С.Баярцогтын тайлбар л сонин байна. Батаар, Оюутолгой хоёр өөр шүү дээ
Эдийн засаг хүнд байгаа энэ үед олон нийтийн бухимдлыг нэмж өрдөх ээлжит шуугиан өнгөрсөн долоо хоногт дэгдлээ. Энэ нь АНУ-ын “Painter Law Firm” хэмээх компаниас Оюутолгойн асуудал дээр зөвлөгөө авах 17 тэрбум 500 сая төгрөгийн төлбөрийг оны төсвийн зардалд суулгаж өгсөн явдал байв. Энэ талаархи мэдээлэл, 2015 оны нэгдүгээр сарын 19-нд Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Болорт хүргүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг, тамгатай Засгийн газрын эх үүсвэрээр болон улсын төсвөөс эргэн төлөх нөхцөлтэйгөөр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтын төсөл зэрэг нь олон нийтийн сүлжээгээр ил болоод байгаа юм.
Уг жагсаалтад тэмдэглэснээр, “Painter Law Firm” компанитай байгуулсан гэрээний хүрээнд 455 сая төгрөгийн урьдчилгааг тус компанид хэдийнэ шилжүүлээд байгаа аж. Түүнчлэн энэ асуудалтай холбоотойгоор УЙХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогтыг огцруулах санал гаргаж, өнгөрсөн баасан гаригт УИХ-ын дарга З.Энхболдод өргөн бариад байна. Тэд уг саналдаа “Монгол Улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тодотгол хийх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюутолгой” ТӨХК-д хуулийн зөвлөгөө авах нэрийдлээр АНУ-ын “Painter Law” нэртэй, гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай хийсэн гэрээ ёсоор 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг 2015 оны төсөвт тусгуулсан бөгөөд урьдчилгаа төлбөр 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь татвар төлөгчийн хөрөнгө, төсвийн мөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна гэж үзэж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Сангажавын Баярцогтыг огцруулах санал өргөн барьж байна” гэжээ.
Төсвийг тодотгоод, батлаад хэдийнэ өнгөрчихөөд байхад хэдэн тэрбумаар яригдах энэ зардлын талаар өдий хүртэл хэн ч, яагаад мэдээлээгүй вэ гэдгээс эхлээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулах санал өргөн барих хэмжээнд асуудал үүсгээд буй энэ шуугиантай холбоотой тодорхойгүй, тодруулах шаардлагатай зүйл олон байна. Гэхдээ энэ бүхнийг түр орхиод зарчмын гол зүйлийг анхааран харъя.
Ер нь бол улс орон ч бай, компани ч бай томоохон төсел, хөтөлбөр хэрэгжүүлэхэд, хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулж, гэрээ” хэлцэл хийхдээ олон улсын хэмжээнд нэр нөлөө бүхий, туршлагажсан, мэргэжлийн хуулийн фирмүүдээс зөвлөгөө авдаг дэлхий нийтийн жишиг бий. Энэ тал дээр туршлага багатай манай улсын хувьд гаднынхнаас зөвлөгөө авах нь зайлшгүй нэг шаардлага болчихоод байгаа. Ялангуяа дэлхийд томоохонд тооцогдох Оюутолгойн төслийн ажил хоёр жил гаруйн хугацаанд гацаж, хамгийн сүүлд хөрөнгө оруулагч “Рио Тинто” компанийн зүгээс тавьсан шаардлага Монголын Улсын Засгийн газрыг олон улсын арбитрын шүүхэд хандахад хүргэж болзошгүй нөхцөл байдал үүсээд буй энэ үед “Эрдэнэс Оюутолгой”-д зөвлөх үйлчилгээ авах нь зөв зүйтэй шийдвэр байж болох юм.
Гэхдээ хэнээс зөвлөгөө авах, бидэнд зөвлөгөө өгөх гэж буй компани хэр сайн туршлагатай, хэн, ямар шалгуураар тэднийг сонгосон, зөвлөх үйлчилгээ авсныхаа төлөө хэр хэмжээний төлбөр төлөх, яагаад тийм хэмжээний төлбөр төлж байгаа вэ гэдэг олон асуултын хариулт энд тодорхой байх ёстой. Энэ бол зарчмын асуудал. Тэгвэл бидний 17.5 тэрбум төгрөг төлөх гэж байгаа “Painter Law Firm”-ийн хувьд дээрх асуултуудаас олон хариулт тодорхойгүй байгаа нь хэн нэгний мөнгө угаах бас нэг ажиллагаа явагдаж байна уу гэсэн хардлагыг улстөрчид, олон нийтийн дунд үүсгээд байна. Тэр тусмаа ердөө л нэг гэр бүлийн ажиллуулдаг хуулийн компанид, өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр хоёрт 17.5 тэрбум төгрөг өгөх гэж байна гэсэн мэдээлэл нь нуруун дээрх ачаа нь хүндэрсэн ч бүсээ чангалж байгаа, цаашид ч тултал нь чангалах “үүрэг даалгавар” аваад буй ард иргэдэд илүу их бухимдал төрүүлж байгаа юм.
Тиймээс “Painter Law Firm” компанийг бага зэрэг “тодруулах”-ыг оролдъё. АНУ-ын Техас мужийн иргэн эхнэр, нөхөр Роберт Пэйнтер, Тауня Пэйнтер нарын 2005 онд байгуулсан энэхүү зөвлөх компани Монголыг дэлхий нийтийн анхааралд нэг хэсэг оруулсан алдарт Батаарын хэрэгтэй холбоотойгоор манай монголчуудад танил болсон. Өөрөөр хэлбэл Батаарыг эх оронд нь эргүүлэн авчрах үйлсэд Монгол Улс, Монголын Засгийн газрыг төлөөлөн амжилттай ажилласан гавьяатай хүмүүс. Үүнийхээ төлөө ноён Пэйнтер Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энгэрээ Алтан гадас одонгоор мялаасан билээ. Гэхдээ үүнээс ч өмнө буюу 2010 онд тэд “Bellwether Mongolia” хэмээх хуулийн зөвлөх компанийг Улаанбаатарт байгуулж Монголтой холбогдсон байна. Гэвч тус компанийн талаар үүнээс өөр мэдээлэл байсангүй. Роберт Пэйнтерийн хувьд хуульч болохоосоо өмнө армийн офицер байсан, мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан бөгөөд тиймдээ ч эрүүл мэндийн асуудалтай холбоотой заргууд дээр тусгайлан ажилладаг, амжилт гаргаж ирсэн хуульч, хуулийн зөвлөх аж. Энэ тал дээрээ нэлээд мэргэшсэн бололтой чамгүй амжилт гаргасан талаар мэдээлэл вэб хуудаст олон байна. Харин эрүүл мэндийн асуудалтай холбоотой олон зарга маргааныг шийдвэрлэсэн мэдээлэл дунд нөгөө тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг манай Батаарын талаар мэдээлэл харагдана лээ. Эхнэрийнх нь хувьд харин бизнесийн тал дээр зөвлөхдөө арай илүү туршлагатай. Тиймдээ ч тус компанийн хувьд бизнесийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ч харин ямар, ямар томоохон ажлыг амжилттай гүйцэтгэсэн талаар тодорхой мэдээлэл олж үзсэнгүй.
Манайх шиг дөнгөж хөгжиж буй улсын хувьд 17.5 тэрбум гэдэг бага мөнгө биш. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед. Тиймээс энэ компанийг ямар шалгуур үндэслэлээр сонгосон. яг ямар ажил хийлгэх гэж байгаа, яагаад ийм хэмжээний мөнгө төлөх ёстой, энэ хэмжээний төлбөртөө тохирсон амжилт гаргах хэр магадлалтай талаар С.Баярцогт сайд ч бай, өмнөх Засгийн газарт хариуцаж байсан эзэн нь, эсвэл Хөгжлийн банк ч юмуу холбогдох хүмүүс нь маш тодорхой тайлбарлах л ёстой. Батаарыг авчирч чадсан юм чинь Оюутолгойн асуудлыг ч шийдэж чадна гэж сонгоогүй л байлгүй.
Б.НАРАНТУЯА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Оюу Толгойн асуудлаар хуулын зөвлөхөөр ажиллах юм бол манайд удахгүй ашиг тус нь ирэх болов уу гэж мөхөс би бодох юм. Ямарч гэрээ хэлэлцээр хийж чадахгүй энэ хэдэн нөхдүүдээс илүү шудрага ажиллах болов уу.