О.Тэнгис: “Жамп” компанийн үйлдлийг эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна
Манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж, дэлхийн зах зээлд алтны үнэ тэнгэрт хадаж байхад манай улс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдээс татвараа авч чадалгүй олон хаврыг үдэж байгаа. Нийтийн баялгаас хувь хүртэж байгаа атлаа нийгмийн болон хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэлгүй татварын өрийн хэмжээ нь тэрбум хол давж, шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдэж байгаа эдгээр компаниудын талаар татварын ерөнхий газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга О.Тэнгистэй ярилцлаа.
-“Алтан Дорнод Монгол” компани манай улсад төлөх ёстой татварын өрөө төлж эхэлсэн гэсэн мэдээлэл гарсан. График байгуулж төлж байгаа юм уу, ТЕГ хүлээж авахаар ямар санал тавьсан юм бэ?
-Энэ компани Олон улсын арбитрын шийдвэр гарснаас хойш үйл ажиллагаагаа идэвхжүүлж, манай улсад төлөх ёстой татвараа төлье гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Ийм саналыг тус компанийн ажилчдын төлөөлөл хүртэл ТЕГ-т илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар ТЕГ тус компаниас 150 орчим тэрбум төгрөгийн авлагатай. “Алтан Дорнод Монгол” компани энэ үнийн дүнгийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй маргалдаад явж байгаа тал бий. Өөрсдийн хүлээн зөвшөөрсөн татварын өрөө графикийн дагуу төлье гэдэг саналыг тус компанийн тэргүүн дэд захирлаар томилогдсон Ж.Бямбаа тавьж байгаа. Энэ хүн тус компанийн нэрийн өмнөөс Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанкны Ерөнхийлөгч, ТЕГ гээд олон газарт хандаж байна. “Алтан Дорнод Монгол” компаниас гол авлагатай ТЕГ энэ асуудлыг олон жил хураагдсан өр өнөөдрийг хүртэл барагдаагүй байхад цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж байхгүй. Өрөө төлсний дараа үйл ажиллагаагаа явуулбал ТЕГ-ын зүгээс аль нэг компанийн үйл ажиллагааг зогсоох, хавчин гадуурхах сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн.
-Одоо ямар байдлаар өр төлөгдөж байгаа юм бэ?
-Шүүхийн шатанд дампуурлын хэрэг үүсээд явж байгаа. Та нар татвараа төл гэж хэлсээр байтал ийм их өртэй болсон хэрнээ дахиад бид алтаа ухаж байгаад өрөө төлье гэсэн зүйл яриад яваад байгаа. Тэдний ирүүлсэн графикаар жилдээ 15-20 тэрбум төгрөг төлөгдөх юм. Энэ тооцоогоор явбал одоогийн үүссэн өр бараг 10 жил төлөгдөнө. Ийм асуудал байж болохгүй. Шүүх энэ хэргийг яаж шийдвэрлэхийг мэдэхгүй байна.
-Дампуурлын хэрэг ямар шатандаа явж байгаа юм бэ?
-Анхан шатны шүүхээр удахгүй шийдэгдэнэ байх. Шүүх хурлын тов хараахан гараагүй байгаа. Гэхдээ “Алтан Дорнод Монгол” компани Монголын төрөөс тодорхой хэмжээний хохирол нэхээд явж байгаа. Үүнийгээ янз бүрийн тоотоор Сангийн яам, ХЗДХ, Монголбанканд илэрхийлээд явж байгаа.
-Энэ нь ямар агуулгатай нэхэмжлэл вэ?
-“Алтан Дорнод Монгол” Монголбанктай алт хадгалах гэрээ байгуулсан байдаг юм. Гэтэл энэ компанийн хоёр тонн орчим алтыг Монголбанк Монгол Улсын нэрийн өмнөөс зарсан. Цэвэршүүлсэн энэ их хэмжээний алтаа Монгол Улсаас буцааж авъя гэж байгаа. УИХ-ын гишүүн О.Чулуунбатыг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед энэ алт хадгалуулах гэрээг байгуулсан байдаг. Энэ гэрээг Зарим бүтээгдэхүүний гэнэтийн өсөлтийн татвараас зайлсхийхийн тулд алтаа төлсөн мэтээр Монголбанктай гэрээ байгуулсан. Үүнийг тухайн үед Татварын алба Монголбанк хэн нэг хуулийн этгээдийг татвар төлөхөөс зайлсхийх алхамд битгий оролцооч. Хадгалалтын гэрээ байгуулна гэдгийн цаад талд бид алтаа борлуулаагүй тул 68 хувийн татвар төлөхгүй гэсэн заль явж байсан. Хэрэв тухайн үед Монголбанк үүнийг худалдаж авсан гэдгээ хэлсэн бол тэр хоёр тонн алтнаас Монгол Улс татвараа аваад ийм асуудал үүсэхгүй байх боломж байсан. Хадгалалтын гэрээ гэж хачин юм байгуулж баахан бантагнуулчихаад одоо өөрсдөө энэ асуудалдаа ороогдоод, нөгөө тал нь тэр алтаа буцааж авах асуудал СЯ, ХЗДХЯ, Монголбанканд албан тоотоор хандаж, манайх энэ алтаа авах ёстой, үүнийхээ зөрүү мөнгийг авч, татварын өрөнд суутгаж тооцъё гээд яриад явж байна.
-“Тавантолгой” ХК-нд холбогдох татварын 80 тэрбумын олон жил дамнасан татварын хэрэг юу болж байгаа вэ. Өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд Дээд шүүхээс анхан шатны шүүхэд энэ хэргийг буцаасан байсан. Нийт татварын өрийн таван тэрбумыг л төлөх ёстой гэсэн шийдвэр хоёр шатны шүүхээс гаргасан байсан гэсэн үү?
-Энэ компани “Алтан Дорнод Монгол” компанитай харьцуулахад, үйл ажиллагаагаа хэвийн явуулж, татвараа цаг хугацаанд нь төлдөг байгууллага. 80 тэрбумын татварын асуудал бол гадаадад борлуулж байгаа нүүрсний үнээс үүдсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн компани хилээр нүүрсээ гарган борлуулж чадахгүй байхад уурхайн аман дээрээс хувийн компаниуд нүүрс аваад хил гаргаж, борлуулж болоод байдаг. Уурхайг жинхэнэ эзэмшээд явж байгаа “Тавантолгой” ХК техникгүй тул тэдний нүүрсийг хувийн компаниуд өндөр үнээр ухаж өгдөг. Үүнээс юу харагдаж байна гэхээр төрд, орон нутагт мөнгө нь очих болохоор мөнгө байхгүй. Төрд очих ёстой ашгийг хувийн компаниуд руу шилжүүлчихдэг. Үүнийг олон улсын татварынхан үнийн шилжүүлэлт гэдэг. Ашгийг өөр тийш нь шилжүүлж байна гэсэн үг. Үүнийг татвар төлөхөөс зайлсхийх нэг үзэгдэл гэж үздэг. Энэ нь орон нутагт 51 хувь, үлдсэн нь хувьцаа эзэмшигчдийн халаасанд очих “Тавантолгой” ХК-нийн үйл ажиллагааны ашгийг өөр компаниуд руу шилжүүлж байгаа хэрэг. Энэ актыг манайхаас шүүх рүү шилжүүлж, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Гэтэл анхан шатны шүүхээс энэ мөнгөний нэлээд хэсгийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан.
-75 тэрбумыг нь хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?
-Тийм байх аа. Шүүхийн шийдвэрийг хараахан гардаж аваагүй байгаа болохоор нарийн хэлэх боломжгүй байна. Гэхдээ шүүхийн зөв буруу шийдсэн гэж энд ярихгүй. Хуулийнхаа хүрээнд шийдвэрлэнэ байх. Дараа дараагийн шатанд хандах эрх ТЕГ-т байгаа. Энэ бол эцсийн шийдвэр биш.
-“Монгол газар” компани гурван тэрбум төгрөгийн татварын өртэй байгаа гэсэн. Танайхаас эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэж байсан?
-Татварын их өртэй компаниудын дээгүүрт “Монгол газар”, “Алтан Дорнод Монгол”, “Жамп” зэрэг компаниуд орж байгаа. Эдгээр компаниудын татварын өрийн асуудал гурван шатны шүүхээр орж, тэдгээрийг төлөх ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Эдгээр компаниуд тухайн үед алт олборлож, ашгийг нь хүртсэн атлаа цаг хугацаандаа төлөх ёстой татвараа төлөөгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэхэд сайн дурын хугацаанд биелүүлэх ёстой. Энэ хугацаанд өрөө төлөөгүй бол тухайн компанийн эд хөрөнгөнөөс өрийг төлүүлэх ажиллагаа явуулдаг. Зарим компанийн эд хөрөнгөнөөс өрийг нь барагдуулах гэхээр хөрөнгөө хэт өндөр үнээр үнэлсэн тул түүнийг нь худалдаж авдаггүй эсвэл хуучирсан компьютер, ширээ сандал мэтийн зүйл байдаг. Эдгээр компаниудын нэг нь “Монгол газар”.
-Энэ компанийн битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтаас харахад, одоо очоод үзэхэд ямар нэгэн техник хэрэгсэл, барилга байгууламж огт байхгүй хэрэг үү?
-Ц.Мянганбаяр зарим орд газартаа үйл ажиллагаа явуулж, эргүүлэн татварын энэ өрөө төлье гэсэн саналыг манай харъяа албадуудад тавьсан сураг байсан. Яг тэр саналыг нь нүдээр үзээгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Алтны үнэ дэлхийн зах зээл дээр маш ихээр өсч байгаа энэ үед эдгээр компаниуд өртэй ч гэсэн алга болохгүй. Эдгээр компаниудад ашиглалтын лицензүүдтэй учир өрөө хэзээ ч төлөхгүйгээр алга болохгүй байх. “Алтан Дорнод Монгол” л гэхэд 50 гаруй алтны лицензтэй. “Жамп”, “Монгол газар” дээр нэлээдгүй лиценз байгаа. Эдгээр компани хэдийгээр хөрөнгөгүй ч гэсэн лицензтэй учир орд газруудынхаа үйл ажиллагааг сэргээгээд татвараа төлье гэсэн асуудал ярьдаг. Гэхдээ бодитойгоор төлж байгаа асуудал алга байна.
-“Олон овоот” компанийг өрийн хамт “Жаст” групп худалдаж авсан. Гэтэл графикаар төлөх өрөө тасалдуулах, мөнгөнийхөө хэмжээг багасгах асуудал гаргаж байгаа гэсэн. Одоо үлдээд байгаа 11,9 тэрбум төгрөгийн өрийн асуудал хэрхэн барагдах төлөвтэй байна вэ?
-“Анод”, “Зоос” банк, ТЕГ болон “Жаст” группээс “Монгол газар” компани “Олон овоот”-ын төслөө хэрэгжүүлэхийн тулд олон сая төгрөгийн зээл авсан. Гэтэл хоёр банк дампуурч, ТЕГ, “Жаст” компани тус компаниас авлагатай үлдсэн. Тиймээс “Жаст” групп энэ компанийн үйл ажиллагааг цаашид нь үргэлжлүүлж байгаад өрийг нь барагдуулъя гэсэн санал тавьсныг хүлээн авсан. Хоёр банкны хувьд Монголбанкнаас томилогдсон эрх хүлээн авагчтай өрөө төлөх графикаа байгуулж чадсан. Татварын албатай сардаа 250 сая төгрөг төлөх график байгуулсан. Гэтэл сүүлийн үед үйл ажиллагаа нь зогсч, графикын дагуу өрөө төлж чадахгүй байна гэсэн асуудал босч байна. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчлэхээ больсон. Ингэхээр алтны компаниуд өндөр татвар төлөхөө больсон гэсэн үг.
-“Жаст” групп “Олон овоот”-ыг авснаас хойш энэ компани олборлосон алтныхаа татварыг цаг хугацаанд нь төлж байсан уу?
-Цаг хугацаандаа төлж байгаа. Урьдын том өрийг аваад үлдсэн учраас графикаа тасалдуулж байгаа л зүйл бий. Татварын алба гэнэтийн ашгийн 68 хувийн татвар байхгүй болсон тул сард ШШГА-нд төлж байгаа эдгээр компаниудын графикийн мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэж үзэж байна. Үүн дээрээ одоогоор нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй.
-“Жамп” ХХК 3,5 тэрбум төгрөгийн татварын өртэй гэж байсан. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон байсан?
-Энэ компани охин компаниудаараа дамжуулж, Монгол Улсад алт олборлодог. Тэр бүү хэл “Жамп” компанийн охин компаниуд янз бүрийн салбарт хүчээ үзэж, өргөжиж байгаа. Тэгсэн атлаа алтны татвараа төлөлгүй олон жил болж байна. Татварын өр найман тэрбумд хүрсэн. Шүүхийн шийдвэрээр “Жамп” компанийн алт олборлох үйл ажиллагааг зогсоох эцсийн шийдвэр гаргасан. Тэгсэн атал өнөөдрийг хүртэл олборлолт хийж байгаа. Бид цаашид “Жамп” компанийн алт олборлох үйл ажиллагааг зогсоож өгөөч гэж хандана. Шүүхээс үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргасан байхад алт олборлож байгаа нь эрүүгийн гэмт хэрэг гэж бид үзэж байна. Гэхдээ аль нэг хуулийн этгээдийг дарамталж, үйл ажиллагааг нь зогсоох эрх татварын албаны гол үүрэг биш. Энэ компаниуд хуулийн дагуу татвараа төлчихвөл тэдний үйл ажиллагаанд бид хөндлөнгөөс оролцох ямар ч шаардлага, эрх үүрэг Татварын албанд байхгүй.
-Өнгөрсөн сарын байдлаар ТЕГ-т 192 татвар төлөгчийн 31,4 тэрбум төгрөгийн өр байсан. Үүний 29,3 тэрбумын өр нь энэ дөрвөн компанид холбогдох акт байсан. Алтны компаниуд яагаад ийм их татварын өр хуримтлуулаад байгаад байна вэ?
-Бид энд тэрбумаар давсан татварын өртэй компаниудын талаар ярьж байна. Гадаад, дотоодын эдгээр компанийн зарим нь Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг үйлдлээрээ эсэргүүцээд байгаа асуудал. Ингэж байгаа хэрнээ алтаа ухсаар л байна. Ер нь том том актууд гарч байна. Эдгээрийн дотор том том лицензийг наймаалцах асуудал их байна. Ийм асуудал дээр том хэмжээний мөнгөн дүнтэй актууд гарч байгаа. Энэ нь цаагуураа ТЕГ, АМХЭГ хоорондоо идэвхтэн хамтарч ажиллах шаардлагатай байна гэдгийг хэлж байна. Тэр том ажил үйлчилгээнээс Монгол Улс татвараа авах ёстой.
С.Энхзаяа
URL: