Ч.Улаан: Ойлголцохгүй өөр замаар явбал салахаас аргагүй

ulaanУИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.

-Олон нийтийн дунд явуулсан хөгжлийн зам сонгох санал асуулгыг “Шударга ёс” эвсэл шүүмжилж мэдэгдэл гаргасан. Энэ талаар тодруулна уу?

-“Шударга ёс” эвсэл Ерөнхий сайдын явуулсан санал асуулга нь учир дутагдалтай байна. Үүнийгээ зогсоох хэрэгтэй гэж мэдэгдэл гаргасан. Учир нь санал асуулгын асуулт нь их бүдэг бүрхэг байсан. Тэр хоёр асуулт бол хөгжлийн замыг тодорхойлж буй асуудал биш. Зүгээр хөгжилд хүрэх арга хэлбэрийн аль нэгийг санал болгож байгаа. Энэ хоёр аргыг хооронд нь нэгийг нөгөөгөөр нь тулгаж, үгүйсгэх байдлаар асуудалд хандах нь учир дутагдалтай гэж үзэж байна. Аль аль аргыг хэрэглэж хослуулах ёстой. Дотоод нөөц бололцоогоо ч дайчлах ёстой, зардлаа ч хянаж боловсронгуй болгох учиртай. Нөгөө талдаа томоохон төслүүдээ хөдөлгөөнд оруулах. Манай бүлэг том төслүүдийг хэрэгжүүлэх ёсгүй гэсэн байр суурь илэрхийлээгүй.  Хамгийн гол асуудал нь яаж хэрэгжүүлэх гэж байгаад юм. Энэ хоёр том төслийг Монголын ард түмний эрх ашигт нийцсэн, ашигтай хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой гэдэг талаар бид удаа дараа санал тавьж байсан. Гэтэл санал асуулгыг хоёр асуултаар тулгаж, хооронд нь мөргөлдүүлж тавьж байгаа нь учир битүүлэг. Энэ нь өмнө нь байгуулсан гэрээгээ эргэж хянахгүй гэсэн санааг далд агуулж байна уу гэж зарим хүн хардаж байна. Магадгүй юм. Ер нь тодорхойгүй байсан учраас бид шүүмжилж байгаа.

-Ямар асуулт тавьсан бол асуулга оновчтой болох байсан бэ?

-Оюутолгой төслүүдээ эргэлтэд оруулъя. Үүнийгээ ийм арга замаар хэрэгжүүлье. Өмнө нь байгуулсан гэрээнд Монголын эрх ашигт ашигтай биш заалтуудаа өөрчилж, боловсронгуй болгоё гэх байдлаар хандсан бол илүү оновчтой болох байсан. Тиймээс маш учир битүүлэг, ийм асуудлаар санал асуулга хийсэн нь зохимжгүй. Ард түмнээс асуух гэж байгаа бол тодорхой хэлбэрээр асуух хэрэгтэй. Хамгийн наад зах нь 34 хувиа Монголын төр эзэмших нь зөв үү эсвэл 51 болгох нь зөв үү. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд монголчуудын эрх ашигт илүүтэй нийцсэн өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэж асуувал тодорхой. Өмнө нь байгуулсан алдаатай гэрээг засаж сайжруулах уу, үгүй юу. Яг энэ гэрээгээр үргэлжлэх боломжтой юу. Эсвэл Монголд ашигтай шинэ нөхцлөөр хэлэлцээ хийх ёстой юу гэж асуувал тодорхой хариулт гарна.

-Үүний үр дүнд ханшийг тогтооно гэж байгаа. Ингэж ханш тогтоох боломжтой юу?

-Ханш тогтохгүй байгаа нэг хүчин зүйл бол Монголд орж ирж байгаа валютын урсгал хумигдсан явдал гэж үзэж байгаа. Монгол руу аль болох ахиу валют оруулж ирвэл энэ нь ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлнэ гэсэн агуулгаар асуудалд хандаж байх шиг байна. Гэхдээ ханшийг тогтоохын тулд ямар ч үнээр хамаагүй валют оруулж ирнэ гэвэл бас учир дутагдалтай. Өмнө нь Оюутолгойн гэрээ хэлэлцээрт юу боллоо. Үүнийгээ ул суурьтай эргэж дүгнэх хэрэгтэй. Асар их хэмжээний валют орчихлоо гээд байсан. Эргээд хөрөнгө оруулалтаа тооцоод үзэхэд тэрбум тэрбум ам.доллар дундаасаа алга болсон байсан. Тэгсэн байтлаа Монголын өрөн дээр бичигдсэн байж байдаг. Монголын эдийн засгийн үзүүлэлтэд орчихсон явдаг. Ийм байдал үүсэх вий гэдгээс сэргийлэх ёстой.

-Оюутолгой төслийг хөдөлгөх нэрээр  34 хувиа худалдах гэж байна уу?

-Хөдөлдгөө хөдөлсөн. Ер нь нэгдүгээр үе шат нь дууссан. Ашиглалтад орчихсон. Одоо үйлдвэрлэлээ явуулж байгаа. Тиймээс хөдөлгөнө гэдэг нь өөрөө оновчтой биш. Өнөөдөр хоёр дахь үе шатыг эхлүүлэх үү, үгүй юу гэдэг зүйл байгаа. Энэ нь нэгдүгээр үе шатад хэрэгжсэн үр ашиг, бодит байдалд үнэлгээ өгөөд хоёрдугаар үе шатаа хэрэгжүүлье гэдэг асуудал. Тэгэхгүй зүгээр хөдөлгөнө гэдэг бол өмнө нь байсан яг тэр хэлбэрээрээ цааш явуулъя гэсэн санаа агуулаад байгаа юм уу. Юуг ч эргэж хянаж үзэхгүй, өмнө нь байсан гэрээгээ огт сайжруулахгүй, монголчуудад ашиггүй байгаа энэ нөхцлөө өөрчлөхгүй гэсэн санаа үүний цаана агуулагдаад байна гэж шүүмжлэлд өртөж байгаа.

-Энэ санал асуулгынхаа төлөө олон нийтээс уучлалт гуйх хэрэгтэй гэж мэдэгдэлд дурдсан байсан?

-Учир битүүлэг юм хийсэн хүмүүс яагаад уучлал гуйх ёсгүй гэж. Сүүлд нь үүнийг яаж ч мушгиж болно шүү дээ. Өмнө нь байсан гэрээгээ огт сайжруулаагүй. Харин монголчуудад үр ашиггүй тэр хэвээр нь үргэлжлүүлчихээд дараа нь хариуцлага асуухын цагт ард түмэн үргэлжлүүл гэсэн гэж хэлвэл яах юм.

-Төрийн байгуул­лагууд тодорхой хэмжээ­гээр орон тоогоо багасгаж бай­гаа. Энэ нь хэмнэлт биш гэж үү?

-Засаг солигдсоныг далимдуулж улс төрийн шалтгаанаар төрийн албан хаагчдыг халж, сольж байгааг эсэргүүцсэн. Төрийн албан хаагч бол зөвхөн ажил төрлийн шалгуураар ажилд томилогддог. Хуулийн хамгаалалттай хүмүүс. Гэтэл шинэ сайд ирээд үзэл бодол таарахгүй, өмнө нь томилогдсон байдлыг үргэлжлүүлэхгүй ингэж асуудалд хандаж байна. Энэ бол бүтцийн өөрчлөлт хийж, зардал чирэгдэл хэмнэж байгаа юм огт биш. Харин төсвийн зардлыг нэмэгдүүлж, үргүй зардалд хүргэж байгаа ноцтой үр дагавартай асуудал. Хууль бусаар халагдсан төрийн албан хаагч мэдээж гэнэт халагдсаныхаа тэтгэмжийг авна. Түүнээс гадна хуулиар хамгаалагдсан баталгаатай хүмүүс учраас шүүхэд заргалдана. Шүүх дээр очоод үндэслэлгүй халсан учир буцаагаад томил гэдэг зүйл гарна. Энэ хооронд олгогдоогүй цалинг нэмж төлөх шийдвэр гардаг. Ингэхээр төрийн албыг илүү нэмэгдэл зардал чирэгдэлд унагаж байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр төрийн чадавх, дархлааг сулруулж байгаа талаасаа улс төрийн болоод эдийн засгийн сөрөг үр дагавартай шийдвэр.

-Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл ямар алхам хийх вэ?

-Хамтарсан Засгийн газар байгуулахдаа ярьж, тохирч байсан зүйлүүдийн нэлээд нь өнөөдөр зөрчигдсөн. Анхны тохироо, бодлого чиглэл хэрэгжихгүй байгаа учраас мэдэгдэл гаргаж байна гэж шууд утгаараа ойлгох хэрэгтэй. Хамтарч ажиллах боломжгүй болно гэж ойлгож болно. Ер нь хоёр гарц байгаа. Хэрэв ярьсан тохироо хэлэлцээгээ үргэлжлүүлээд, ойлголцоод хамтраад ажиллавал хамтраад явна. Огт ойлголцохгүй өөр замаар явбал салахаас өөр аргагүй. Анхны яриа хэлэлцээгээ барихгүй, учир битүүлэг юм хийгээд байвал цаашдаа үйл ажиллагааг нь дэмжих бололцоогүй болно. Хамтарна гэдэг бие биенээ харилцан дэмжинэ гэсэн үг. Харилцан бие биенээ дэмжихийн тулд хэн хэндээ хүндэт­гэлтэй хандах ёстой. Хүндэтгэлтэй хандана гэдэг ярьсан яриа, тохи­роон дээрээ байгааг илэр­хийлэх учиртай. Харин ингэж чадахгүй байгаа нь бие биеэ хүндэтгэхгүй байна, хамтарч ажиллах боломжгүй болно гэсэн үг.

 

Д.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Монголчууддаа Огноо: 9 March 2015

А.Лин гэдэг нөхрийг ирүүлж байгаад тэнгэрээр ниргүүлцгээвэл яасийн.Ямар их санаатай эд вэ…Тэнгэр ниргэхдээ ойр хавьтай нь, гар хөлтэй нь нирүүлбэл….

Сэтгэгдэл бичих