Сайхан улс орон байгуулах гаж тогтолцоо

527-1422978874214ci57dhc1savap2v3gspv6n9“Эх орон, ард түмнийхээ төлөө БИ зүтгэнэ” гэж ёстой цээжээ дэлдэж УИХ-ын гишүүнээр сонгогдоод 100% эсрэг ажиллагаа явуулаад байж болдог тогтолцоо АРДЧИЛЛЫН ГАЙХАМШИГ юм. Ямар ч буруу зүйл хийсэн шийтгэлгүй, харин бүр дахин сонгогдоод байдаг нь бүр гайхамшиг. Улс орноо хохироож, ард түмнээ доромжлоод хатуудаа ОГЦОРЛОО гэдэг жүжиг тоглоод болчихдог гайхамшигтай тогтолцоо. Болохгүй бол гадаадад гараад амьдарчихна.

Ардчилалсан тогтолцоо бол луйварчин, хулгайч нарын хувьд баараггүй ашигтай эрх чөлөө, диваажин юм. Харин энгийн шудрага, хөдөлмөрч хүний хувьд тамын там, үйлийн үр юм. Ёстой үйлийн үрээрээ шудрага иргэд өнөөх хулгайч луйварчдаа ахин дахин сонгож дарлуулах нь бүр ид шид гэлтэй.

Яагаад?

Ардчиллаас илүү сайн тогтолцоо байхгүй гэж бүх нийтийг хууран мэхэлсэнд оршино. Энэ технологийг хөрөнгөтнүүд удаан хугацаанд нарийн боловсруулж дэлгэрүүлсэн байдаг. Гол механизм бол бүх юмыг тодорхой хугацаанд зангидаж өгөх буюу 4 жил тутам явуулдаг бүх нийтийн СОНГУУЛЬ. Өөр үгээр бол ямар ч салбарт, ямар ч эрх мэдэлтэй удирдах албанд ТҮР ЗУУРЫН УДИРДАГЧ байлгах явдал хамгаас чухал ажээ.

Улсыг авч явахыг хэлэх биш, зүгээр зорчигч тээврийн онгоцны нисгэгч болоход хэдэн жил сурдаг вэ? Дор хаяж 10 жил. Хүний эмч бэлдэхэд 10 жил, малын эмч болоход 5 жил бэлддэг. Гэтэл улсын тэргүүн болохын тулд сурах бэлдэх хэрэггүй. Гайхамшиг. Ингээд 4 жил тутам хамгийн хулгайч луйварчин “Нам”-ын төлөөлөл буюу төгс худалч нь улсын Ерөнхийлөгч эсвэл Ерөнхий сайд болно. Тэгээд 4 жилд улсыг удирдахад суралцана гэдэг үлгэр биш гэж үү? Улсыг авч явах хамгийн сайн мэргэжлийн баг бүрдүүлэхэд дор хаяж 2 жил болно. Гэтэл дараагийн сонгууль тулчихна. Худлаа ярьж, хулгай хийхээс өөр юу хийх вэ? Эсвэл хэдийнээ мөнгийг нь авчихсан захиалгат ажлаа хийнэ. Ийнхүү ардчилсан сонгуулийн систем нь өөрөө ГАЖ ТОГТОЛЦОО юм.

Хялбаршуулж хэлвэл жолоочийг 20 минут тутам солиод байгаа автобусаар яаж хүссэн газраа хүрэх вэ? Дээр нь жолооч болгон өөр өөр замыг сонгоод, эд ангиа солиод байх эрхтэй шүү. Бүтэн 25 жил болоод байхад яагаад хүссэн газраа очихгүй байна гэж бодож үзсэн үү? Хариулт ердөө энэ.

Улсыг удирдан авч явах нь автобус, онгоц жолоодохоос харьцуулашгүй хэцүү юм. Хамгийн сайн баг цугласан ч улсын байдлыг дүгнэж, хол ойрын бодлого боловсруулж, үйл хэрэг болгоно гэдэг бүтэлгүй хэрэг. Ийм л тогтворгүй байдал үүсгэж, өр зээлэнд умбуулж эрхшээлдээ оруулж, байгалийн баялгийг үнэгүй шахуу авах нь ардчилал импортлосон гадны либерал хөрөнгөтний гол зорилго байсан юм. Тэд хүссэндээ хүрч байна. Тэрний нотолгоо байгалийн баялагтай иргэдийн ядуу зүдүү амьдрал гэнэ.

Дөрвөн жил болгон солих ёстой гээд итгүүлчихсэн явдал гэж. Үнэндээ барилгын даамалыг 4 өдөр тутам солих ёстой гээд солиод мөрөөдлийн байшингаа босгох гээд үздээ. Хэзээ ч чадахгүй. Ямар нэгэн байшин боссон ч урдахь даамалын буруу шийдвэр гэсээр үлгэр дуусна. Яг ийм л үлгэр улс орны хэмжээнд болсоор байна. Ардчилсан гаж тогтолцоо юм.

АНХААР. Ардчиллын тархи угаах тусгай технологийн дагуу хүн болгоныг улс төр нийгмийн идэвхгүй, улс төрөөс дэндүү ангид, нэгдэх чадваргүй, хувиа хичээсэн, үлбэгэр сул дорой болгосоор байна.

ҮНЭН. Үнэхээр ард түмэнд ямар нэгэн эрх мэдэл, хүч чадал гэж байдаг бол энэ гаж тогтолцоог өөрчлөхөөс нааш хүссэн шудрага улс орноо байгуулж хэзээ ч чадахгүйд үнэн оршино.

Эмч, уулчин Л.Баярсайхан


URL:

Сэтгэгдэл бичих