“Хамтарч чадахгүй бол боль”

selengeУИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг яг одоо УИХ хэлэлцэж байна. Түүнчлэн хэлэлцэх асуудлын жагсаалттай холбоотой нэлээн шүүмжлэл гарав.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Чуулганы төгсгөл болгонд нэг зүйлээр л байнга маргалдах юм.  Гишүүд өргөн мэдүүлсэн хуулийн төслөө нэхэхээр А.Бакей дарга бусад гэх ангилалд орсон гэж ам таглаад байна.  Анх ярилцсан хуулиудаа яагаад оруулж ирж болдоггүй юм бэ.  Би Малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг өргөн мэдүүлээд хэдэн сар боллоо.  Одоо болтол хэлэлцэхгүй байна. Үүн дээр зарчмаа барьж ажиллах ёстой” гэв.

Үүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “УИХ-ын чуулганаар дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоомжийн жагсаалтыг урьдчилан хэлэлцэж гаргадаг. Бүгд хуулийн дагуу явж байгаа.  Түүнээс марзан зүйл яриад байгаа юм биш. Хуулийн дагуу, дэгийн дагуу хэлэлцэж байгаа шүү.  Гишүүн болгоны хуулийн төслийг хэлэлцэх асуудалд оруулаад байвал батлагдахгүй, бас цаг хугацааны хувьд хязгаарлагдана. Түүнээс замбараагүй, ямар ч бодлогогүй жагсаалтыг оруулж ирсэн зүйл байхгүй. Малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг хэлэлцье гэж Хууль зүйн байнгын хорооноос албан ёсоор бичиг ирээгүй байгаа” гэв.

Харин УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ “УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тогтоолын төсөлд бэлэгдлийн чанартай зүйл олон байна.  Үүнд гишүүд шүүмжлэлтэй хандах нь зөв.  “Шударга ёс” эвслээс нэг зүйлийг байнга хэлдэг.  Манай бүлгээс 29 хуулийн төслийн санал өгсөн.  Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй юм бол яах гэж санал авдаг юм.  Өөрсдөө үзэмжээрээ шийдээд  явах хэрэгтэй. Санал авч байгаа чинь зөрчилдөөн бий болгоод байна.  Эрүүгийн хуулийг цогцоор нь оруулж ирэх ёстой. Эрүүгийн хуулиа дагаад Зөрчлийн тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль орж ирнэ.  Ингээд энэ бүгдийг цогцоор нь оруулах хэрэгтэй байна.  Миний хувьд хуулийн төслөө хэлэлцүүлэх гэж хоёр жил тов хүлээлээ. Мөн ганцхан эвслийн бүлэг Өршөөлийн тухай хуулийг санаачлаагүй. УИХ-ын 24 гишүүн өргөн барьсан.  Гэтэл өнөөг хүртэл хэлэлцэхгүй байна. “Шударга ёс” эвслээс 29 хуулийн төслийн жагсаалт өгсөн. Энэ хуулиуд орж ирэхгүй байна.  Их хурал дээр зөвшилцөл гэж зүйл үнэхээр алга.  Хамтарч байгаа бол хамтарсан шиг хамтар. Чадахгүй бол боль” гэлээ.  Тиймээс “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа.  Ийнхүү УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов.

 

Д.Анар

 


URL:

Нэр: Зочин Огноо: 9 March 2015

чамайг дэмжинэ тавин долоон хулгайч байгаа арван зургаан онд түүнийг илчил чамайг дахин сонгоно

Сэтгэгдэл бичих