МАН-ын бүлэг хямралыг даван туулах 50 гаруй саналыг Засгийн газарт хүргүүллээ
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр бүлгээс боловсруулсан саналыг хэлэлцэн Засгийн газарт хүргүүллээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Содбилэг нар мэдээлэл хийв.
Эдийн засгийн хямралаас гарах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт удаа дараа тавьж байгаа бөгөөд энэ чиглэлээр санал боловсруулах ажлын хэсгийг Ч.Хүрэлбаатар гишүүнээр ахлуулан байгуулсан юм. Энэхүү ажлын хэсэг эдийн засагт нүүрлэсэн хямралд бодитой дүгнэлт хийж, макро эдийн засгийг тогтворжуулах, бодит секторыг дэмжих, хууль эрх зүйн шинэчлэл, нийгмийн хамгаалал гэсэн дөрвөн чиглэлээр тодорхой багц 50 гаруй арга хэмжээ авахыг Засгийн газарт санал болгосон байна. Мөн эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөрийг нэг сарын хугацаанд багтаан боловсруулж УИХ-д өргөн барих саналыг Засгийн газарт тавилаа.
Төсвийн бодлогын хүрээнд
- Төсвийн алдагдлыг эрс бууруулж ДНБ-ий 2.0 хувьд хүргэх.
- Төсвийн хөрөнгө оруулалтаар үр ашигтай, гадаад валютын эрэлтийг бага нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх,
- Төсвийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авахдаа үндэсний үйлдвэрлэлийг дэмжих,
- Төрийн байгууллагуудын ажил үүргийн давхардлыг арилгах, нэгтгэх замаар оновчтой, үр дүнтэй бүтцийг бий болгож төсвийн зардлыг дахин бууруулах,
- Засгийн газрын дотоодод гаргаж буй үнэт цаасны хэмжээг бууруулж, 700 тэрбум төгрөгт хүрээд байгаа зээлийн үйлчилгээний төлбөрийн дарамтыг багасгах, Засгийн газрын үнэт цаасны тодорхой хувийг олон улсын банк, санхүүгийн байгууллага–ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон ЕСБХБ-уудаас авах хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө болгон зохицуулах.
Мөнгөний бодлогын хүрээнд
- Монголбанкны бодлогын хүүг нэмэгдүүлэх,
- Монголбанкнаас гадаад валютын зах зээлд интервенц хийж байгаа үйл ажиллагааг хязгаарлаж, төгрөгийн ханшийг илүү чөлөөтэй болгох,
- Зарим салбар, аж ахуйн нэгжид Монголбанкнаас хөнгөлөлттэй зээл олгосон явдал зах зээлд гажуудал үүсгэж, мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж байгааг хумих,
- Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоох, хөтөлбөрийн хүрээнд олгогдсон хөнгөлөлттэй зээлийг буцаан төлүүлэх.
Бодит секторыг дэмжих чиглэлээр
- Стратегийн ач холбогдолтой, хөгжил дэвшил авчрах томоохон төслүүдэд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө санхүүжилт босгох ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга хэлбэр, механизмаар оновчтой зохион байгуулах
- Эрчим хүчний салбарт том төслүүдийг эхлүүлэх,
- Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд худалдан авагч орнуудтай дунд, урт хугацааны тогтвортой гэрээ байгуулах.
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, компаниудын үйл ажиллагаа нь доголдож, алдагдалтай ажиллаж байгааг зогсоох зорилгоор менежментийн мэргэжлийн баг томилон ажиллуулах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах,
- Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох,
- Төр хувийн сектортой өрсөлдөх биш, харин хувийн секторын бизнесийн орчныг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах,
- Санхүүгийн зах зээлд хөрөнгө оруулалтын сан, баялгийн санг бий болгох.
Хууль, эрх зүйн шинэчлэл
- “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж улс орны дунд, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг боловсруулах
Төсвийн хүрээнд
- “Чингис” бонд, Хөгжлийн банкны бондын 2017, 2018 онуудад төлөгдөх гадаад төлбөрийг улсын төсөвт ачаалал, дарамт үүсгэхгүй байхаар шийдвэрлэх зорилгын хүрээнд хуримтлалын сан байгуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх
Банк, санхүүгийн хүрээнд
- Банкны тухай, Төв банкны тухай хуулийг боловсронгуй болгож, хариуцлага хяналтын тогтолцоог чангатгах, Монголбанкны ерөнхийлөгчийн мөнгөний нийлүүлэлтийг огцом нэмэгдүүлэх эрх үүргийг хязгаарлах, бүтэц чиг үүргийг нь илүү боловсронгуй болгох.
Бизнесийн орчин, ажил эрхлэлт, орлого нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд
- Бизнес дэх төрийн оролцоог багасгах, төрийн хяналт шалгалт, үйлчилгээний стандартыг тогтоож, бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд шаардлагатай хууль, төсөл хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барьж шийдвэрлүүлэх.
- Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 1 хувь болгох,
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан орлогын албан татварын хөнгөлөлтийг Засгийн газар тухай бүр тогтоодог зарчимд шилжих,
- Хямралын үед ажлын байр нэмэгдүүлсэн, ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөх хугацааг хойшлуулах, орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,
- Хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах, ажиллах хүчний зохистой харьцааг хангах үүднээс ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлах.
Нийгмийн хамгааллын чиглэлээр авах арга хэмжээ
- Эдийн засаг хямарсан үед ард иргэдийн амьжиргааны баталгааг хангах,
- Эмзэг бүлгийг эрсдлээс хамгаалах,
- Ядуу иргэдэд туслах зорилгоор нийгэмд чиглэсэн тусгай хөтөлбөрийг олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээлээр хоёр жилийн хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх,
- Стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүд хэрэгжиж, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын ажил эрчимжиж орлого нэмэгдэх хэрээр эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн чиглэлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх, шударгаар хуваарилахад анхаарч ажиллах зэрэг 50 гаруй санал, санаачилгыг дэвшүүллээ.
УИХ дахь МАН-ын бүлэг эдийн засгийг тогтворжуулах бодлогын сонголт нь зөв, оновчтой бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын төлөвлөлт, санал санаачлага, шуурхай ажиллагаа онцгой чухал гэж үзлээ. Мөн Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлын талаар үнэн бодитой мэдээллийг ард түмэнд ил тод, нээлттэй, тогтмол мэдээлж, улс төрийн нөлөөллийг бууруулж, бодлогын хэрэгжилтэд ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авахын зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах, хөтөлбөр хэрэгжүүлэх, тэдний туслалцааг авах нь хямралаас богино хугацаанд хохирол багатайгаар гарахад чухал ач холбогдолтой гэж үзэж дүгнэлээ.
buzznews.mn
URL: