Барьцаалагдсан хоёр дахь японыг цаазалжээ
ЭЛЬ-КУВЕЙТ. /France-Presse /. Барьцаалагдсан хоёр дахь япон Кэнзи Готог террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчид хөнөөжээ. Террористууд түүнийг цаазаар авч буй дүрс бичлэгийг интернэтэд тавьсан байна. Дүрс бичлэгт улбар шар хувцас өмсгөсөн Кэнзи Гото өвдөг сөгдсөн байжээ. Түүний хажууд зогсож буй нүүрээ халхалсан хар хувцастай, хутга барьсан хүн хамсаатнуудынхаа үхэлд Японы Засгийн газрыг буруутгасан байна. “Ялагдсан дайнд оролцох та нарын бодлогогүй шийдвэрийн улмаас энэ хутга Кэнзи төдийгүй бидний гар хүрч чадах танай бусад хүмүүсийг бүгдийг нь хөнөөх болно. Япон улсын хувьд хар дарсан зүүд эхэлж байна” гэж босогч хэлжээ.
Барьцааны хүнийг цаазаар авснаар дүрс бичлэг дууссан байна. Лалын шашинт босогчдын интернэт дэх үйл ажиллагааг хянадаг “SITE” байгууллага Японы иргэнийг хөнөөсөн террористийг “Жихад Жон” гэж үзэж байна. Дүрс бичлэг жинхэнэ болохыг Японы эрх баригчдын төлөөлөгчид нотолжээ. “Лалын улс”-ын босогчдод барьцаалагдсан сэтгүүлч Кэнзи Гототой холбоотой асуудал гарцгүй болж байгаа тухай Японы Гадаад хэргийн сайд Ясухидэ Накаяма урьд нь мэдэгдсэн байна.
“Лалын улс”-ын босогчид нэгдүгээр сарын 24-нд Японы сэтгүүлч Харуна Юкаваг хөнөөсөн зургийг үзүүлсэн бөгөөд тэдний шинэ шаардлагыг Кэнзи Гото хэлж байгаа дүрс бичлэгийг нийтэлсэн юм. Террористууд Иорданд хоригдож байгаа Сажид ар-Ришави гэдэг террорист эмэгтэйгээр барьцааны хүнийг солих хэлэлцээг Иорданы эрх баригчидтай хийхийг Японы засгийн газарт санал болгосон билээ. Японы хоёр иргэнийг барьцаалснаа террористууд нэгдүгээр сарын 20-нд мэдэгдэж, барьцааны мөнгөнд 200 сая доллар төлөхийг шаардсан юм. Босогчид Токиогийн эрх баригчдад гурав хоногийн хугацаа өгсөн бөгөөд барьцааны мөнгө төлөхгүй бол иргэдийг нь хөнөөнө гэж сүрдүүлсэн билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: