Бөөнөөр хорих хуаран Освенцимын аймшиг
Нэгэн зураг дээр жаал хүүг гэр бүлээс нь салгаж буй аймшигт дүр зураг буусан байв. Дарвайтлаа уйлах хүү гараа аав руугаа сунгах авч Германы нэг офицер түүнийг тас тэвэрсэн байлаа. Өөр нэг зураг дээр хүмүүсийг үй олноор нь шатаах зуухны дэргэд шоронгийн хянагч тайван гэгч суугаад тамхи татах аж. Түүний цаахна ачааны тэргэн дээр нас барсан хүмүүсийн цогцсыг ачиж харагдана. Бас нэг зураг дээр зураач галт тэрэгний цувааг дүрсэлсэн бөгөөд түүгээр олон зуун жүүд гэр бүлийг хаашаа ч юм илгээж байгаа дүр зураг үлджээ. Гар зургуудыг зураач эр найдвартай газар нуусан байна. Хэрэв зургууд илэрсэн бол тэрбээр тэр даруй цаазлагдах байсан нь тодорхой. Хэзээ нэгэн цагт түүний бүтээлийг хүмүүс олж 4 сая орчим хүний эцсийн зогсоол болсон Освенцим гэгч аймшигт шоронгийн бодит байдал дэлгэгдэнэ гэж зураач найдсан бололтой. Зургууд дээр огноо байхгүй бөгөөд хуарангийн гол хаалганы өргөтгөл 1943 оны сүүлээр хийгдсэн гэхээр зураг түүнээс өмнө бүтээгдсэн байх талтай юм. Учир нь, зургууд дээр энэ хаалга дүрслэгдээгүй байна. Нийтдээ энэ бөөнөөр хорих лагерийн архивт нацизмын аймшигт яргаллыг гэрчлэх 6 мянга орчим бүтээл хадгалагдаж байдаг аж.
URL: