БИЕЛЭСЭН ЧӨТГӨРИЙГ ДАРСАН ГАЛСАНДОНДОГ ЛАМ
Ардын хувьсгал гарахаас өмнө Зүүн хүрээнд Галсандондог гэлэн гэж сонин хүн амьдарч байсан гэдэг. Тэр лам мэргэ төлгө тавиулах гэж очсон хүний нүүр царай руу хэзээ ч тандаж хардаггүй, зэс тоногтой хүрэн авдартайгаа ярилцаж мэргэлдэг нэгэн байсан гэдэг. Амгаланбаатар хотын монголчууд Наймаа хотоор дүүрсэн хятадуудын хөлд багагүй дарагдаж, энэ хирээр зөрчил тэмцэл их гарч байжээ. Боломж олдвол монголчууд хятад хүний, хятадууд монгол хүний аминд хүрэх явдал ч их болсон байна. Тэгтэл хятадууд нэг муу арга хэрэглэж эхэлсэн аж. Тэд монголчуудын сүсэг бишрэлд хэт автсан байдлыг овжноор ашиглан сүнс чөтгөрөөр айлгаж байгаад нүүлгэчихдэг, нүүснийх нь дараа буурин дээр нь ногоо тарьдаг болжээ. Гэвч тэдний энэ увайгүй аргыг Галсандондог гэлэн нам дарсан гэдэг.
Амгаланбаатар хот даяараа ажилсаг чамбайгаараа алдартай Должин эмгэний ач охин Мядагмаа зээлийн газраас ойр зуурын хэрэгцээний зүйлээ аваад оройхон тийшээ харьж явтал зэгэл саарал хүн дүрст амьтан хажуунаас нь хоёр гараа сарвайсаар гараад иржээ. Мядагмаа охин ч үүрч явсан зүйлээ хаяад ум хумгүй зугтаж гэртээ хариад “Чөтгөр, чөтгөр” гэж хашгиран ухаан алдаж унасан байна. Тэр хавьдаа алдартай лам, чойжингуудад үзүүлэхэд бүсгүйн биед чөтгөр шүглэж, одоо хүн биш чөтгөр болсон байна хэмээн ам уралдан айлдацгаасан аж. Охины нь биед шүглэж шингэсэн чөтгөрийг хөөх гүрэм, сэрээ дарах зан үйлийн бэлтгэл гэж Должин эмгэний хамаг хөрөнгийг хуу хамж мэдэхээр их юм шаардагдаж байжээ. Гал нь дээр нь гарч, гар дээр нь өссөн ач охиноо аврахын тулд Должин хөгшин модоо барихаас ч буцахгүй байж. Тэгтэл нэг хүн “Та Зүүн хүрээний Галсандондог гэлэн дээр очоод үз. Тэр хүн хэнээс ч өргөл барьц авдаггүй юм гэнэ лээ тиймээс хоромжтой юм биш охиноо үзүүл” гэж зөвлөжээ.
Должин эмгэн ч даруй Галсандондог ламыг асууж сурагласаар гэрт нь очиход лагс том биетэй хүн хоймор луугаа хараад сууж байна гэнэ. Хэрэг зоригоо хэлж аврал энэрэл хүсэхэд сонсч байгаа эсэх нь үл мэдэгдэх байдалтай суугаад л байж. Эмгэн “Та ядахдаа над руу харж адис өгч хайрлана уу” хэмээн унаж сунан мөргөвөл лам “Хол бай” гэхээс өөр үгийг хэлээгүй байна. Тэгснээ “Та тэр зальтай этгээдийг олж цээрлүүлж өгнө үү? Хөөрхий охины бие тааруухан байгаа гэнэ. Түүний биеийг илааршуулж, хийморь сүлдийг нь буцааж егнө үү” гэж ганцаараа ярьж гарчээ. Тэгтэл хачирхалтай явдал болох нь тэр. Зэс тоногтой том хүрэн авдрын урд талын хаалга торхийн онгойж нэг шаазан унагаад тапхийтэл хаагджээ. Харсаар байтал авдар өөрөө онгойж хаагдсан учир Должин хөгшин зогсоо чөлөөгүи наманчилж байтал Галсандондог лам нөгөө шаазан эдлэлийг авч мөрөн дээгүүрээ давуулан эмгэнд өгөөд “Үүнийг аваачаад охиныхоо толгойн тушаа газар элсэн ширхэг болтол үйчиж хая. Тэгээд зүгээр. Чөтгөр өөрөөс тань уучлал хүсэх болно” гэжээ.
Эмгэн яаран гарч сүйх тэрэг хөлслөн Амгалан руу давхижээ. Бүх зүйлийг Галсандондог ламын хэлснээр хийж гүйцэтгэвэл охины магнай дээгүүр хөлс бурзайж, хацар нүүрэнд нь улаан туяа татаад “ёох, би яасан удаан унтав аа” хэмээсээр босч иржээ. Тэр орой нь Заяат гэгч хужаа эр эмгэнийд ирж тэдний эзэмшлийн том сайхан газрыг өөрийн болгож авахын тулд хараалч хүнээр муу ёрыг биежүүлдэг үнсэн саарал өнгийн шунх аваад хамаг биеэ будаж охиныг нь айлгасан гэдгээ хэлээд зах дээрээс худалдаж аваад явж байсан эд зүйлсийг тоо ёсоор нь мөн дээр нь гурван мөнгөн янчаан нэмж өгсөн гэдэг.
URL: