“Гадаадынхныг хорьсон нь Монголын бизнесийн орчинг цочроов”

Untitled-3_700x700

“Саусгоби Сэндс” компанийн экс удирдлагуудыг хорьсон талаар олон улсад ид шуугиж байна. Тоймч Ханна Бичийн ийм гарчигтай нийтлэл АНУ-ын “Time сэтгүүлд хэвлэгдсэнийг хөрвүүлэн хүргэе.

Монголын нийслэл Улаанбаатарт өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд татвараас зайлсхийсэн хэргээр гурван хүнд таван жилийн хорих ял оноосон юм. Гадаадын иргэд, АНУ-ын Жастин Капла, Филиппины Хиларион Каюком, Кристобал Давид нарыг буруутгаагүйсэн бол алс холын түгжигдмэл энэ улсын нийслэлд дахь энэ хэрэг дуулиангүйхэн өнгөрөх байлаа. Шүүх хурал тус улсад ардчилал улам ихээр дэлгэрэхийг илтгэхийн оронд харин ч хэд хэдэн ноцтой зөрчилтэй явагдан “байгалийн баялгийн хараал” гээч үйл явцтай тэмцэж буй энэ улс эдийн засгийн байдлаа улам бүр хүндрүүлэх нь үү гэх болгоомжлолыг нэмэгдүүлэв.

Хэдийгээр Монгол Улс хөндөгдөөгүй байгалийн баялгийн нөөц ихтэй ч 2014 оны эхний арваннэгэн сарын дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт 71 хувиар огцом буурчээ. Улаанбаатар дахь зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл үүнтэй холбогдуулан санал болдлоо хэлэхдээ, “Энэ хэрэг гадаадынхан манайд бизнес хийхийг хүсч байвал Монголын хууль дүрмийг баримтлах ёстойг л анхааруулж сануулсан” гэсэн юм.

Ял сонссон гадаадын гурван иргэн Англи-Австралийн уул уурхайн аварга том “Рио Тинто” корпорацийн охин компани хяналтын багцыг нь эзэмшдэг Канадын уул уурхайн “SouthGobi Resources”-т ажиллдаг байжээ. (“Рио Тинто” нь Монголын экспортын 45 хувийг дангаараа гаргадаг Оюутолгойн зэс, алтны аварга том уурхайг ажиллуулдаг юм.)

“SouthGobi Resources”-ийн хувьцааны хяналтын багцыг Хятадын төрийн өмчит компани худалдан авах санал гаргасны дараа буюу 2012 оны тавдугаар сард Монголын зохих албаныхан оффист нь нэгжлэг хийн татвараас зайлсхийсэн хэмээн 18 сая ам.долларын торгууль ногдуулжээ. Энэ хэргийг шийдэх үйл явц гурван жилээр сунжран хэрэгт татагдсан гурван иргэнийг Монголын газар нутгаас гарахыг хориглосон ч өдгөөгөөс ердөө найман сарын өмнө л албан ёсоор хэрэгт татсан байна.

Монгол дахь АНУ-ын Элчин сайд П.Кэмпбелл шүүх хуралд байлцсан бөгөөд хэрэгт татагдсан гадаадынханд сайн орчуулагч гаргаж өгөөгүйг шүүмжилжээ. Тэрээр, “Орчуулгын хүндрэлийн улмаас гадаадын гурван иргэн шүүгчийн хэлснийг сайн ойлгоогүй төдийгүй өөрсдийнхөө үгийг ч зөвөөр хүргэж чадаагүй. Ноён Каплагийн хэрэг гурван жилийн турш сунжран хэд хэдэн удаа хойшилсон тул түүнд маш хүндээр туссан” гэж мэдэгдсэн юм.

Шүүх хурал дээр түүнчлэн Улаанбаатар дахь АНУ-ын Худалдааны танхимын тэргүүн Ж.Фокс байлцсан бөгөөд мөн л ноцтой зөрчилтэй болсныг тэмдэглээд, “Би уг нь Монгол, АНУ-ын хооронд илүү их хөрөнгө оруулалт, бат бэх худалдааны харилцааны төлөв байдлын талаар ярихыг хүсдэг ч байдал ийм байхад манай Засгийн газар ч, хувийн хэвшлийнхэн ч болгоомжлохоос өөр яах билээ” гэжээ.

Монголын эдийн засагт сүүлийн жилүүдэд өсөлт, уналт ээлжилсээр байгаа юм. 2011 онд байгалийн баялаг ихтэй тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд тэргүүлэгчдийн нэг болсон билээ. Өмнөх арван жилийн хугацаанд Монголын эдийн засаг даруй арав дахин өссөн бөгөөд 1990 ЗХУ-ын дуулгавартай дагуулаас тайван замаар ардчиллын замд орсон энэ улсын хувьд том дэвшил байлаа.

Гэвч байгалийн баялагтай холбоотой үндсэрхэг үзэл түгээгчид улс төрийн тавцанд байр сууриа бэхжүүлснээр гадаадын хөрөнгө оруулалтад таатай орчин хумигдах болжээ. Монголын баялгийг гадныхан цөлмөж байна гэсэн үзэл бодол газар авснаар гадаадын хөрөнгө оруулалтын хууль ч улам чангарсан юм. Дээр нь “Рио Тинто” Засгийн газартай орлогоо хэрхэн хуваалцах тал дээр санал зөрөлдсөнөөр Оюутолгойн уурхайн бүтээн байгуулалт зогсч, олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гацахад хүрчээ. 2013 онд орон нутгийн шүүхээр олон уурхайн төслийг авч хэлэлцэн нэлээдийнх нь лицензийг хүчингүй болгожээ. Үүний сацуу дэлхийд түүхий эдийн үнэ буурах болж, Монголын эдийн засгийн байдлыг улам хүндрүүлсэн юм.

Эдийн засгийн хямралтай учраад буй монголчууд гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг хүлээн зөвшөөрч болзошгүй. Энэ жилийн эхээр тус улсын Засгийн газар үндсэрхэг үзэлтнүүд төдийгүй экологийн хөдөлгөөнийхний шүүмжлэлийг үл ажран газар нутгийнхаа тавны нэгд ашигт малтмалын геологийн шинэ судалгаа хийж болох тухай шийдвэр гаргасан. Түүнчлэн хоёр жилийн өмнө цуцалсан ашигт малтмалын судалгааны зарим лицензийг сэргээжээ. Энэ сарын эхэнд тус улсын шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн санаачилсан гар утасны текст мессежээс авсан санал асуулгаар тус улсын хүн амын 10 орчим хувь буюу  302 мянган хүн Оюутолгой зэрэг уул уурхайн томоохон төслүүдийн ажлыг урагшлуулснаар төсвийг хумих болон бүсээ чангалах арга хэмжээг багасгахыг дэмжсэн аж.

Юутай ч “SouthGobi Resources” ба гурван гадаадын иргэн давж залдахаа мэдэгдээд буй. Энэ хэрэг Монголын шүүх тогтолцооны доголдол, гажуудлыг ил гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь хүртэл шүүхийн шинэчлэл хийх шаардлагатайг цохон тэмдэглэсэн юм. Иргэний гэхээсээ эрүүгийн шинж чанартай болсон энэ хэрэгт татварын албаныхан оролцохоо больсныг хууль эрх зүйн салбарын ажиглагчид гайхаж байсныг мөн хэлэх нь зүйтэй. “SouthGobi Resources” татвараас зайлсхийсэн гэх таван жилийн хугацааны ердөө зургаан сард нь л ноён Капла тус компанийн гүйцэтгэх албан тушаал хашиж байжээ. Ялын шийдвэр гарахаас нэг өдрийн өмнө яллагч шүүхэд гурван хүний алинд ч хорих ял оноолгүй торгууль ногдуулах нь зөв хэмээн зөвлөж байсан ч дараа өдөр нь бодлоо өөрчлөн зургаан жилээр хорих нь зүйтэй гэсэн нь хачирхалтай.

Үүнээс өөр гайхал төрүүлэх хэргүүдийн нэг гэвэл, өнгөрсөн жил Монголын газрын тосны агентлагийн дарга асан Д.Амарсайхан мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаад байхдаа гэнэт нас барсан явдал юм. Тэрээр хоригдож байхдаа эрүүл мэнд нь муудан эмнэлгийн тусламж удаа дараа хүссэн ч түүний хүсэлтийг үл ойшоосон гэдэг. “SouthGobi Resources”-т ажиллаж байсан гадаадын гурван иргэн Д.Амарсайханы нас барсан 461 дэх хорих хэсэгт хоригдох болжээ.

Эх сурвалж: www.time.com


URL:

Нэр: hyyhyyhed Огноо: 6 February 2015

zob $iig n tolyyleed sain hori

Нэр: Монгол хүн Огноо: 7 February 2015

Мөрдөх ёстой зөв хуулийг мөрдөөгүй бол хэн ч байсан шийтгэлээ хүлээх л болно . Зөь хийсэн бол юунаасаа айсан юм . Амерки түүний элчин сайд юу юм . Тэнэг монголчуудын очерийн мөнгөөр тансаг амьдардаг авгай л гэсэн . Новш

Сэтгэгдэл бичих