Төрийн ажлыг авсан шигээ өгч сурах хэрэгтэй, “нисдэг” дарга аа
Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Нийслэл Улаанбаатарын дагуул хот болохоор шийдвэрлэгдсэн Налайх дүүргийн Засаг дарга асан Х.Болдбаатартай холбоотой хэдхэн баримтыг уншигч танд дэлгэн харуулья.
Дүүргийн ИТХ-аас түүнийг огцруулах шийдвэр гаргасан ч төрийн ажлаа “эр хүн шиг” хүлээлгээд өгч чадахгүй, тас гүрийж суугаа “нисдэг” Х.Болдбаатар даргын болчимгүй явдлын баримттай танилцана уу?
Баримт 1:
Өнгөрсөн оны 12 сарын 19-нд Налайх дүүргийн ИТХ ээлжит 11 дүгээр хуралдаанаа хийж дүүргийн эдийн засаг, нийгмийн 2014 оны хэрэгжилтийг “Хангалтгүй″ гэж дүгнэсэн байна. Ийм дүгнэлтэнд хүргэх болсон шалтгаан нь Засаг дарга Х.Болдбаатартай холбоотой аж. Тиймээс 25 төлөөлөгчдийн 56 хувь нь буюу 14 төлөөлөгч түүнийг огцруулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ард иргэдийн төлөөлөл болсон орон нутгийн удирдах дээд байгууллага болох дүүргийн ИТХ-аас олонх буюу 56 хувь нь огцруулахаар шийдвэрлэсэн атал Х.Болдбаатар дарга үүнийг хүчин төгөлдөр бус хэмээн эсэргүүцсээр байгаа аж.
Өнөөдөр ИТХ дахь АН-ын бүлгээс хэвлэлийн хурал хийсэн дүүргийн ИТХ-ын төлөөлөгч н.Ганболд, Ч.Одонхүү нар хэлэхдээ:
“Налайх дүүргийн МАН-аас ОНХС-ийн хөрөнгөөр нэг ч асуудал хийгдээгүй мэтээр зарлан Засаг даргыг огцруулах асуудлыг ИТХ-д оруулах санал тавьсан. Уг асуудлыг ИТХ-ын дарга шууд муйхарлан дайрсан. Өөрөөр хэлбэл тэрхүү ИТХ-ын шийдвэр хүчин төгөлдөр бус” гэсэн. Гэтэл дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн санал нэгэнт гарч түүнийг огцоруулахаар шийдвэрлэн албан бичигт тусгагдсан байна.
Мөн хуралдаанаар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай үндсэн асуудлуудыг хэлэлцэн батлаад хуулийн дагуу НЗД бөгөөд Улаабаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөн мэдүүлсэн байна. Гэтэл одоог хүртэл орон нутгийн өөрийн удирдлагын байгууллагын гаргасан хурлын шийдвэрийн хариуг Нийслэлийн Засаг дарга өгөөгүй байна.
Хамгийн харамсалтай нь сандал суудлаасаа салж чаддаггүй эл асуудлаас болоод Налайх дүүрэгт 2015 оны төсөв батлагдаагүй, төсөвт байгууллагуудын ажилчид цалин хөлсөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй хүндрэлтэй байдал үүсээд байгаа аж.
Баримт 2:
Ард иргэдээсээ “нисдэг” цол авсан Х.Болдбаатар дарга А00001212, А0022504, А0030314, Е0428536 дугаартай албан 3, ердийн 1 паспорттай бөгөөд өнгөрсөн хугацаанд “тэнгэрийн амьтан” мэт тансаглажээ. 2013, 2014 онд төсвийн хөрөнгөөр 30 гаруй удаа БНСУ, БНХАУ, Тайландад аялсан байна. Энэ талаарөнөөдөар хэвлэлийн хурал хийсэн дүүргийн АН-ын бүлгийн төлөөлөгчид хэлэхдээ: “Х.Болдбаатар даргад албаны 1, хувийн 1 л пасспорт бий, Засаг дарга жилдээ 2-3 удаа л гадаадад ахлбан хэргээр айлчилсан” гэв. Гэтэл бодит байдал үүнээс хол зөрүүтэй байна.
- Шинэчлэлийн Засгийн газраас төсвийн мөнгийг хэмнэх үүднээс төрийн албан хаагчид нэн ялангуяа удирдах албан тушаалтнууд жилд 2-оос дээш удаа гадаад улс оронд зорчихгүй байхыг сануулсан. Үүнийг хэр мөрдөж ажилласан бэ? гэсэн сэтгүүлчийн асуултанд: -Мөрдөж ажилласан гэж Х.Болдбаатар даргаа Засаг даргын орлогч, ИТХ-ын төлөөлөгч Ч.Одонхүү өмгөөлж хариулав.
Харамсалтай нь мөрдөж ажиллаагүй болох нь доорхи баримтуудаас ил тод харагдана.
Дээрх баримтууд Налайх дүүргийн АН-ын бүлгийнхэний яриад байгаагаас хол зөрж байна. Баримтуудын хамгийн сүүлийн жишээг дурьдахад Х.Болдбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Рашаан хотод нэг удаа “айлчлан” зочлохдоо 20.8 сая төгрөгийн зардал гаргасан баримтыг та хараад юу хэлэх бол….!!!
Баримт 3:
Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар өдгөө хувьдаа тансаг орд харш, Ланд-200 тэргүүтэй 3-4 машинтай болжээ.
Тэрбээр 2012 онд засаг дарга болохдоо “би машингүй, хашаа байшинд амьдардаг гэж ярьж байсан бөгөөд орон нутгийн сонгуулиас өмнө дүүргийн орон сууцны газар сан техникийн ажилтан байсан байна. Өдгөө УНҮ 08-86 улсын дугаартай шинэ Ланд-200 маркийн автомашин хувьдаа унадаг, эхнэр нь Сузуки Витара маркийн жийп, хүү нь Марк-2, хүргэн нь Чейзер маркийн автомашин “хөлөглөдөг” болсныг дүүргийн оршин суугчид бэлхнээ мэддэг байна.
Баримт 4:
Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газруудад хууль бусаар газар олгодог байна. Тухайлбал, Засаг даргын шийдвэрээр Налайх дүүрэг 15 га газраа “Тэлмэн констракшн” компанид ямар ч үнэ төлбөргүй өгч, “6000 айлын орон сууц барина, 2014 оны I улиралд эхний ээлжийн 720 айлын орон сууц ашиглалтад орно” хэмээн амлаж байсан ч 2015 оны 1 сар болоод байхад байрандаа ороогүйгээр “дашийн шог” болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд дүүргийн ИТХ-аас огцруулах шийдвэр гарсны дараа 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд Мойлтын тохой гэдэг газарт зуслангийн зориулалтаар 76 айлын газар олгосон байна.
2014 оны 12 сарын 19-ны өдрийн дүүргийн ИТХ-аас Засаг дарга Х.Болдбаатарыг огцруулахаар шийдвэрлэсэн атал өнөө хүртэл “ажлаа өгч чадахгүй” хууль бусаар захирамж гаргасаар байгааг ЭНДЭЭС харж болно.
Баримт 5:
Орон нутгийн хөгжил, төсвийн хөрөнгөөр хийгддэг тендерүүдийг хууль бусаар шалгаруулдаг, танил талдаа өгдөг зэргээс нэг жишээ дурдахад нэг тэрбум төгрөгийн өртөгөөр хийгдсэн ЦТП-1, 4-д ялтсан бойлор суурилуулах ажил юм. 2013, 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус бүр нь 530, 580 сая төгрөгөөр ААВД, Сэнх зэрэг компаниуд дулааны ялтсан бойлор суурилуулах ажил хийсэн ч өдгөө үхмэл хөрөнгө болон ашиглагдахгүй байна.
Баримт 6:
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2014 оны 05 сарын 07-ны өдрийн 567 тоотоор Ч.Зоригт, О.Манарбек нар болон зарим томилгоо хууль зөрчсөн нь тогтоогдсон ч ЗДТГ-ын дарга О.Манарбек өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байна.
Ийнхүү бид Налайх дүүргийн “Нисдэг” Засаг дарга Х.Болдбаатарын талаарх 6 баримтыг дэлгэн харууллаа.
Дүүргийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлсэн 2013 оны Орон нутгийн хөгжлийн сангийн 2.7 тэрбум төгрөгөөр хийгдсэн ажлууд нь хангалтгүй, хариуцлагагүй, тооцоо судалгаа, зураг төсөлгүйн улмаас 324 сая төгрөг эргэн татагдсан. Эргэн татагдсан 324 сая төгрөгийг 2014 онд нөхөн авчирна хэмээн Иргэдийн Төлөөлөгчдийн чуулганд амласан ч талаар болжээ. Мөн 2014 оны хөрөнгө оруулалтаар батлагдсан 2.5 тэрбум төгрөгөөс 1.5 тэрбумын ажил хийгдсэн зэргийг дурдаж болох аж.
Мөн тендерийн баримт бичиг, өдөр цагийг “гар хөл бологчид”-тойгоо хамтран өөрсдийн дураар засдаг, тендерийн дүнгээс хувь авдаг, танил далдаа өгдөг зэрэг хөрөнгө санхүүтэй холбоотой олон асуудлыг дүүргийн төрийн албан хаагчид болон иргэд хэлж байна.
Хамгийн хачирхалтай нь Налайх дүүргийн ИТХ-ын 25 төлөөлөгчийн 14 төлөөлөгчийн саналаар огцорсон Х.Болдбаатар дарга өнөөг хүртэл ажлаа хийсээр, захирамжаа гаргасаар, өөрийгөө өмгөөлсөөр явна.
Орон нутагт шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын тогтоол шийдвэр үйлчлэхгүй бол орон нутагт Иргэдийн Төлөөлөгчдийн хурал гэж байгаад хэрэг байна уу?
Нутаг орноо удирдан залах ажлыг олонхийн саналаар “авсан” бол басхүү олонхийн саналыг дагаж “өгч” сурах хариуцлагатай байх ёстой бус уу? Х.Болдбаатар даргаа
Эсвэл та сандал суудлаасаа буухыг авлига, амьдрах аргаасаа сална гэж ойлгоод байна уу ? Тиймгүйсэн бол “хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэдэг үгийг санан ИТХ-ын шийдвэрийг дагавал ямар вэ?
Г.Эрдэм
ugluu.mn
URL: