Ирэх сарын 4-нд тариаланчид төв талбайд жагсана

tarialanch  Үндэсний үйлдвэрлэгчид, тэр тусмаа тариалан эрхлэгчдийн хувьд хүндхэн цохилт бий болоод байгааг бид бүхэн хаа хаанаа мэдэж буй. Хаврын хавсарга, зуны халуун нар, намрын сэрүүн, анхны цас хүртэл бүсээ тайлахгүй хөдөлмөрлөж байж хураадаг үр тариа нь үнэгүйдэж байна. Тодруулбал, тариаланчдын нөр их хөдөлмөр үнэгүйдэж, төрд буй олигархи бүлэглэлийн бизнест шахагдаж буй. Үе үеийн салбарын сайд түүнийг тойрон хүрээлэгчдийн бизнес болж ирсэн тариалангийн салбарт анхаарал хандуулснаар чамгүй сэргэлт бий болж, тэр хэрээр буудайн нөөцийг дотоодоос 100 хувь хангах хэмжээнд хүртэл хөдөлмөрлөсөн юм, уг нь. Харин улстөрийн бизнес бүлэглэлийнхэн тариаланчдаа шахаж байгаад хаа хаанаа туйлын дургүй байгаа.

Гэтэл үе үеийн сайд нар ийнхүү үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдаа шахсаар байгаа нь энэхүү олигархи бизнес хүчээ авч байгааг төвөггүйхэн харуулна. Тиймээс өнөөдөр “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”–ны ерөнхийлөгч Л.Цанадэлэг болон бусад хүмүүс хэвлэл мэдээллээр дамжуулан нийт ард түмэндээ хандсан юм. Тэдний хувьд “улаан буудайгаа дотоодоосоо хангах хэмжээнд хөдөлмөрлөсөн тариаланчдын ажлыг үр дүнгүй болгож, салбарын сайд болон бусад улстөрчид өөрсдийнхөө бизнест хандаж байгаад харамсч байгаагаа дуулгалаа. Нөгөө талаар эдийн засгийн хямралтай байгаа энэ үед дотоодынхоо нөөц бололцоог бүрэн хангах хэмжээний байхад эрх баригчид ийнхүү гаднаас улаан буудай импортлохоор зэхэж байгааг буруушаасан юм. Тиймээс ирэх сарын 4-ний өдөр төв талбайд тайван жагсаал зохион байгуулж, газар тариалангийн бүс нутгаас тариаланчдын ажлын зэвсэг болсон трактор комбайнтай нь жагсаах юм байна.

Энэ үеэр “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”–ны ерөнхийлөгч Л.Цанадэлэг хэлэхдээ “Бүрэн боломж байхад үндэснийхээ үйлдвэрлэгч, тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж байгаа нь цаанаа бизнесийн зорилго агуулагдаж байгаа юм. Уг нь өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Сэлэнгэ аймгаас сонгогдон ажиллаж байгаа хүн. Гэтэл газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нар маань ийм шийдвэрт хүрчихсэн сууж байна. Сэлэнгэ, Төв аймаг гээд газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд нар гэж байгаа биз дээ. Эд нар ямар ажил хийгээд байна вэ” хэмээсэн юм.

Мөн хэвлэл мэдээлэлд хандсан даруй салбарын сайдаар шинэхэн сонгогдоод байгаа Р.Бурмааг ч ихээр буруушааж байв. Мөн “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо”–ны хамт олон болон олон мянган тариаланчидтай нэгдэж байгаагаа УГЖ дуучин С.Жавхлан зарлав. Тэрээр буруу шийдвэрт хүрч, үндэсний үйлдвэрлэгчдээ шахаж байгаа эрх баригчдын өмнөөс хамтран тэмцэхээ илэрхийлсэн юм. Мөн хэлэхэд “Үндэсний үйлдвэрлэлээ шахсан төрийн бодлогыг эсэргүүцэхийн дээрээр эсэргүүцнэ. Би сая газар тариалангийн бүс нутаг, хэд хэдэн сумдаар явлаа. Тариаланчид хэдэн зуу, хэдэн мянган тонноор нь будаагаа агуулахад хураачихаад уйлах нь халаг сууна. Энэ бүгдийг эрх баригчдад ойлгуулж тэмцэх болно” хэмээсэн юм. Мөнхүү тариаланчдын энэхүү эсэргүүцлийг дэмжиж УИХ-ын гишүүн Г.Уянга, ШӨХТГ-ын дарга асан О.Магнай нар ч дуу хоолойгоо нэгтгэх юм байна.

Тариаланчдад тулгарч буй энэ бэрхшээлийг дурдаад барахгүй. Ямартай ч бидний эсэргүүцээд буй ОХУ-аас импортлох 20 тонн будаа аль хэдийн орж ирээд буулгаж байгааг тэд дуулгасан. Тэдний  хийсэн хөдөлмөр, хэлсэн үг, хүргүүлсэн шаардлага бол юу ч биш. Мөн энэ үеэр тэд “тариаланчдын  гурван жилийн хөдөлмөрийн хөлс болон урамшууллын мөнгийг өгөөгүй төдийгүй өгөх ёстой мөнгөн дүнг танасан нь олон хүний амьжиргааг боомилж, дараа дараагийн алхамуудыг хийхэд хүргэж байна. Банкны зээл, хүүгийн хүү гээд тариаланчдын өр зээлийг он дамнан хэрээс хэтэрч байгаа”-г  ч хэллээ.

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих