Олимпийн найдвар гуйлгачин болжээ

Хятадын найдвар төрүүлж байсан тамирчин Жан Шанву дасгал сургуулилтын үеэр бэртэл авсан учир түүнийг мэргэжил нэгт нөхдийн нэгэн адил тамирчдыг бэлтгэх төрийн системээс хасахад хүрчээ.

Харин одоо тэрээр Бээжин хотын гудамжинд гуйлга гуйн сууж байна гэж The Daily Telegraph сонин бичсэн байна. Тамирчдыг бэлтгэх хатуу систем нь зөвлөлтийн системийг санагдуулам гэж тус сонин онцолжээ.

Жан Шанву Хятадын тариаланчдын гэр бүлд төрж өссөн бөгөөд таван настай байхад нь гимнастикийн академид суралцахаар явуулжээ. Суурь боловсрол байхгүй энэ залуу олон жилийн турш дасгал сургуулилт хийсний үр дүнд найдвар төрүүлэхүйц үр дүн үзүүлж эхэлсэн учир Хятадын залуучуудын шигшээ багт орсон байна.

2001 онд Универсиад – залуучуудын тэмцээнээс тэрээр алтан медаль авсан учир Олимпийн дэвжээнээс тун удахгүй алтан медаль авах болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм. Гэвч хөлөндөө бэртэл авсан учир Афины Олимпийн тэмцээнд оролцож чадсангүй. Тэрээр хөлөө бүрмөсөн эдгээж чадаагүй учир 2005 онд арга буюу гимнастикаа орхиход хүрчээ. Засгийн газраас түүнд таван мянган долларыг буцалтгүй тусламж болгон өгсөн байна.

Жан пицца зөөгчөөр ажиллах болсон ч тун удалгүй хөлний бэртэл нь сэдэрч гүйх боломжгүй болжээ. Хадгаламжинд байсан бүх мөнгөө үрж дуусаад тамирчин залуу медалиа зарж хоол хүнс залгуулсан байна. Харин дараа нь бүр хулгай хийж эхэлснээр шоронд оржээ. Чөлөөтэй болмогцоо Жан гудамжинд гуйлга гуйн суух болсон ба одоо хүртэл тэнд байна гэж сонинд бичжээ.

Жан Шанвугийн хувь тавилантай төстэй олон нэргүй тамирчид байдаг. Түүний хувь тавилан Хятадыг донсолгож эхэлсэн учир тамирчдыг бэлтгэх төрийн систем хүнд цохилтонд орж эхлээд байгаа гэнэ. Спортоос гарсан тамирчид амьдралдаа хөлөө олж чадалгүй хөөрхийлөлтэй амьдрахад хүрдэг байна.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих