайн 3 шидэлтээ дараалан оновчтой болгож тооны зөрүүг 10 болгосон нь Гарьдуудын хожил байгуулах том шалтгаан болсон. Мөн легионер тоглогч Mitchell Anderson, төвийн тоглогч Марко Павлович нар үүргээ ухамсарлан сайн тоглолтыг үзүүлж байсан нь Төв Ургац багт сэргэлт авах боломж олгосонгүй. Төв Ургац солилцоо хийж, хамгаалалтаа сольж байсан ч Гарьдууд тэр болгонд нь хариу барьж байлаа. Эхний хагасыг Гарьдууд илүүрхэн өндөрлүүлсэн.
Тоглолтын хоёрдугаар хагаст Антонио Жонс довтолгоонд илүү оролцож эхэлсэн нь Гарьдууд оноогоор улам холдох шалтгаан болсон.
Б.Мөнхболдын холын зайн шидэлтүүд ч үргэлжилж байсан бол, эхний хагаст тийм ч сайн байгаагүй О.Ууганбаяр мөн өөрийн тоглолтыг гаргаж эхэлсэн. Төв Ургац багаас Ц.Пүрэвдорж холын зайн хэд хэднэ шидэлтийг оновчтой болгосон бол Дэлгэрням самбар дор идэвхитэй тоглолт үзүүлж байсан. Гарьдуудаас тус тоглолтонд Б.Мөнхболд 22 оноо авч, 6 холын шидэлтийг оновчтой болгож багаа тэргүүлсэн бол О.Ууганбаяр 18 оноо, 8 самбар, A.Jones 18 оноо, 7 дамжуулалт, Mitchell Anderson 14 оноо, 14 самбар, Ц.Азбаяр 13 оноо, 6 дамжуулалт, Марко Павлович 11 оноо, 11 самбар авч багаараа жигд тоглолт үзүүллээ.
Харин Төв Ургац багаас Ц.Пүрэвдорж 19 оноо, Ц.Мэргэн 17 оноо, D.Boone 17 оноо, 14 самбар, Дэлгэрням 12 оноо, 11 самбар, F.Holmes 10 оноо, 10 самбар авсан ч энэ нь хожил байгуулахад хангалттай байсангүй.
Гарьдууд багаараа 48%-тай довтолсон бол Төв Ургац 42%-тай довтолсон. Холын зайнаас Гарьдууд 10 шидэлтээ оноо болгосон бол Төв Ургац ердөө 5 шидэлтийг оноо болгосон. Торгуулийн шидэлтийг Төв Ургац 35 шидсэн ч ердөө 20-ийг нь оноо болгосон бол Танан 14 шидэж, 9-ийг нь оновчтой болгосон юм. Торгуулийн шидэлтийг тааруу гүйцэтгэсэн нь Төв Ургацын хожигдлын том шалтгаан болсон юм.
Эх сурвалж: http://www.ssport.mn/p/686
URL: