С.Ганбаатар нарын гомдол сайдыг огцруулснаар тайлагдах уу
Ч.Сайханбилэгийн Засгийн газар Шинэчлэлийн Засгийн газар шиг бие даагчдыг тоож, ямар нэг албан тушаал өгөөгүй. Учир нь тэд УИХ дахь нам, эвслийн бүлэгт хамтран ажиллах санал тавьж, засагт хамтарсан. Түүнээс биш бие даагчдын амыг хаахын тулд тэдэнтэй хамтрахыг хүссэнгүй. Н.Алтанхуягийн Засгийн газар өмнө нь бие даагч гишүүд болох С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарт Иргэний нисэхийн ерөнхий газрын эрх мэдлийг өгч, өөрсдийнхөө ах дүү, найз нөхдөө тус газарт албан тушаалтнаар аваачих боломжийг нь олгосон. Үүнээс болж ИНЕГ-т бие даагчдын ноёрхол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тогтсон. ЯлангуяаУИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар ИНЕГ-ын удирдлагуудыг мөрөөрөө ажлаа хийхэд нь их ч саад болсон хүмүүс.
ИНЕГ-ыг өөрсдийн мэдэлдээ байлгах хугацаандаа Н.Алтанхуягийн Засгийн газар руу төдийлөн хатуу үг “нисгэж”, засгийг шүүмжлэлийн бай болгоогүй. Харин тодорхой хуулийн төслүүд дээр байр сууриа илэрхийлдэг байснаас биш тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд амаа хамхисан гэхэд буруудахгүй.
Харин энэ удаа бие даагч гишүүд гэдгийг харуулах гэж оролдон сайдыг огцруулах тавьжээ. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулж, хариуцлага тооцохгүй л бол болохгүй гэж тэд үзлээ. Бие даагчдаас гадна УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар хамтарсан байна.
Тэд С.Баярцогтыг дараах үндэслэлээр огцрох ёстой гэж үзжээ. Гол агуулга нь С.Баярцогтыг төсвийн мөнгийг шамшигдуулсан гэж. Тодруулбал “2015 оны төсвийн тодотголд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан. Ингэхдээ урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Ийнхүү улсын төсвийн хөрөнгийг шамшигдуулсан тул огцруулах саналыг өргөн барьж байна” гэжээ.
Бие даагчид болон зарим гишүүн яагаад түүнийг огцруулахаар улстөржиж буй нь тодорхой. Өөрсдийг нь нам нь, засаг нь тоогоогүй учир популизм хийж, өөрсдийгөө дөвийлгөж, гомдлоо тайлахыг оролдож буй бололтой. Тэдэнд бүгдэд нь энэхүү тогтоолын төслийг өргөн барих хувь хүний үзэн ядалт бий.
С.Ганбаатарын хувьд С.Баярцогтод дургүй. Тэрбээр Оюутолгойн гэрээ тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт гэрээ байгуулахад гарын үсэг зурсан учир түүнд дургүй. Оюутолгойн гэрээ ард түмэнд ашиггүй, муу гэрээ болсон гэж хэдэн жил улстөржиж, С.Баярцогттой халз мэтгэлцээн хүртэл хийгээд авсан удаатай.
Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын хувьд С.Баярцогтод мөн л дургүй болчихсон. Түүний найз Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бие даагч гишүүдэд албан тушаал өгөөгүй учир тэд ингэж хорсож буй. Хоолноос нь салгасан болохоор арга ч үгүй биз дээ. Тэд үүнийгээ ч илэрхийлж, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад шүүмжлэхээс өөрийг яриагүй юм.
Г.Уянга, Л.Цог нар намынхаа эсэргүү гишүүд. Г.Уянгын хувьдЧ.Сайханбилэгийн Засгийн газрыг анхнаас нь эсэргүүцэж байсан.АН МАН-тай хамтарч засаг байгуулсан нь түүний дургүйцлийг хүргээд буй. Уг нь “Шударга ёс” эвсэл нь Засгийн газарт хамтарсан ч, тэрбээршүүмжилсээр ирсэн.УИХ-ын дэд дарга Л.Цог бол Засгийн газрыг битгий хэл намдаа шүүмжлэлтэй ханддаг. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөлд гарын үсгээ бичсэний дараагаар намынхаа дарга Н.Энхбаярт багагүй шүүмжлүүлсэн. Гэвч үүнийг тоолгүй, “намаасаа гарсан ч яахав” хэмээн ярьж байсан.
Эдгээр гишүүд ийн нэгдэж буй нь цаашдаа С.Ганбаатарын байгуулах намд хамтарч ажиллах нь уу гэж харагдаж байна. Зарим нэг гишүүд нь С.Ганбаатар “ХҮН” гэх намд орох нь гэх яриа нэлээд сонсогдож эхэлсэн. Үүнийгээ ч үгүйсгэхгүй байгаа. Шинэ нам байгуулж, цаашдын ажлаа эхлүүлэхээр зорьж буй эдгээр гишүүд өнөөдөр ард түмэнд таалагдахын тулд ярьж, хэлж эхлэв бололтой. Ямартай ч маргааш С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг огцруулах асуудлыг тавьсан дээрх гишүүдийг хэр олон гишүүн дэмжих бол.
Ц.Гэрэл
zaluu.com
URL: