Тогооруугаа ”нулимах”-ын учир

altaaУИХ-ын гишүүн Н.Алтанхуягт гомдох хүн олон бий. Түүнд гомдогсдыг хуруу даран тоолбол 15-20 мянга давсан гэх судалгааны дүнд ч гарсан байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, энэ бол Н.Алтанхуяг сайдын үед ажилгүй болсон иргэдийн тоо. Гэхдээ мэдээж энэ нь албан ёсны байгууллагад бүртгэлтэй тоо биш. АН олонхийг бүрдүүлж, Н.Алтанхуяг Засаг толгойлсон цагаас төрийн албан хаагчдыг хоморголон халах ажиллагаа ёстой нэг утгаараа хэрэгжсэнийг уншигч та ч бас мартаагүй байгаа биз.

Гэхдээ Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Алтанхуяг сайд шалтгаангүйгээр энэ тооны хүмүүсийг халаагүй. 20-иод мянган хүнийг ажилгүй болгосноо тэрбээр “Бүтцийн өөрчлөлт, өөрөө өргөдлөө өгсөн, өөр ажилд шилжсэн” гэх мэтээр ангилаад цэвэрхэн аргалаад өнгөрсөн байдаг. Ингэхдээ 11 мянга нь өөрөө өргөдлөө өгсөн бол 11 мянга нь өөр ажилд шилжсэн гэж тайлбарладаг. Хэдийгээр олонд хүрсэн тайлбар цаасан дээр ингэж буусан ч бодит байдал эсрэгээрээ байсныг гэрчлэх хүн олон бий. Н.Алтанхуяг сайд Засгийн газрын тэргүүн болонгуутаа ингэж олон хүнийг халсан нь хамгийн түрүүнд намчирхалтай холбоотой. “Төрийн алба хамгийн найдвартай” гэдэг үг энэ үеэс түүх болсон гэвэл хилс үл болно. Учир нь Н.Алтанхуяг сайд төрийн албан хаагчдыг намаар ялгаварласан бөгөөд өөрийн намынх биш л бол “зайлуулах” тактикаа хэрэгжүүлж, “Өөрөө өргөдлөө өгсөн” гэх нэрийн дор явуулж байсан нь нууц биш.

Энэ бол түүнийг хүчтэй, бяртай байх үеийн явдал. Нэг үгээр бол, эрх мэдэл ямар хүчтэйг Н.Алтанхуяг сайд нэгэн үе бодитоор харуулж байсан үе. Харин өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүнд Монгол төрийн 3 дахь эрхэм бөгөөд эрх баригч намын дарга гэх тодотгол байхгүй. Нэг ёсондоо, өнөөдөртөө түүнд хүссэнээ хийх бяр алга. Гэсэн ч түүнд бусдыгаа шүүмжлэх, баалах орон зай их байгаа бололтой. Засгийн газрын тэргүүний суудлаа өгч, гурван сар гаруйн хугацаанд “Хаан жимс”-дээ нам жимхэн байсан тэрбээр эргэж ирэхдээ орыг нь залгаж суугаа Ч.Сайханбилэг сайдыг “Хоосон популизм хийлээ” хэмээн гарч ирсэн.

Гэтэл түүний муу үг үүгээр дуусаагүй бололтой. Мөн л өөрийн заларч байсан суудалд суусан хүнд хатуу үг чулуудах нь тэр. Энэ удаад тэрбээр УИХ-ын бөгөөд АН-ын дарга З.Энхболдод албан тоот илгээж, “АН, МАН хоёр хамтарсан нэрээр төрийн албан хаагчдыг ажилгүй болгож болохгүй” хэмээн сануулаад авлаа. Н.Алтанхуяг гишүүний анхаарлын төвд эргэн ирсэн хоёр алхам харамсалтай нь тогоо руугаа “нулимсан” хэрэг болов. Ийн хэлэхийн учир нь Н.Алтанхуяг гишүүний өдгөө өөлж баалаад, болж бүтэхгүй байна хэмээгээд байгаа хоёр хүний оронд нэгэн цагт тэр өөрөө сууж явсан.

Угтаа тэртэй тэргүй улс орны эдийн засаг хүндэрсэн энэ хэцүү цагт хүссэн хүсээгүй төрийн гурван өндөрлөгт чиглэх муу үг тасрахгүй. Тэр дундаа Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр эдийн засгийн хүндрэлтэй үед хэзээ ч моодноос гарахгүй. Үнэндээ байдал ямар байгааг, энэ хүмүүс яаж ажиллах учиртай, яагаад шүүмжлэлийн бай болоод байгааг мэдэхийн дээдээр мэдэж байгаа хүн нь Н.Алтанхуяг. Учир нь түүнд төрийн жолоо атгалцаж, тодорхой шийдвэр гаргаж явсан үе бий. Тэр ч бүү хэл, эдийн засаг хүндэрч, улс орны байдал ингэтлээ доройтохын эхлэлийг тавьсан хүнээр олон нийт түүнийг аль хэдийнэ зарлачихсан. Засаг тэргүүлж байхад нь ч парламентад суудалтай намууд нь түүний үйл хэргийг болохгүй буруу байгааг хангалттай хэлсэн ч нүдэн балай, чихэн дүлий явсаар наад зах нь улсын өрийн хэмжээ хуулийн хязгаараас давж, эдийн засагт өсөлт гэх зүйл гарахаа байсан.

Эцэс сүүлд нь иргэдийнхээ халаас руу гар дүрж, төрөөс олгодог тэтгэлгүүдийг зогсоох, төрийн албан хаагчдаа халахаас өөр аргагүй байдалд орсон. Гэтэл бодит байдлыг мэдэх хүний хувьд тэр ганц зөвлөгөө ч өгсөнгүй. Уг нь унасан хүнийг өшиглөдөггүй гэдэг. Өнөөдөр үнэндээ Ч.Сайханбилэг сайд хэцүү байдалд байгаа. Улс орных нь эдийн засаг цаг минутаар уруудсан, иргэдийнх нь амьдрал бэлхнээ дордсон энэ үед тэр хангалттай баалуулж байгаа. Гэтэл туршлагатай сайд түүнд дэм өгсөнгүй, харин ч баалж, балбах шинжтэй. Н.Алтанхуяг гишүүний энэ байдлыг унасан хүний уур гэж тайлбарлаж болмоор ч юм шиг. Ерөнхий сайд, намын дарга гээд нэгэн цагт түүнд юм юм байлаа. Харин одоо эдгээр суудал дээр нь өөр хүн очсон учраас түүнд таатай санагдахгүй байгаа бололтой. Угтаа Н.Алтанхуяг гэдэг хувь хүнийг улс төрд нэртэй, мөртэй. Сайн муугаар ч хамаагүй хэвлэлийнхний болон олон нийтийн анхаарлаас холддоггүй нэгэн болоход АН, тэр дундаа АН-ын өнөөгийн удирдлагууд, Ерөнхий сайд гэх тодотгол томоохон гавьяа байгуулсан байлтай. Гэсэн ч түүнд энэ бүхэн хангалттай биш бололтой.

Н.Алтанхуяг энэ намд даргын суудалтай бол дуугүй суух. Эс бөгөөс эрс сөрөх бололтой юм. Товчхондоо, өдгөө шүүмжлээд байгаа хүмүүсийн суудал л түүнд илүү харагдаагүй бол ядаж нэг намынх гэдгээ бодоод заавар зөвлөгөө өгч, гарах гарцыг хамтдаа хайлцмаарсан. Үнэндээ Н.Алтанхуяг гишүүний гаргаж байгаа энэ үйлдлийг тогоо руугаа “нулимаж байна” гэж харахаас аргагүй мэт. Угтаа Н.Алтанхуягийг улс төрийн карьерынхаа хамгийн өндөр цэгт байхад нь Ерөнхий сайд бөгөөд АН-ын дарга гэдэг хоёр суудал хамгийн чухал нөлөөг үзүүлсэн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз.

 

М.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих