Уран олборлохыг харзнах ёстой гэв
Өчигдөр хуралдсан Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийгээд санал хураах үеэр гишүүд, хуулийн төсөлд “Чөлөөт бүсэд худалдаалж байгаа стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн үндэсний эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тохиолдолд тухайн бүтээгдэхүүнд Засгийн газраас хязгаарлалт тогтоож болно” гэсэн заалт нэмэх нь тийм ч оновчтой биш гэсэн тул тул ажлын хэсэг уг саналаа татан авсан. Чөлөөт бүсэд газарэзэмших, ашиглахэрхийн гэрчилгээг 60 хүртэл жилийн хугацаатай олгох бөгөөд түүнийг нэг удаа 40 хүртэл жилээр сунгаж болохоор тусгасан заалт олонхийн дэмжлэг авсан юм. Ийнхүү хэлэлцэн санал хураалт явуулж дуусан байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Мөн “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшл үүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийн талаар хэлэлцэн дэмжив.
Тэгвэл энэ өдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь зээлийн хэлэлцээрийг дэмжсэн юм. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Зээлийг аж ахуйн нэгж авч байгаа нөхцөлд орон нутгийн засаг захиргааг оролцуулахгүй шууд олгож болохгүй юу. Зээл эргэж төлөгдөхгүй болбол яах вэ. Эзэнгүй, хариуцлагагүй зээл авдаг байдлыг энэ мэт байдлаар хязгаарлахгүй бол болохгүй. Авсан зээлээ Дархан-Ус сувгийн газар графикийн дагуу буцаан төлж чадах уу” гэхэд Сангийн дэд сайд С.Пүрэв “Зээлийг Сангийн яам шууд өөрөө аж ахуйн нэгжид өгөх асуудлыг судлах шаардлагатай” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Энхболд “Өрийн удирдлагын тухай хуулиар энэхүү зээл нь Засгийн газрын өрөнд хамаарах уу” гэсэн бол Сангийн дэд сайд “Монгол Улсын Засгийн газар өөрөө хэлэлцээр хийж авч байгаа төсөл тул Засгийн газрын өрөнд хамаарна” гэв. Түүний дараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд мэргэжлийн хяналт, хяналт тавьж ирсэн. Энэ хуулийн өөрчлөлтөөр хөндлөнгийн хяналт тавьдаг байгууллагагүй болох нь хэмээн байр сууриа илэрхийлсэн. Мөн тусгай зөвшөөрөл олгох эрхийг Уул уурхайн яаманд шилжүүлснээр цөмийн энергийн комиссын санал авахгүйгээр шууд шийдэх болж байгаа нь хэр зөв шийдэл юм бэ гэхэд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Хяналт тавих асуудлыг Цөмийн энергийн комисст шилжүүлж болно. Тусгай зөвшөөрлийн тухайд хоёр хуваасан. Эрэх, ашиглах, тээвэрлэхийг Уул уурхайн яам хариуцна, цөмийн бодис болох хэсгийг Цөмийн комисс хариуцна” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд “Төрийн бодлогын залгамж чанар үгүй болсны илрэл нь Цөмийн энергийн газрыг татан буулгасан явдал. Олон улсын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн салбар бол цөмийн энергийн салбар. Гадаадынхантай харилцахад асуудал ойлгомжтой байх зорилгоор Цөмий энергийн газрыг тусад нь байгуулсан. Яаж ажилласан бэ гэдэг тусдаа ярих асуудал байх. Гэхдээ аюулгүй байдалтай холбогдох ийм чухал асуудлыг агентлагийг татан буулгах нэрээр чиг үүргийг нь хэдэн тийш салгаж саармагжуулж болохгүй” гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд “Монгол Улсын хувьд уран олборлолтыг хэсэг хугацаанд харзнах шаардлага бий. Яагаад гэвэл ураныг олборлоход ашигладаг хүхрийн хүчил нь аюулгүй гэдэг баталгааг өнөөдрийг хүртэл гаргаж чадахгүй байна. Ийм нөхцөлд бид харзнахаас аргагүй. Хоёрт, Фукушимагийн станцад осол гарсны дараа дэлхий дахин цөмийн станцаас татгалзах болсон. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шинээр ураны зөвшөөрлийг олгох шаардлагагүй гэсэн зөвлөмж гаргасан. “Арева” компанийн хувьд 2021 оноос олборлолтоо үргэлжүүлье, тэр болтол үнэ өсөхгүй учраас Монголоос олборлох уран ашиг өгөхгүй гэж үзсэн учраас Цөмийн энергийн газарт хийгээд байх ажил байхгүй гэж хэлж болно. Хийх ажилгүй байхад Цөмийн энергийн газарт тийм олон хүн ажиллах шаардлагагүй. Дэлхий дээр аюулгүй станц бий болсон нөхцөлд, хүхрийн хүчил аюулгүй гэдэг нь батлагдсан нөхцөлд Цөмийн энергийн газрын асуудлыг дахин авч үзэж болох юм” гэлээ.
Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдан Өрийн удирдлагын тухай болон бусад холбогдох хуулиудыг хэлэлцэх байсан ч хууль санаачлагч нь эргүүлэн татсан тул хуралдаан хойшиллоо.
URL: