А.Батхуяг: Өндөр албан тушаалтнуудын 30 хувь нь ХОМ-ээ өгөөд байна
Төрийн албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-н гэхэд хөрөнгө орлого, ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т гаргах үүрэгтэй. Нийт 51 мянган хүн мэдүүлэг гаргах ёстойгоос энэ жил 18 мянгыг нь хасчээ. Энэ тухай болон мэдүүлэг гаргах ажлын явцыг АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга А.Батхуягаас тодрууллаа.
-Төрийн албан тушаалтнууд хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ долоо хоногт дуусна. Мэдүүлэг гаргах явц ямар байна вэ?
-Одоогоор 70 орчим хувьтай байна.
-Энэ жил 18 мянган хүн мэдүүлэг гаргах шаардлагагүй болсон гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан шинэчилсэн жагсаалтаар 51 мянган албан хаагчаас 18 мянга нь хасагдаж байгаа. Тэд авлига, ашиг сонирхлын эрсдэл багатай албан тушаалтнууд. Шийдвэр гаргахад оролцдоггүй, хяналт шалгалт хийдэггүй албан тушаалтнуудыг үлдээсэн гэж ойлгож болно.
-Тэдгээр албан тушаалтан голдуу аль байгууллагынх вэ. Нийслэлд үү, орон нутагт олонх байна уу?
-Нийслэл, орон нутагт ялгаагүй. Төрийн тусгай байгууллагуудын албан хаагч хасагдаж байгаа.
-Төрийн өндөр албан тушаалтнууд хэр урагштай мэдүүлгээ өгч байх юм?
-286 төрийн өндөр албан тушаалтан АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос 30 орчим хувь нь л мэдүүлгээ өгөөд байна.
Б.Заяа
Зууны мэдээ
URL: