“Эсэргүү” А.Дашнамжил номонд мөнхөрчээ

1_1

Төр, нийгмийн зүтгэлтэн А.Дашнамжилын намтар, амьдрал, тэмцлийн түүхийг товчоолон өгүүлсэн нэгэн ном хэвлэгдэн гарч, уншигчдын гар дээр очиж байна. “Эсэргүү А.Дашнамжил” хэмээн нэрлэсэн уг номыг А.Дашнамжил агсны хүү, Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Цогтбаатар, төр, захиргааны ахмад ажилтан Я.Дүгэр нар бичиж, Конрад Аденауэр сан, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбооноос эрхлэн хэвлүүлжээ.

“Интерном” номын их дэлгүүрт болсон уг номын нээлтэд төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат эдийн засагч Ц.Лоохууз, Ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсан, П.Бадарч, Сангийн яамны дэд сайд асан Д.Тангад, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, гавьяат багш Т.Лхагва, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Ш.Цогтоо, соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Г.Жамьян зэрэг улс төр, нийгэм, соёлын нэрт зүтгэлтнүүд хүрэлцэн ирж, А.Дашнамжил агсны тухай дурсамж, халуун дотно сэтгэлийн үгээ хуваалцсан юм.

А.Дашнамжил агсан 1964 онд “Намын эсрэг бүлэг” буюу намын эсрэг бүлэглэсэн гэх зохиомол улс төрийн хэргийн таван гол толгойлогчийн нэг гэгдэн буруудаж, ардчилсан хувьсгал ялтал буюу 1991 он хүртэл 25 жил хөдөө орон нутагт цөлөгдөн, хүнд хүчир ажил хийж байжээ. Тухайлбал түүнийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын давсны артель, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын САА-д дараалуулан ажиллуулж байв.

2_21 3_24 4_24

Энэ тухай нь А.Дашнамжил агсны хүү Д.Цогтбаатар болон журмын нөхөд нь номынх нь хуримын үеэр дурсан ярьж, тэр хүнд хатуу цөллөгт залуу насаа өнгөрөөсөн ч сэтгэлийн тэнхээгээр бүхнийг даван туулж сайн цагтай золгон Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоог тэргүүлэн үйл ажиллагааг нь жигдрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг онцолж байлаа.

“Эсэргүү А.Дашнамжил” ном зөвхөн нэг хүний хэлмэгдсэн түүх, амьдралынх нь намтар биш бөгөөд А.Дашнамжил агсны уугуул нутаг Дорнод аймгийн Булган сумын үүх түүх, хүн зоных нь ахуй амьдралаас эхлээд социализмын үеийн нийгмийн үнэн дүр төрх, Лоохууз, Нямбуу, Сурмаажав нарын тэргүүлсэн намын эсрэг бүлэг гэгч зохиомол хэргийн тухай гээд өргөн дэлгэр хүрээг хамарч бичигдсэнээрээ үнэ цэнтэй ажээ.

WWW.CHOIBALSAN.MN


URL:

Сэтгэгдэл бичих