Эцэг эхээс хамааралгүй хромосомын өөрчлөлттэй хүүхэд төрөх нь бий
Удамшлын эмгэгийн шалтгаан, ийм эмгэгтэй хүүхэд төрөхөөс хэрхэн сэргийлэх талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн удамшлын эмч, анагаах ухааны доктор Ө.Оюунчимэгтэй ярилцлаа.
-Удамшлын эмгэг гэж юу вэ?
-Удмын сан, түүний бүтцийн төвшинд гарсан өөрчлөлтийн улмаас үүсэх эмгэг өөрчлөлтийг удамшлын эмгэг гэж нэрлэдэг. Энэ өвчнийг хүмүүс төрөлхийн эмгэгтэй андуурах нь бий. Төрөлхийн эмгэг нь удамшлын эмгэгээс илүү өргөн хүрээний ойлголт юм. Удамшлын бүтцийн аль төвшинд өөрчлөлт гарснаас хамаараад эмгэгийг нь генийн болон хромосомын эмгэг гэж ангилдаг. Цаашилбал, хүний биеийн хромосомын төвшинд гарсан өөрчлөлт, бэлгийн хромосомын төвшинд гарсан өөрчлөлтийн улмаас үүссэн эмгэг гэж ангилдаг.
-Сүүлийн үед төрөлхийн болон удамшлын эмгэгтэй хүүхэд төрөх нь ихэссэн. Шалтгаан нь юу вэ?
-Удамшлын болоод удамшлын бус шалтгаантай гэж үздэг ч тухайн улс орны хөгжил, зан заншил, эрүүл мэндийн тогтолцооны хөгжил, хүмүүсийн эрүүл мэндийн боловсролын төвшин гэх мэт олон зүйлээс хамаарч шалтгаан нь улс болгонд харилцан адилгүй байдаг. Манай орны хувьд химийн бодисын хадгалалт, аюулгүй байдал найдвартай биш, ашигт малтмалаа зарим талаар эрсдэлтэй аргаар олборлодог, ус, хөрс, агаарын бохирдол ихтэй, хүнсний аюулгүй байдал хангагдаагүйтэй холбоотой. Мөн архи, тамхины хэвийн бус хэрэглээ, өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхийн оронд өвдсөн хойноо эмч нарт даатгадаг, идэвхгүй дадал зуршилтай зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
-Хүүхдэд эцэг, эхийнх нь эмгэг удамших уу?
-Ингэж ойлгож болохгүй. Үе болгонд эсвэл тодорхой үед илрэх эмгэг байдаг бөгөөд удам судраас үл хамааран хэнд ч тохиолдож болох хромосомын төвшинд өөрчлөлттэй хүүхэд төрөх тохиолдол бий. Тухайлбал, 800-1000 төрөлт тутамд дауны хам шинжтэй хүүхэд нэг төрдөг гэж үздэг. Эхийн нас ахих тутам дауны хам шинжтэй хүүхэд төрөх магадлал нэмэгддэг. Жишээ нь,15-19 настай эхчүүдийн хувьд 1250 төрөлтөд нэг, 32 насанд 750 төрөлтөд нэг, 35 насанд 350 төрөлтөд нэг, 45 наснаас дээш 25 төрөлтөд нэг тохиолдох магадлалтай гэж үздэг. Энэ талын оношлогоог жирэмсний ямар хугацаанд хийлгэх талаар жирэмсэн эмэгтэйчүүд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.
-Төрөлхийн эмгэгийн удамшлын бус шалтгаанд ямар хүчин зүйлүүд ордог вэ?
-Физик, хими, биологи, механик хүчин зүйлс гэж ангилдаг. Химийн хүчин зүйлд эмийн болон ахуйн, үйлдвэрлэлд хэрэглэдэг төрөл бүрийн химийн нэгдлүүд багтана. Ургийн хөгжилд халгаатай хамгийн том сургамжийг талидомид гэдэг эм үлдээдэг. Талидомидыг тайвшруулах, өвчин намдаах зорилгоор хүмүүс өргөн хэрэглэснээс мөчдийн гажигтай хүүхэд төрөх болсныг тандалтын судалгаагаар тогтоож эмийн үйлдвэрлэлийг зогсоосон гэдэг. Агаарын найрлага дахь хортой бодис ч химийн томоохон хүчин зүйлд ордог. Харин улаанууд, херпес, цитомегаловирусийн халдварууд ургийн хэвийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг биологийн хүчин зүйлд ордгийг анхаарах хэрэгтэй.
-Агаарын бохирдол ургийн хөгжилд ямар нөлөөтэй вэ?
-Агаарын бохирдол нь нийслэл төдийгүй бусад бүс хэсгүүдэд ч тулгамдсан асуудал болоод байна. Тээврийн хэрэгсэл, цахилгаан станц, уурын зуух, аж үйлдвэр, айлын яндангаас ялгарч буй утаа тортогт агуулагдах хагас задралын хортой бодис агаарыг их хэмжээгээр бохирдуулагч хүчин зүйлийн нэг. Үүний улмаас уушгины болон амьсгалын замын өвчнөөр өвчлөх, ургийн өсөлт саатах, дутуу төрөх, бага жинтэй хүүхэд төрөх зэрэг сөрөг нөлөө илэрдэг нь олон улсын туршилтын судалгаагаар батлагдсан.
-Уул уурхайн үйл ажиллагаанд хэрэглэж байгаа химийн бодис нь төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхэд төрөх шалтгаан болох уу?
-Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд орчны болон хүмүүсийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангадгийг мэдэхгүй юм. Ямар ч байсан тодорхой хяналт тавьдаг гэж найдаж байна. Харин гар аргаар алт олборлодог, хүмүүс химийн бодисын хожмын хор хөнөөлийг мэдэхгүйн улмаас замбараагүй хэрэглэж байна. Тэр дундаа залуухан, ид нөхөн үржихүйн насны хүмүүс ихэвчлэн энэ ажлыг хийж байгаа нь эмзэглэл төрүүлдэг. Хожмын үед гарах хор нөлөөг багасгахын тулд нийгмийн талаас нь шийдэхгүй бол дан ганц хортой бодисын тухай яриад үр дүн гарахгүй. Төрөөс энэ талд зохицуулалт хийж, хүмүүс өөрсдөө эрүүл байхын тулд аюулгүй орчинд ажиллах хэрэгтэй.
-Зохиомлоор үр тогтоолгож төрсөн хүүхдийн удамшилд ямар нэгэн сөрөг нөлөө илрэх үү?
-Үр тогтоох эмчилгээний үйлдэл нь зөвхөн эр, эм бэлгийн эсийг нийлүүлэх явдал учраас удмын мэдээлэлд сөрөг нөлөөгүй. Тухайн хүмүүсийн өөрийнх нь удмын мэдээллүүд үр тогтоход солилцож, хэн хэнийх нь шинж төрхийг агуулсан хүүхэд төрдөг. Харин үр тогтоолгож буй хосууд ахимаг настай бол бэлгийн эсийн буруу хуваарилалт явагдах магадлал өндөрсдөг. Тиймээс удамшлын эмгэгийг эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах ёстой.
-Сөрөг ааш авир, зан үйл удамших тохиолдол хэр элбэг байдаг бол?
-Нийгэмд сөргөөр нөлөөлөх зан үйл нь тухайн хүний амьдралын явцад тогтсон зан үйл байж болох ч үүнийг судалсан сонирхолтой судалгаа байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүд архи уувал ураг хордож архины хам шинжтэй хүүхэд төрдөг. Хүн харахад гар хөл бүтэн, бусдын адил харагдах ч ийм хам шинжтэй төрсөн хүмүүсийн дунд судалгаа хийхэд өөр үр дүн гарсан байна. Тэдний олонхи нь хар тамхичин, хулгайч, харгис хэрцгий алуурчид, мөрийтэй тоглоомчид гэх мэт нийгэм, хүмүүстэй зохицон амьдрах чадваргүй зан үйлийн гажуудалтай хүмүүс байсныг судлаачдын анхаарлыг татсан байдаг.
-Эмчийн хяналтад тогтмол байдаг хэрнээ жирэмсэн эхчүүдийн хүндрэл, нярайн эндэгдэл буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Нярайн өвчлөл, эндэгдлийг буурахгүй байгааг эмч нарын мэдлэг, хариуцлага, багаж тоног төхөөрөмж гэх мэт олон зүйлтэй холбож болно. Үүнээс гадна жирэмсэн эхчүүд жирэмслэхийн өмнө бэлтгэлийг сайн хангах хэрэгтэй. Эмч нар жирэмсэн болсон эхийг хяналтандаа авах журмаараа авч хянадаг. Зарим үед бордож арчлаагүй хөрсөн дээр тарьсан ногоог арчилж ургуулахтай адил зүйл тохиолддог. Суурь өвчнөө эмчлээгүй, өөрийгөө эрүүлжүүлээгүй жирэмсэлснээс архаг хууч өвчин сэдэрч жирэмсний үеийн хүндрэл, улмаар эх, нярай эндэхэд хүргэдэг тохиолдол цөөнгүй. Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад жирэмслэхийн өмнөх бэлтгэлд их ач холбогдол өгдөг. Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэхээр шийдсэн бол биеэ бэлтгэх хэрэгтэй гэдэг ойлголттой байдаг. Тиймээс жирэмсний хяналтын үед хүндрэл бага гарч, эх, хүүхдийн эндэгдэл бага байдаг.
-Төрөлхийн хөгжлийн гажигтай хүүхдийн тоог бууруулах чиглэлд эмч нар ямар ажил хийж байна вэ?
-Энэ нь дан ганц эрүүл мэндийн салбарын асуудал биш. Эрүүл бие, саруул ухаантай хүүхэд төрүүлэхийн тулд эхчүүд өөрсдийгөө жирэмслэхийн өмнө бэлтгэх ёстой. Ургийн хөгжилд сөргөөр нөлөөлж болох хортой хүчин зүйлс, ургийн хөгжлийн гажгийг эрт илрүүлэх шинжилгээ урьдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна бодлогын төвшинд шийдэх, дэмжих асуудал маш чухал юм. Учир нь эхийн хэвлий дэх урагт илрэх төрөлхийн болон удамшлын эмгэгийг эрт илрүүлэх, оношлох шинжилгээний тоног төхөөрөмж өртөг өндөртэй байдаг.
Иймээс эцэг, эхчүүд хүүхэдтэй болохоор шийдсэн бол хариуцлагатай байх хэрэгтэй. Архаг хууч эмгэгтэй бол эмчлүүлж, эрүүлжих, нарийн мэргэжлийн эмчид хандаж жирэмслэхэд сөргөөр нөлөөлөх зүйл байгаа эсэхийг тодруулах нь чухал. Ялангуяа даралт ихсэх, элэгний архаг үрэвсэл, сахарын шижин оношлогдсон тохиолдолд анхаарах шаардлагатай. Хүүхэд төрүүлэхэд биеэ бэлтгэхээс гадна сэтгэл зүй, эдийн засгийн боломжоо эртнээс төлөвлөх нь ирээдүйд төрөх хүүхдийн амьдралын баталгаа болно.
Б.Сэлэнгэ
URL: