Төв талбайн нэрийг хуучнаар нь үлдээхийг хүслээ

Монгол Улсын тусгаар тогтнолыг тунхаглагч ХХ зууны эрх чөлөөний тэмцэгч Д.Сүхбаатарын мэндэлсний 122 жилийн ой өнөөдөр тохиож байна. Д.Сүхбаатар жанжин 1893 оны хоёрдугаар сарын 2-нд Маймаа хотноо Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны харъяат Дамдины гэрт төрсөн бөгөөд 14 настайдаа бичиг үсэг сурсан энэ хүн 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажиллаж, 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдаж байсан түүхтэй.

Түүнчлэн 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, Оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн, 1922 онд Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон, 1923 оны арваннэгдүгээр сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзсан гээд түүхний шаргал хуудсанд түүний гавьяа хадгалагдсаар байна.

Түүгээр ч барахгүй нийслэлчүүд бид төв талбайдаа жанжны хөшөөг мөнхөлж, түүний нэрээр нэрлэсээр олон жилийг үдсэн. Харин өнгөрсөн 2013 оны долдугаар сарын 15-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоол гарч төв талбайг Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэх болсон. Үүнд жанжин Д.Сүхбаатарын үр удам нэлээд дургүйцэж байгаагаа илэрхийлэн өнгөрсөн баасан гарагт хэвлэлийн хурал зарлаж, өндөр өвгийнхөө төрсөн өдрөөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн 79 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагаа мэдэгдсэн юм.

Энэ үеэр жанжин Д.Сүхбаатарын гуч Д.Сүхжаргалмаа “Ардчилсан ёсонд иргэдийнхээ саналыг харгалзан үздэг байтал биднээс асуулгүй төв талбайн нэрийг өөрчилсөнд ард түмнийхээ өмнөөс гомдолтой байна. Сүхбаатарын талбай бол дан ганц манай гэр бүлийн төдийгүй нийт монголчуудын бахархалт бүтээн байгуулалт. Учир нь  тусгаар тогтносон Монгол Улсыг цогцлоон байгуулахад сэтгэл зүрхээ зориулсан хүмүүсийн хөдөлмөрөөр бүтсэн, өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт бол энэ талбай юм.

Ер нь Сүхбаатарын хөшөө бол Монгол Улсын нийслэлийг дэлхийд төлөөлдөг бэлгэдэл. Олон улсын мэдээллийн хэрэгслээр Улаанбаатар хотыг энэ хөшөө л төлөөлдөг биз дээ. Монголын шинэ түүхийг бичилцэж явсан маршал Х.Чойбалсан, Самбуу даргын үр удам өнөөдөр ч тасраагүй байна. Хэдийгээр бидний гэр бүлийнх мэт боловч энэ бол улс орны асуудал. Манай гэр бүлийн түүх Монгол Улсын түүхтэй холбоотой учраас хэл ам, маргаан үүсгэхийг бид хүсдэггүй. Тиймээс анх хэл ам хийгээгүй юм.

Тухайн үед талбайн нэрийг өөрчилсөнтэй холбоотой МАН-аас мэдээлэл хийж байсан. Ер нь сүүлийн үед бүхнийг шинэчлэх гэж зүтгэдэг болж. Э.Бат-Үүл дарга хүртэл ийм зүйл хийж байгаад гайхаж байна. Тэрбээр Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч Сэнгийн Эрдэнэ хэмээх агуу хүний хүү. Магадгүй хэдэн жилийн дараа одоогийн эрх баригчдаас ондоо үзэл баримтлалтай нөхдүүд гарч ирээд “С.Эрдэнэ гэдэг зохиолчийг өөр хэн нэгнээр солих нь зүйтэй. Энэ хүний буруу байж” гээд яривал С.Бат-Үүл даргад гомдолтой л санагдах байх даа. Тиймээс бид өндөр өвгийнхөө нэрээр нэрлэгдсэн энэ талбайн нэрийг сэргээж өгөхийг хүсч байна.

Би эцэг, эхээс тавуулаа. Бидний нэр Сүхээр эхэлдэг. Хүн бүр өвөг удмаараа бахархдагтай адил манай гэр бүл буурал өвөөгөө хүндэтгэдэг” хэмээж байв. Дашрамд дурьдахад, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас баталсан уг тогтоол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д“ гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох…” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааруулж хуульчилсан байдаг хэдий ч Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан нэрлэгдсэн нэрийг өөрчлөх эрхийг олгоогүй гэж НИТХ-ын МАН-ын бүлэг үзэж байгаа гэнэ. Мөн Их эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн аймгийн төв, аялал жуулчлалын цогцолбор, архи дарс гээд олон зүйл байгааг сануулж, Ардын хувьсгалын удирдагчдын нэг, Оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн их жанжин Д.Сүхбаатарын нэрийг сэргээж өгөхийг хүссэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих