Хулгайч нарын “хувьсгал” буюу дархлагдсан хулгайч байлгах бодлого
/Өршөөлийн буюу ил тод байдлын хууль гэгчийн цаад талд…/
Өнөөгийн манай төр засгийн “бодлого”-ыг “Хулгайчийн бодлого” буюу хулгайчийн сэтгэл зүйд хөтлөгдсөн бодлого гэж, ер нь 1990 оны “Ардчилсан хувьсгал” гэдгийг Монголын ард түмний итгэл сэтгэлээр тоглосон “хулгайч нарын хувьсгал” гэж албан ёсоор оноон нэрлэж түүхэнд тэмдэглэх нь, энэ нэрээр ярьж, бичиж хэвших нь илүү оновчтой, зөв тодорхойлолт болох биз ээ.
Хулгайчийн хүсэл эрмэлзлэл сэтгэл зүй ямар байдаг юм бэ? гэж асуух хүн гарахгүй байх.
Мэдээж хулгайч гэдэг бол 1-рт яаж ч эвдлэн сүйтгэх бай хамаагүй, хичнээн хүний амьдралыг хохироогоод ч хамаагүй бусдын юмыг завших, 2-рт түүнийхээ төлөө ямар нэг ял шийтгэл хүлээхгүй байх гэсэн хоёр л хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Би хулгай хийчихлээ, бусдыг хохироочихлоо, тиймээс ял шийтгэл хүлээе гэж хэлсэн хулгайчийг та үзсэн үү?! Үгүй. Харин ч хулгай хийсэн гэмт хэргийнхээ төлөө ямар нэгэн ял шийтгэл эдлэхгүйгээр “дархлагдах” хүсэл эрмэлзлэл бол хулгайч, гэмт хэрэгтний л ганц хүсэл. Хулгай луйвраа монголын ард түмний төлөө хийсэн гавъяат үйлс мэтээр “дэмийрэх” нь тэдний сэтгэл зүйн онцлог юм.
Үүнийг өмнөх нийгмийн үед Монголын ард түмний бүтээн бий болгосон их хөрөнгийг өмч хувьчлал нэрээр хэдэн хулгайч, луйварчин хуваан завшихдаа Улс орны эдийн засгийн үндсийг бүгдийг нь бүрэлгэн сүйтгэсэн жишээнээс та бид тодорхой мэдэх билээ.
Тэр л хулгайлах сэтгэлгээ, хулгайч нарын хүсэл сонирхлыг төрийн бодлого хэмээн бид андуурсаар өнөөдрийг хүрлээ. Одоо бүгдээрээ эрүүл ухаанаар эргэцүүлээд харцгаая!
Тухайлбал өнөөдөр эдийн засгийн өршөөлийн хууль буюу ил тод байдлын тухай хууль гэгч улс оронд ямар хэрэгтэй талаар хулгайч луйварчид яаж солиорч байгааг хар л даа. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавын бичсэн “Ил тод байдлыг дэмжих хуулийн эргэн тойронд …” гарчигтай нийтлэлд “Манайд өмнө нь гарсан Татварын өршөөлийн хоёр ч хуульд ААН, хувь хүн, аль алиныг нь 100 хувь хамруулж чадаагүйгээс олон боломжоо алдсан. Нэг үе эдийн засаг 17 хувь хүртэл өсөхөд өршөөлд хамрагдаагүй этгээдийн орлого хоёр дахин багасч, нэг тайлан баланстай болж хамрагдсан хүмүүс санхүүгийн эрх чөлөөгөө эдлээд орлого нь 3-5 дахин нэмэгдсэн. Тэр үед дөрвөн тэрбум ам.доллар ил гарсан. Ингэснээр эдийн засаг өссөн.” гэж ёстой л ичих булчирхайгүй худлаа залсан бол мөн “Өглөөний сонин”-д хэвлэгдэж, цахим хуудсуудад тавигдсан “Өршөөлийн хууль эдийн засгийн хямралаас гарахад ихээхэн тус хvргэсэн” гарчигтай үгүүлэлд “2007 оны татварын өршөөлийн хууль 2009 оны санхvvгийн хямралыг давахад ихээхэн тус болсон. Тухайн vед … төрийн “ивээлийг” хvртэн, vvцээ задалж, дөрвөн тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулсан тvvхтэй” гэж санаан зоргоороо буржээ. Нэрнийхээ өмнө “Урбаник” гэх тодотголтой байгаад сүүлдээ “урваа-1“ гэж “цоллуулах” болсон Б.Лхагважав гэгч энэ этгээд телевизийн ярилцлагад ч энэ л үгээ ярьж байсан бөгөөд өмнөх өршөөлийн хуулийг санаачлан зүтгүүлэгч нь байлаа. “Амташсан хэрээ 13 эргэдэг”-ийн үлгэр энэ биз ээ.
Энэ этгээдийн батлаж байгаагаар бол хулгайч нар энэ нөхөрт “би тэдийгээ гаргалаа” гээд нуун дарагдуулсан орлогын мөнгөө үзүүлэн, баталгаа баримтаа гаргаж өгч, бүртгүүлж байсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл татвараас зайлсхийж элдэв хууль бус аргаар мөнгө олдог хулгайч нарын нэгдсэн санхүүг Б.Лхагважав гэгч энэ этгээд барьж байдаг юм уу, хянаж байдаг “овгор нь” бололтой юм байна. Ямар ч статистик мэдээлэлд байхгүй ийм тоог ганцхан тэр л сайн мэдээд яриад байгааг өөрөөр ойлгох аргагүй юм.
Түүнээс гадна 2008 оны 7 сарын 01-ний хэрэг явдлын дараа С.Баяр гэгч хар мөртэй этгээдийн өөрийнх нь нэрлэснээр “стандарт бус” гэх МАНАН бүтцийг бий болгосны үр дүнд “Оюутолгойн гэрээ” гэгчийг байгуулан Рио Тинтогоос урьдчилж авсан долларыг тарааж бужигнуулснаар 2009 онд эдийн засаг сэргэсэн мэт дүр зураг харагдсаныг Б.Лхагважав өршөөлд хамрагдсан хулгайч нарын ил гаргасан мөнгөөр “эдийн засаг хямралаас гарсан” гэж донгосож байгаа нь харин ч бүр эсрэгээрээ тайлбарлагдана.
Түүний хэлсэнчлэн хулгайч нар өршөөлийн хуульд хамрагдсанаар нууж байсан доллараа эргэлтэнд оруулж орлогоо 3-5 дахин өсгөсөн юм бол тэр нь тараагдсан “буяны” мөнгийг богино хугацаанд иргэдийн гар дээрээс ховх сорон өөрсдөдөө хуримтлуулж эдийн засгийн эргэлтийг зогсоон хямруулах үр дагаврыг бий болгожээ гэж дүгнэж болно. Учир нь эдийн засгийн хямрал гэдэг бол хөрөнгө мөнгө усанд уусаж, агаарт шингээд алга болчихож байгаа хэрэг биш харин цөөнхөд төвлөрч хуримтлагдсанаар эдийн засгийн гүйлгээний эргэлт зогсох төлөв байдалд шилжиж байгаа үзэгдэл гэдгийг нийгмийн олонхи өнөөдөр ойлгодог болжээ.
Капиталист байтугай Империалист гүрнүүд ч үүнээс сэргийлж, монополийг задлахыг /өнгөн талдаа ч болов/ зөвшөөрөн хуульчилсан байдаг билээ.
Гэтэл манай хэдэн луйварчин Монголын баялагийг худалдаад, бас өр тавьж өдий төдийгөөр нь зээл авчихаад, тэр их мөнгийг хууль бус элдэв аргаар хэдүүлхнээ хурааж завшдаг, тэгснээр эдийн засаг хямарч нийгмийн олонхи болсон жирийн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байхад луйварчид нь улсаасаа илүү баян чинээлэг болсноо дэлхий дахинд зарлан тунхаглаж байдаг болсныг бид харсаар байгаа.
Үнэхээр өршөөлийн хуулийн үр дүнд эдийн засаг сэргэсэн, эрүүлжсэн юм бол өнөөдөр дахин өршөөлийн хууль гаргах шаардлагагүй болж, татвараас зайлсхийсэн, эдийн засгийн гэмт хэрэг үгүй болсон л байх байлаа. Гэтэл эрүүлжих, засрах нь байтугай өршөөлд хамрагдах эдийн засгийн хууль бус үйл ажиллагааных нь төрөл олширч, хүрээ нь тэлснийг уг хуулийн төслөөс харж болох байна.
Чухам тэгээд ямар хэргүүд өршөөгдөхөөр туссаныг сонинд нийтлэснээс нь лавлаж үзвэл “…Эдийн зас¬¬гийн өршөөл vзvvлэх тухай хуулийн төсөлд тусгаснаар Эрvvгийн хуулийн 158 дугаар зvйлийн Vнэт цаасны тухай хууль тогтоомж зөрчих, 158.1-ийн Даатгалын тухай хууль тогтоомж зөрчих, 159 дvгээр зvйлийн Аудитын тухай хууль тогтоомж зөрчих, 161-ийн Хориглосон vйлдвэрлэл, vйлчилгээ, худалдаа эрхлэх, 166-ын Татвар төлөхөөс зайлсхийх, 168-ын Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийг хууль бусаар ашиглах, 175-ын Эд зvйлийг хууль бусаар хил нэвтрvvлсэн, 175.1-ийн Хориглосон буюу хязгаарласан эд зvйлийг бага бус хэмжээгээр, ховор амьтан, тvvнчлэн их хэмжээний валют, валютын vнэт зvйл, эрдэнэс, эрдэс, тvvнчлэн байгалийн төрцийг улсын хилээр хууль бусаар нэвтрvvлсэн гэсэн зvйл заалтуудыг зөрчсөн этгээд энэхvv өршөөлд хамрагдах боломжтой.” гэжээ.
Эндээс харвал “чи хөрөнгө мөнгөтэй болохын тулд “эдийн засгийн” гэсэн “хаягтай” ямар ч гэмт хэрэг хийхээс айх хэрэггүй” гэж уриалах шиг! Харж байгаа биз. Бүр “их хэмжээний валют, үнэт зүйл, эрдэнэс, эрдэс байгалийн төрцийг …” улс орноосоосоо хулгайлан авч гадагш гаргасан этгээдүүд өршөөлд хамрагдана гэнэ шүү! Үүнийг санаачлагчид Монгол улс Монголын ард түмэнд ямар их өширхөн хорсоно вэ?!
Хуулиа дээдлэн мөрдөж, нийгэмд бүтээлч хөдөлмөрөөрөө хувь нэмрээ оруулан татвараа төлдөг нийгмийн шударга хэсэг нь арай ядан оршин тогтож, зарим нь ч дампуурч байхад, харин хууль бус үйл ажиллагаа явуулж, орлогоо нууж, татвараас зайлсхийж, өөрөөр хэлбэл дусал усны төдий ч хувь нэмэр оруулахгүйгээр барахгүй улс нийгэмд их хэмжээний хор хохирол учруулан, өөрийн хөрөнгөө арвижуулагч хулгайч, луйварчин нөгөө хэсэг нь ийнхүү “төрийн ивээл” хүртэн байсхийгээд л “нэг удаагийн” өршөөлийн хууль гэгчид хамрагдан, хууль бус үйл ажиллагаандаа хариуцлага хүлээхгүй, татвар төлөхгүй байх эрхээр тасралтгүй хангагдаж байдаг “дархлагдсан хулгайч”-дын нийгэм байгуулах бодлого гэхээс өөрөөр хэрхэн ойлгох билээ.
“Ард түмнийхээ сонголтыг сонсоно” хэмээн хичнээн уран гоё үг хэрэглэсэн ч гэлээ Америкийн кинонуудад гардаг шиг хэн нэгний толгойд буу тулган “Мөнгөө өг, эсвэл үхлээ сонго” гэх дээрэмчний заналхийлэлтэй утга адил сонсогдох “Эсвэл Оюутолгой, Тавантолгой, Гацууртын орд зэргийг зарах эрхийг надад өг, үгүй бол та нарын хэрэглээг хасна” гэсэн балмад увайгүй тулгалтыг ард түмэндээ хийж, хууль бус санал асуулга гэгчийг явуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль бусаар ашиг орлогоо арвижуулагчдаас татвар авахыг татгалзсан “өршөөлийн хуулийн төсөл” гэгчийг УИХ-д хэлэлцүүлэхээр оруулсан нь Улс орны эдийн засгийг сэргээх биш, харин улс орон, ард иргэдээ цөлмөн дээрэмдэх луйварчны санаа зорилго агуулж байгааг ил тодорхой харуулж байна бус уу?!
Одоо бүр нэмээд казиногийн хууль гэгчийг батлан гаргаад газар газрын хөлтэй луйварчдыг цуглуулан монголын ард түмнээс хулгайлсан луйвардсан бүхнээ казиногоор дамжуулан угаадаг, казиночдоор дамжуулан гадагшлуулдаг болох юм биз дээ!
Улс орны эдийн засгийг сэргээхэд Ерөнхий сайдын ухаан даанч хүрэхгүй 3 дахь арга зам бол татвараас зайлсхийсэн гэмт хэрэгтнүүдийг өршөөх бус харин нуусан татварыг нь хуулийн дагуу татан авснаар ямар ч ордыг зарахгүйгээр, гадны ямар ч хөрөнгө оруулагчийг царайчлахгүйгээр ард иргэдээ хангалуун сайхан амьдруулж хүрэлцэх билээ.
О.Лхагвадорж
URL: