Төр Гацууртын ордоос хувь эзэмших хоёр хувилбар ярьж байна

527-142293757457863b5afc79df750744965eb580addbbigУул уурхайн сайд Р.Жигжидтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Өнгөрсөн баасан гаригийн чуулганаар Гацууртыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргасан юм уу? 
-Аливаа ордыг стратегийн ордод оруулах тухай асуудал хоёр шаттай байдаг. Нэгдүгээрт, тухайн ордыг стратегийн ордод оруулах эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар шийддэг. Өнгөрсөн баасан гаригт энэ асуудалд шийдэл гарсан. Дараагийн шатанд Гацууртын стратегийн ордоос төр хэдэн хувь эзэмших ёстойг тодорхой болгох асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулна. Ийм процессын дагуу явагдана. Ажлын хэсэг яриа хэлэлцээр явуулж байна.
-Урьдчилсан байдлаар төр хэдэн хувийг эзэмшихээр ярьж байгаа вэ? 
-Гацууртын ордоос төр хэдэн хувийг эзэмших талаар нарийн тогтсон зүйл одоохондоо алга. Хоёр талаасаа сууж нухацтай ярих ёстой. Ажлын хэсгийн хүрээнд төрд 20 эсвэл 34 хувь эзэмшүүлэх хувилбар гарч байгаа. Энэ ордод хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийсэн. Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу бид 34 хүртэлх хувь эзэмших эрхтэй. Хэдэн хувийг эзэмших вэ гэдэг нь хөрөнгө оруулалтаас хамаарна. Том зургаараа Монголд ямар үр өгөөжтэй юм бэ гэдгийг нь бодолцож байж шийдвэр гаргах учиртай. Дээр нь төрийн хүлээх эрсдэл аль болох бага байх талаар анхаарал хандуулна.
Бид уул уурхайн салбарын томоохон асуудалд шийдвэр гаргахдаа байгаль орчны төлөөх төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дуу хоолойг сонсч ажилладаг. Гацууртын алтны ордын хувьд ч ийм байдлаар ажилласан. Ер нь манай яамнаас ч нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэж байгаа. Дээр нь салбарын бичиг баримтад иргэний нийгмийн хяналтын талаар улам тодорхой болгосон. Өнгөрсөн жилээс хойш бид төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан.
Энэ хүрээнд хамтран ажиллаж байна. Аливаа хуульд өөрчлөлт оруулахдаа эрдэс баялгийн бодлогын зөвлөлөөр авч үздэг. Энэхүү зөвлөлд олон талын төлөөлөл багтсан байдаг. Тиймээс бүх асуудлыг олон нийтээрээ хэлэлцүүлж байж шийдвэр гаргах зарчим баримталж байна.
-Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулахаар чуулганаар хэлэлцэж байна. Хэрвээ дагаж мөрдөх журамд өөрчлөлт орвол хэр их талбайд эргэж олборлолт хийх боломж нээгдэх вэ? 
- Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулж байгаа мэт буруу ойлголт төрүүлээд байна. Тийм зүйл огт байхгүй. Урт нэртэй хуулийн агуулга, зорилго маш зөв шүү дээ. Байгаль орчноо хамгаалах, олборлолтыг зөв зохистой явуулахад тус нэмэр болдог хууль. Тэгэхээр бид хуулиа хэрэгжүүлээд явах учиртай. Үүнийг дагалдуулан гаргасан дагаж мөрдөх журамд амьдралд хэрэгжих боломжгүй, хөрсөнд буугаагүй зүйл их орсон. Яагаад гэвэл таван сарын хугацаанд компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг хүлээсэн. Энэ хууль гарсантай холбоотойгоо 1300 гаруй тусгай зөвшөөрөлтэй компаниуд өртөөд байгаа юм.
Уг хууль гарахаас өмнө төр хувийн хэвшлийнхэнд олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгосон. Хөрөнгө оруулалт хийлгэж, баахан мөнгийг нь зарцуулсан мөртлөө гэнэтхэн УИХ-аас хууль батлаад “Наад үйл ажиллагаагаа зогсоо” гэхээр компаниуд их хэмжээний алдагдал хүлээгээд байна. Энэ хохиролыг төр засаг нөхөн төлбөрөөр барагдуулах заалттай. Ингэхийн тулд тухайн компанид учирсан хохиролын хэмжээг шалгаж аудитын дүгнэлт гаргах шаардлагатай болно.
Тэгэхээр аудитын шалгалт хийхэд тодорхой хэмжээний мөнгө зарцуулж таарна. Энэмэтчилэнгээс эхлээд хөрсөнд буугаагүй хууль баталснаас болж төр маш их зардал гаргах болчихлоо. Дээр нь энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хязгаарлалтын бүсийг тогтоосон хэд хэдэн тогтоол гарсан. Хил, заагийг төдийлөн оновчтой тогтоож өгөөгүйгээс зөрчил үүсч байна. Ийм алдаагаа залруулахад их хэмжээний хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулах хэрэгтэй байна. Эдгээр бэрхшээлийг шийдвэрлэхийн тулд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах гэж байна.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хямралыг давахын тулд “Оюутолгой” зэрэг уул уурхайн төслүүдээ хөдөлгөх үү эсвэл зардлаа танах уу гэдгийг ард түмнээсээ асууж байна. Уул уурхайн сайдын хувьд та аль замыг нь сонгосон нь дээр гэж бодож байна вэ? 
- Ерөнхий сайд ард түмнээсээ хоёр асуултыг тодруулж байгаа. Иргэд сайтар тунгааж байгаад өөрсдийнхөө мэргэн хариултыг илгээх байх. Манай эдийн засагт уул уурхай тэргүүлэх байр суурь эзэлдэг. Тиймээс салбар хариуцсан сайдын хувьд боломжтой уул уурхайн ордуудаа хуулийн хүрээнд эргэлтэд оруулж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ёстой гэсэн бодолтой байна. Одоогийн байдлаар гацаанд орсон, талуудтай ойлголцож чадахгүй байгаа ордуудаа хурдан хөдөлгөөнд оруулах нь чухал байна.
-Тавантолгойн хэлэлцээрт шалгарсан консорциумд төмөр замыг бүрэн эзэмшүүлэх боломжгүй тухай УИХ-ын дарга байр сууриа илэрхийлжээ. Ер нь Тавантолгойн төмөр замыг манайх ямар байдлаар ашиглаж байгаа вэ? 
-Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сард гаргасан 268 дугаар тогтоол гэж бий. Энэ нь өмнө нь гацаанд ороод байсан нээлттэй тендэрийг үргэлжлүүлэхэд ямар нөхцөлтэйгээр сонгон шалгаруулалт явахыг тодорхой заасан байдаг. Үүний нэг заалт нь хөрөнгө оруулагч талаар Тавантолгойн төмөр замыг концессийн гэрээгээр бариулаад 30 жилийн дараа төмөр замынхаа суурь бүтцийн 51 хүртэл хувийг Монголын төр үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн нөхцөлтэй юм билээ. Одоогоор гэрээ, хэлэлцээр хэвийн явж байна. Шат, шатандаа энэ тухай танилцуулаад буруу зөв байна уу гэдэг нь шүүгдээд явах байх. Одоо яг таг ийм байна гээд шийдсэн зүйл байхгүй. Эцсийн дүндээ УИХ-ын шийдвэр, Засгийн газраас гаргасан тогтоолуудтай уялдуулж, асуудлыг нэг тийш нь шийднэ гэж найдаж байна.
-Тавантолгойн хэлэлцээрт оролцогч талуудын 51 хүртэл хувь нь үндэсний компани байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Гэтэл хөрөнгө оруулагчаар тодорсон “Энержи ресурс” 100 хувь үндэсний компани биш гэх юм. Энэ тухай та ямар бодолтой байна вэ? 
-Үүнийг нарийн нягталж, үндэсний компани мөн үү, биш үү гэдгийг тогтоосон зүйл алга. Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаар мэдээллийг megaproject.mn цахим хуудсаар олон нийтэд түгээж байгаа. Ер нь хууль тогтоох болон гүйцэтгэх байгууллагаас гаргасан тогтоол, шийдвэртэй зохицож ажиллах ёстой.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: Монголын үнэн

URL:

Сэтгэгдэл бичих