Төрийн 14 тэрбум төгрөгийг залгисан утаагүй түлшний үйлдвэрийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

14301_846

Улсын Нийслэл Улаанбаатар маань утаан дундаа манарч, энд амьдрагч иргэд бидний уушги хордсоор. Харин утааг бизнес хэмээн харагчид хөлжсөөр л байна.

“Цэвэр агаар” сангийнхан Улаанбаатарын утааг бууруулах нэрээр дарга, цэрэггүй идэж уусаар эцэстээ ял шийтгүүлсэн. “Нүүрс” хөтөлбөр гэгчийг ашиглан мөнгө завшсан эрх дархтай “нөхдийн” хэргийг АТГ-т шалгасаар байгаа.

Утааг мөнгө олох хэрэгсэл болгон харсан өөр нэгэн хэрэг бол утаагүй түлшний үйлдвэр барих нэрээр төрөөс 14 тэрбум гаруй төгрөг авчихаад өнөөг болтол ашиглалтад өгөлгүй таг чиг болсон асуудал юм.

Одоогоос таван жилийн өмнө тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас утаа бага ялгаруулах хагас коксжсон шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай цогцолбор байгуулах сонгон шалгаруулалт зарласан. Энэ тендерт “Аморе интернэйшнл” болон ОХУ-ын “Сибтермо” компанийн түншлэл өрсөлдөгчгүйгээр шахам шалгарч, 2010 оны долдугаар сарын 9-нд гэрээ байгуулжээ.

Гэрээнийхээ дагуу “ДЦС-2” цахилгаан станцыг түшиглэн жилд 210 мянган тонн хагас коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барих, тус станцын дөрөв, тавдугаар зуухыг “Энерги технологийн төхөөрөмж”-тэй болгон өөрчилж, хосолмол ажиллагаатай болгох, нүүрс хүлээн авах талбайг томсгох, дамжлага болон нүүрс бутлагчийг шинэчлэх зэрэг ажил хийхээр болсон юм. Энэ төслийн нийт өртөг нь 16.8 тэрбум төгрөг байна гэж үзсэн бөгөөд “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгөөр гүйцэтгэхээр болсон аж.

Гэвч энэ тендерт шалгарсан “Аморе интернэйшнл” ХХК ЭБЭХЯ-наас 2010 онд тав, 2011 онд есөн тэрбум нийт 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэхэд зориулан хүлээн авсан боловч гэрээт хугацаандаа ажлаа дуусгалгүй, Нийслэлчүүд утаа бага ялгаруулах коксжсон түлшээ хүлээсээр хэдэн оныг элээв.

Ингэж удааширсан шалтгаанаа “Багануурын уурхайгаас гарч буй нүүрсний шинж чанар өөрчлөгдсөн, шороо, чулуу их байгаа нь хүндрэл үүсгэж байна” хэмээсэн юм байх. Харин 2013 онд Уул уурхайн сайд дээрх төслийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллуулснаар “Багануурын нүүрсний үнсний хайлах температур 200 градус цельсээр өөрчлөгдсөнөөс хамаарч технологийн хүндрэл үүссэн гэсэн нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

Түүгээр зогсохгүй 3.04 тэрбум төгрөгийг компанийн бус, хувийн дансанд шилжүүлэн авсан нь ч аудитын шалгалтаар тогтоогдсон гэнэ. Мөн төслийн санхүүжилтээс иргэн З.Туул, Т.Ганболд нарт бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулалгүйгээр дансаар болон бэлнээр багагүй хэмжээний мөнгө олгосон нь тодорхой болсон гэнэ.

Төслийн хүрээнд “ДЦС-2” ТӨХК-ийн хоёр зуухыг шинэчлэхээс тавдугаар зуухыг энерги технологийн төхөөрөмж болгох ажил хийсэн боловч коксжсон утаагүй түлш үйлдвэрлэх төслийн үр дүн гараагүй зогсжээ. Хэдийгээр ингэж зогссон ч хагас коксжсон түлш үйлдвэрлэх цогцолбор байгуулах ажлын гүйцэтгэл 83.9 хувьтай байгаа гэдгийг аудитын байгууллагынхан дүгнэжээ.

14 тэрбум гаруй төгрөг авчихаад үйлдвэрээ хугацаандаа ашиглалтад оруулаагүй, өнөөг хүртэл таг чиг байгаа “Аморе интернэйшнл” компанийнханд төр зүгээр л мөнгөө өгчихөөгүй нь ойлгомжтой.

3.04 тэрбум төгрөгийг компанийн бус, хувийн дансанд шилжүүлэн авсан нь ч аудитын шалгалтаар тогтоогдсон.

Араас нь нэхэл дагал болж, УИХ-ын Төсвийн байнгын хороо, Уул уурхайн, Эрчим хүч, Сангийн яамныхан аудитын дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хандсан аж.

Аудитын дүгнэлтээр “Барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахдаа бодит байдлаар гүйцэтгэсэн ажлаар алдаатай гаргасан төсвийн дагуу бичиж баталгаажуулсан.

Мөн дөрөвдүгээр зууханд тавиагүй тоног төхөөрөмжийн өртгийг ажлын гүйцэтгэлд тооцож оруулсан, задаргаа тооцооллуудыг нэмж үзэхэд баталгаажсан хуудас дээрх дүнтэй таарахгүй байлаа. Төсөл арга хэмжээг ТЭЗҮ бүрэн боловсруулж дуусаагүй, зураг төсөвгүй байхад төлөвлөгөө, төсөвт тусгаж баталсан нь Төсвийн тухай, Барилгын тухай хууль зөрчсөн байна” гэжээ.

Улмаар энэ асуудалд “Аморе интернэйшнл” компанийн захирал П.Баатарсүрэнд 2013 онд УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйл дэх эд хөрөнгө завшиж үрэгдүүлсэн, 174 дүгээр зүйлд заасан батлагдсан зураг төсөлд тохироогүй барилга бариулсан, 273 дугаар зүйлийн төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн жил гаруйн хугацаанд шалгажээ.

Мөрдөн байцаалтын шатанд “Аморе интернэйшнл” компанийнхан төсөл хэрэгжүүлэх хугацаанд дөрвөн удаагийн ажлын гүйцэтгэлээр Улсын төсвөөс буюу ЭБЭХЯ-наас 14 тэрбум 58 сая долоон зуун мянган төгрөгийн санхүүжилт авсныг тогтоожээ.

Гэвч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, батлагдаагүй зураг төсвөөр 14 тэрбум төгрөгийг үр ашиггүй шахам байгууламж болгосон, ингэх явцдаа хувийн дансанд гурван тэрбум төгрөг шилжүүлсэн гэх мэт гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасныг аудитын байгууллага тогтоочихоод байхад прокурорын байгууллага хэргийг нь хэрэгсэхгүй болгосон байх юм.

Ядаж утаа бага ялгаруулах коксжсон түлшний үйлдвэрээ ашиглалтад оруулж, Улаанбаатарын утаа багассан бол толгойг нь илж болохсон. Гэтэл үр дүн гараагүй, мөнгийг үр ашигтай зарцуулсан эсэх нь тодорхойгүй ийм тохиолдолд прокурорын байгууллагынхан мөрдөн байцаагчдаар баахан цаас бэлдүүлж байгаад хаасан нь хачирхалтай.


URL:

Сэтгэгдэл бичих