Д.Дорлигжав: Татвараа нуусан хэргээр зургаан хүн ял эдэлж байна
Татвараа нуун дарагдуулсан аж ахуйн нэгж, компаниудад боломж олгох “Эдийн Засгийн өршөөлийн тухай” хуулийн төсөл УИХ-ын даргад очсон. Энэ удаагийн хуулийн төсөл эдийн засгийн гэмт хэрэгт илүү хамаатай хууль юм. Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хуулийн төслийг хүлээн авч танилцсан байна. Улмаар “Зургаан хүнд зориулсан хууль гаргаж болохгүй л дээ” гэж хэлжээ. Учир нь өнөөдрийн байдлаар татвараа нуун дарагдуулсан хэргээр зургаан хүн ял эдэлж байгаа юм байна. Тодруулбал, энэ тухай мэдээллийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав АН-ын бүлгийн хуралдаан дээр танилцуулжээ. Юутай ч “Эдийн засгийн өршөөлийн тухай хууль” батлагдах эсэх нь намуудын бүлгийн түвшинд яригдаж байна.
Энэхүү хуулийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөлтэй уялдуулан боловсруулаад байгаа юм байна.
Тодруулбал, Хуулийн төсөл өршөөл үзүүлэх хэлбэр хэмжээ, өршөөлд үл хамааруулах, хууль хүчин төгөлдөр болох гэсэн дөрвөн бүлэгтэй. Нэгдүгээр бүлэгт, ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэхийг, хоёрдугаарт бүлэгт, зарим хугацааг хэрэгсэхгүй болгохыг, гуравдугаар бүлэгт эрүүгийн хэрэг, захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохыг, дөрөвдүгээр бүлэгт зарим этгээдийг өршөөлд үл хамааруулахыг тусгажээ.
“Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ, хэмжээ” бүлэгт Эрүүгийн хуулийн 158, 1581, 159, 161, 166, 168 дугаар зүйл, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, хорих болон хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн ялтны оногдуулсан болон биечлэн эдэлсэн ялын хугацааг үл харгалзан эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлэхээр, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42, 43 дугаар зүйлд заасан зөрчил гаргаж, захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн биелүүлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл шийтгэлийн хувь хэмжээг өршөөн хэлтрүүлэхээр заажээ. Мөн хуульд заасан ял шийтгэлтэй холбогдох зарим хугацааг хэрэгсэхгүй болгохоор, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр шийтгэх шатанд байгаа эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх шатанд байгаа захиргааны зөрчлийг хэрэгсэхгүй болгохоор заасан байна.
“Өршөөлд үл хамааруулах” гэсэн бүлэгт өршөөлд хамааруулахгүй этгээдийг тодорхойлон тусгажээ. Өршөөлөөр зарим төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ялаас, зарим захиргааны зөрчил гаргасан этгээдийг шийтгэлээс чөлөөлж байгаа нь алдаж, эндсэн иргэндээ төрөөс онцгой итгэл хүлээлгэж байгаагийн илэрхийлэл бөгөөд энэ нь тэдний цаашдын засрал хүмүүжилд эерэгээр нөлөөлнө гэж төслийг санаачилсан Засгийн газар үзсэн байна.
Энэ удаагийн хуулийн төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэл, хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар тусгаж, урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан зохицуулалт оруулж, үүний үр дүнд эдийн засгийн ил тод байдлыг бүрдүүлэх нэг удаагийн журмыг тодорхойлсон байна.
zaluu.com
URL: