Нарантуулын 16 хулгайчийг баяр өнгөртөл саатуулна
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан халаасны хулгай хийдэг хүмүүсийг саатуулжээ. Тодруулбал, хүн амын төвлөрөл ихтэй худалдааны төвүүдэд халаасны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа бөгөөд амралтын өдрүүдэд цагдаагийн албан хаагчид Нарантуул худалдааны төвийн цагдаагийн хэлтсийн судалгаанд байдаг 16 хүнийг хүний хөдөлгөөн ихэсдэг 12:00-18:00 цагийн хооронд түр саатуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн байнга халаасны хулгай хийдэг найман эрэгтэй, найман эмэгтэйг сар шинийн баярыг өнгөртөл саатуулахаар болжээ. Цагдаагийн байгууллагаас “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаатай холбогдуулан хүний хөдөлгөөн ихтэй томоохон худалдааны төвүүд, олон нийтийн тээврийн хэрэгсэл болон үзэсгэлэн худалдаагаар их хэмжээний бэлэн мөнгөтэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: