Газан машин дэлбэрч, дөнгөж төрсөн эх нярай хүүхдийнхээ хамт амиа алджээ
Мексикийн нийслэл Мехико хот дахь төрөх эмнэлгийн үүдэнд газ тээвэрлэж явсан ачааны машин дэлбэрч, дөнгөж төрсөн эх нярай хүүхдийнхээ хамт амиа алджээ.
Улмаар 21 нярайтай нийлээд нийт 66 хүн бэртэж гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор долоон нярайгийн бие маш хүнд байгаа аж. Осол орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 07.00 цагийн үед болжээ.
Дэлбэрэх аюултай газ тээвэрлэж явсан ажилтнууд хоолойгоор газ алдаж, дэлбэрчээ. Улмаар төрөх эмнэлгийн дөрөвний нэг хэсэг нь бүхэлдээ нурсан байна. Тухайн үед эмнэлэгт 100 орчим хүн байсан аж.
Газ тээвэрлэж явсан тэрхүү гурван ажилтан цагдаагийн газарт шалгагдаж байгаа бөгөөд хоёр нь эмнэлэгт байгаа гэнэ. Тэд 2007 оноос хойш тус хотод газ нийлүүлж буй “Nieto Express” компанийн ажилтнууд байсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: