СХД-ийн Ахмадын холбооны өдөрлөг боллоо

DSC_0152

Сонгино хайрхан дүүргийн МАН-ын дэргэдэх Ахмадын холбооны өдөрлөг Тусгаар тогтнолын ордонд боллоо. Сар шинийн баярыг угтсан, мөн дүүрэг орон нутгийнхаа хөгжлийн төлөө хамтдаа зүтгэсэн нэг жилийн ажлаа тайлагнан, үр дүнг хэлэлцсэн энэхүү баярын хурал, өдөрлөгт Сонгино хайрхан дүүргийн 32 үүрийн төлөөлөл болсон 800 гаруй ахмад оролцсон юм.

СХД-ийн МАН-ын хороо, түүний дэргэдэх Ахмадын холбоо хамтран нийслэлийн дүүргүүдэд Ахмадын өдөрлөгийн үе шаттайгаар зохион байгуулж буй аж. Гол зорилго нь намын анхан шатны байгууллагуудыг танилцуулах, туршлага судлуулах гэдгийг тус дүүргийн Ахмадын холбооны тэргүүн П.Самдан хэлж байна.

Өдөрлөгт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр оролцон МАН-ын бүлгийн зүгээс ахмадуудад чиглэсэн ямар ажлуудыг санаачлан зохион байгуулж байгаа талаар товч мэдээлэл өглөө. Тэрбээр “МАН тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлд санал санаачлага гарган Засгийн газарт шаардлага тавин ажиллаж байна. Ингэснээр жилдээ 85 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжтой бөгөөд энэ нь өндөр настаны тэтгэвэр авч байгаа 218 мянган ахмадаар тооцвол жилд нэг хүн 384 мянга буюу сар бүр 32 мянган төгрөг нэмж авах тооцоо гарч буй” гэдгийг ахмадуудад дуулгалаа. Түүнчлэн “Ач санах хууль” буюу ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг МАН-ын бүлэг санаачилжээ. Энэ нь өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хөдөлмөрийн чадамжтай ахмадуудын ажил эрхлэх боломжийг татварын бодлогоор зохицуулсан хуулийн төсөл аж. Тухайлбал, ахмад настанг ажилд авсан тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлээс 100 хувь чөлөөлдөг, тухайн ахмад настан нь хагас цагаар ажилладаг байх гэх мэт аль аль талынхаа хэрэгцээ шаардлагыг хангасан зүйлсийг тусгасан гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Харин УИХ-ын гишүүн Д.Сумьябазар СХД-ийн МАН-ын хорооны дарга, мөн тус дүүргээс сонгогдсон гишүүний хувьд 2014 онд дүүрэгтээ хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагналаа. Тодруулбал, 2015 онд дүүрэг, орон нутагт хийх ажлууд, ялангуяа 2008-2015 оны хооронд царцаасан хөрөнгө оруулалттай холбоотойгоор сургууль, цэцэрлэг, боловсрол, эрүүл мэндийн салбарт чамгүй хөрөнгө оруулалтыг улсын төсөвт тусган батлуулж чадсаныг онцолж байлаа. Түүнчлэн спортын байгууламжтай болох ёстой гэсэн байр суурийг баримталж 2015 онд тус дүүрэгт Спорт цогцолбор барьж энэ оны гуравдугаар улиралд ашиглалтад оруулах зорилт тавьж, холбогдох байгууллагуудтай байгааг хэллээ.

Өдөрлөгийн үеэр МАН-д СХД-ээс гишүүнээр элсэж буй залууст намын батлах гардуулахын зэрэгцээ дүүрэгтээ идэвхи санаачлагатай ажилласан есөн ахмадыг тодруулж өргөмжлөл мөнгөн шагналын хамт гардуулсан юм. Түүнчлэн энэ үеэр тус дүүргийн үүр хороодууд хийсэн ажлаа тайлагнасан зураг самбар болон өөрсдийн урласан дээл хувцас, хэрэгслээр үзэсгэлэн гаргасан байлаа. Ийнхүү эх орныхоо төлөө ихийг хийж бүтээсэн ахмад буурлууд хийсэн бүтээснээ дүгнэн хэлэлцэхийн зэрэгцээ урлагын тоглолт үзэн, бужиг бүжиглэж, дуур хууртай нэг өдрийг өнгөрүүллээ.

DSC_0113 DSC_0119 TOK_0550 TOK_0641


URL:

Сэтгэгдэл бичих