Н.НОМТОЙБАЯР ТАРИАЛАНЧДЫН АСУУДЛААРХ АЖЛЫН ХЭСГИЙГ АХАЛНА
УИХ-ын БОХХАА-н байнгын хорооноос 2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн энэ ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг ахалж байгаа юм байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Батзориг нар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр уг мэдээлэлдээ “Засгийн газар, тариалан эрхлэгчид, гурил үйлдвэрлэгчдийн хооронд өрнөсөн маргаан шийдлээ олж чадахгүй эцэстээ жагсаал цуглаандаа хүрсэн. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ гурван талыг байлцуулж сонсгол хийсэн. Маргаантай асуудлыг шийдэх ёстой гэж үзсэн. Юун түрүүнд батлагдаад 10 гаруй жил болсон Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, алдааг оноог нь шүүн тунгааж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлохоор болсон. Үүн дээр үндэслэж шинээр бодлогын баримт бичиг боловсруулах юм” гэдгийг онцоллоо.
URL: