Атом зогс , бүү хөдөл, буудлаа шүү!!!

Фүкүшима дахь эмгэнэлээс үүсэх  аймшигт хор уршигийг дэлхий дахинд үнэнээр нь мэдээлэхгүй байгаа хэдий ч  дэлхийн бүх улс оронд цочрол өгсөн билээ. Аль 66 жилийн өмнө Хирошима, Нагасаки хотын  дээр хаясан атомын бөмбөгний цацраг идэвхт туяаны гайгаар өнөөг хүртэл элдэв гажиг, өвчин, согогтой хүүхэд  Японд төрдөг үзэгдэл тасраагүй л байна. Тэгвэл энэ  ослоос үүдэн гарч байгаа цацраг дэлхийн II дайны үед хаясан атомын бөмбөгнөөс хэдэн зуу дахин илүү хэмжээтэйг хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй нь  ойлгомжтой , гагцхүү үүнийг орчин үеийн шилдэг техник технологи, шинжлэх ухаан, судалгааны ололт амжилтын хүчээр хүчирхэг орнууд хамтран тогтоон баримаар аядаж байна. Швейцарь улсын иргэд  нь сүртэй жагсаал цуглаан хийж, элдэв лоозон барьж гудамжинд   орилж бахираагүй хэдий боловч  онол үндэслэлтэй хэдхэн нийтлэл хэвлэлд нийтлэгдээд л  саяхан 2008 оноос хойш анх ажиллаж байгаа нийт  дөрвөн  атомын цахилгаан станцуудын үйл ажиллагааг шат дараалан хязгаарласаар 2017 он гэхэд атомын энергээс бүрмөсөн татгалзах хууль боловсруулан баталж хэрэгжүүлэхээр боллоо.

Үүний дараахан Герман улсын тэргүүн, консерватив намаас сонгогдсон канцлер хатагтай Меркель тус улсын ногоонтны намын санаачилгыг дэмжин  цөмийн энергийг хязгаарлах хууль баталж нийт ажиллаж байгаа 17 атомын цахилгаан станцын үйл ажиллагааг 2022 он гэхэд бүр мөсөн таслан зогсоож,  шаардлагатай энергийг цахилгаан нөхөн сэргээх арга, салхин сэнс, нүүрс, нарны энерги , оросоос экспортолдог байгалийн хий зэрэг эх үүсвэрүүдийг ашиглан гаргаж авахаар төлөвлөсөн байна. Улс орноо цахилгаанаар ингэж хангах нь  хэдийгээр  өртөг ихтэй болох тооцоо гарч байгаа боловч хэрвээ Чёрнобыль, Фүкүшима шиг эмгэнэл тохиолдвол түүнээс илүү хохирол амсах юм байна гэдгийг дурджээ.

Дэлхийн хамгийн том атомын гүрэн Франц улс 58 станцтай бөгөөд үүнээс 34 нь 28 жилийн  настай хуучирсан реактор ашиглаж байгаа бөгөөд энэ нь түгшүүрийн харанга дэлдэж байгаагаас ялгаагүй учраас францын иргэд  үе үехэн жагсаал цуглаан зохион байгуулж  засгийн газартаа шаардлага хүргүүлж байгаа билээ.  Учирч болзошгүй  аюулыг францчууд  дээрх хоёр  хичээлээс харлаа, харин яг одоо Франц улс цөмийн энергээс татгалзахад бэлэн бус байгаа нь дэлхий нийтэд албан ёсоор зарлаагүй боловч улс оронд болж байгаа хямралаасаа үүдэлтэй болов уу гэж  бодож байна. Ливийн дайн зогссоны  дараа  Франц улсын засаг захиргаа атомын энергийн бодлогоо тодорхойлох биз ээ. Энэ асуудал  Итали улсад мөн эмзэг сэдэв болоод байгаа бөгөөд үүнийг санал асуулгаар шийдэх боломжтой гэж үзээд байгаа юм байна. Гэвч хэзээ, ямар аргаар гэдэг нь тодорхой бус,  одоохондоо асуудлаа шийдэхээс өмнө, мөнхүү  хутгалдсан ливийн дайн, мөн улс орны удирдагч нь садар самууны хэргээр шүүхдүүлж байгаа, еврогийн ханшийг унагаж байгаа гол буруутнаар Итали цоллогдоод байгаа зэрэг асуудлууд  нь чухал болоод байна.

Фүкүшима дахь ослын дараа НҮБ-ын дэргэдэх Дэлхийн атомын  цөмийн энергийн хорооны ерөнхийлөгч Юкиа Аманогийн хэлсэн үгийн дараа атомын энерги ашигладаг гүрнүүдийн удирдлагууд бүгд л улс орныхоо аюулгүй байдал , иргэдийнхээ эрүүл саруул оршин амьдрах бололцоо,  эдийн засгийн гарз хохирол, ирээдүйн хөгжлийн төлөө ийнхүү алсын бодлоготой нэгэн зүгт хараагаа чиглүүлээд байна. Байдал ийм байхад дэлхийд хаана ч байхгүй цөмийн хаягдал булах гэрээнд гарын үсэг зурсан ч гэх, 2021 онд атомын цахилгаан станцтай болно ч гэх шиг мэдээ нийтлэлүүдийг уншаад өөрийн эрхгүй сэтгэл эмзэглэлээ. Дэлхийд хөгжлөөрөө манайхаас  доогуур түвшинд явдаг африк, ази, латин америкийн өч төчнөөн орны засгийн газар, улс орны удирдагчидаас ийм гэрээнд гарын үсэг зурж байдаг мангуу төрөөгүй байхад очиж очиж монгол байхдаа яахав дээ. Монгол Улс хөгжлөөр хоцорч байгаа хэдий ч 2021 онд атомын станцтай болчихвол үсрэнгүй хөгжинө гэж бодоогүй байх, түүндээ түшиглээд атомын бөмбөг  үйлдвэрлэнэ гэдэг бас нэг мангуу гарч ирэхгүй гэсэн баталгаа алга ( Ираны ерөнхийлөгчийн жишээг хар), цөмийн бөмбөг үйлдвэрлэдэг болчихвол орос , хятад хөршөөсөө айхаа болино гэсэн туйлшрагч байгааг үгүйсгэхгүй.

Үнэн хэрэгтээ монголчууд бид цөмийн зэвсэг байхгүй байхдаа ч айдаггүй байсан юм. Цөмийн зэвсэгээрээ далайлгаад  орос, хятад 2 биднийг эзэлчихээгүй байна, эзлэх ч үгүй. Харин оюун санаагаараа эзлэгдээд, ялзраад, урваад , долигоноод явбал монгол эзлэгдэж дуусна. Энэ үгийг би ийм гэрээнд гарын үсэг зурж байдаг мангуунууд, элдвийн гадны ажилчдыг монголд чихэж байдаг дүнхүүчүүд, хамаг залуусаа цөлж байгаа шуналтангуудад хандаж хэлж байна. Энэ гэрээ ч яахав, эрхбиш ард түмэн маань эсэргүүцээд зогсоох зүрх , зоригтой гэдэгт найдаж байна. Аль социализмын үеэс л Дорнодын мардайд оросууд уран олборлож байсан, одоо сонирхдог улс нь нэмэгдсэн бол сайн л биз, түүхий эдээ зараад олсон мөнгөөрөө орос цай, хужаа лаагаа авдаг байснаа сайжруулчих хэрэгтэй шүү дээ, тэр том сэнс байна, энэ том нарны зай байна.

Уран гэдэг чинь зөвхөн монголд байдаг чухал олддоггүй юм биш, дэлхийн хөрс тэр чигээрээ л уран, химичид хэлээд өгнөө. Гагцхүү өөрсдийнхөө хөрсийг сэндийлж, ухсан хөрсөө баяжуулж, уран гаргаж авах үйлдвэр байгуулах сонирхол хөгжилтэй оронд байдаггүй  гэдгийг мэдэрмээр юм. Мардай зүглээд машинаар нэг аялаад үзээрэй, ухаж сэндийлсэн газраас хааш хаашаагаа дор хаяад 100 км газар оготно, зурам, ялаа шумуул байна уу, тоолоод нэг хөгжөөрэй, бусад ан араатнууд аль мянгуужингийн үед дүрвэчихсэн. Оросууд үйлдвэрээ байгуулаагүй, зөвхөн ухсан шороогоо  Уралын нуруун дахь үйлдвэр лүүгээ ачиж байсан үеийн дүр зураг шүү.  Алга дарам газар бүр нь зүлэг болсон Швейцарь нутагт айлчилж ирсэн ерөнхийлөгч маань тэр хуулинд хориг тавьчих эрхтэй байх гэдэгт итгэж  байна.

Өгөөмөр /Швейцарь улс/


URL:

Сэтгэгдэл бичих