Минскт дахин уулзаж, энхийн хэлэлцээ хийхээр тохиролцов
Францын Ерөнхийлегч Франсуа Олланд, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар өнгөрсөн баасан гаригийн орой Москвад хүрэлцэн очиж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзаж, Украины дайны байдлыг намжаах талаар зургаан цагийн турш хэлэлцжээ. Тэд уулзсан даруйдаа Украины нөхцөл байдлын талаар ярилцаж эхэлсэн тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдээлсэн байна.
Гурван тэргүүний хэлэлцээрийг сурвалжлах гэсэн гурван орны 70 гаруй сэтгүүлч цугларсан ч дотогш нэвтрүүлэхийг хориглож, хэлэлцээр хаалттай болсон тул энэ талаархи мэдээлэл, уулзалтын үр дүн, хамтарсан баримт бичгийн тухай мэдээллийг ойрын хугацаанд өгөхөө хэвлэлийн төлөөлөгч нь амласан байна. Украины зүүн өмнөд хэсэг дэх нөхцөл байдлыг тогтворжуулах талаар Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар В.Путинтэй уулзахын өмнө энхийн төлөвлөгөө боловсруулсны дотор Украинд 50, 70 км газар нутгийг хамруулан цэрэг зэвсэггүй бүс байгуулах тухай тусгасан байна. Гэхдээ уг төлөвлөгөө хэрэгжих боломжтой эсэх нь удахгүй мэдэгдэнэ гэж ХБНГУ-ын Гадаад харилцааны яамны тэргүүн Франк-Вальтер Штайнмайер телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр мэдээлжээ.
АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, Олланд-Меркелийн төлөвлөгөө Минскийн гэрээтэй нийцэж байгаа бөгөөд хэрэгжүүлэх тодорхои арга, алхмуудыг заажээ. Ингэхдээ Төрийн департамент энэ төлөвлөгөө амжилттай хэрэгжинэ гэдэгт эргэлзэж буйгаа ч нуусангүй. Хамгийн сүүлд Германы талаас өгсөн мэдээллээр, ОХУ, Украин, Герман, Францын удирдагчид ирэх лхагва гаригт Беларусийн нийслэл Минскт уулзаж, зүүн Украины хямралыг намжаах энхийн төлөвлөгөөг хэлэлцэхээр тохиролцсон байна. Энэ шийдвэрийг Москвад болсон гурван удирдагчийн уулзалтаар гаргаагүй бөгөөд өчигдөр дөрвөн тал утсаар холбогдож ярилцсан аж. Шинээр энхийн хэлэлцээ хийх ажлыг Германы канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нар удирдаж, нөгөө талаар зуучлан явуулах юм. Өмнө нь буюу өнгөреөн есдүгээр сард Минскт болсон уулзалтаар талууд гал зогсоох хэлэлцээр байгуулсан ч хэрэгжилт хэдхэн хоногийн настай байсан юм. Удирдагчид ийн дахин нэг энхийн хэлэлцээ хийх шийдвэр гаргаж байх зуур зүүн Украинд мөргөлдөөн үргэлжилж байсан. Өчигдөр л гэхэд найман хүн амиа алдсан талаар “ВВС” мэдээлжээ.
Т.Мишээл /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: