Хятад, газрын тос ба валютын дайн
Швейцарийн Давос хотноо энэ сарын 21-24-нд болсон 45 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон улс орнуудын төрийн тэргүүн, дэлхийн томоохон бизнесийн төлөөллийн аль алины анхаарлын төвд гурван том асуудал байсан гэж дүгнэн хэлж болохоор. Тэдгээр нь Хятадын эдийн засгийн өсөлтийн хурдцын сааралт, газрын тосны үнийн огцом уналт, улс хоорондын валютын болзошгүй дайн юм.
Тус чуулга уулзалт улс төрийн бус, юуны түрүүнд глобал эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцдэг форум гэдгээ дахин харуулсан юм. Чуулга уулзалтын эхний өдөр дайнд нэрвэгдсэн Украины Ерөнхийлөгч П.Порошенкогийнхоос илүүтэй манай урд их хөрш БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кэцяны илтгэл анхаарлын төвд байсан нь үүний нэг нотолгоо.
Давосын чуулга уулзалтын үүсгэн байгуулагч дарга Клаус Шваб Ли Кэцяныг индэрт урихдаа, “Бүх дэлхий Хятадын зүг анхааран харж байна” гэсэн юм. Даяар хямралын үед дэлхийн эдийн засгийг өөд чирсэн гол хүчин зүйл болсон Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд өнгөрсөн жил 7.4 хувь болтлоо буурсан нь 1990 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт болсон билээ. Ли Кэцян үг хэлэхдээ, Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил өнгөрсөн оныхоос ч бага байх ба энэ нь эдийн засагтаа өөрчлөн байгуулалт хийж буйтай холбоотой урьдчилан тооцсон алхам гэжээ. Тэрээр Хятадын санхүүгийн тогтолцоонд хямрал гарахгүй, эдийн засгийн хөгжил нь өндрөөс дунд хурдтай өсөх шинэ үе шатанд орсныг тэмдэглэсэн бөгөөд эдийн засгийн огцом бууралт болохгүй гэж итгэл төгс мэдэгдсэн байна. Учир нь Хятадын эдийн засгийн долоон хувийн өсөлт 800 тэрбум ам.долларын орлого оруулж байгаа нь таван жилийн өмнө 10 хувиар өссөнөөс их үзүүлэлт ажээ.
Газрын тосны үнийн огцом уналт Давост чуулагсдын хөндсөн гол сэдвүүдийн нэг байсан нь тодорхой. Тэргүүлэх эдийн засагчид хэт хямд үнийн улмаас газрын тос олборлох шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг багасгаснаар хэдэн жилийн дараа тус түүхий эдийн нийлүүлэлтийг хязгаарлагдмал болгон үнийг нь нэлээд өсгөн гэдэг дээр санал нэгдэж байлаа. Зарим шинжээчдийн үзэж буйгаар, хэдхэн жилийн дараа нэг баррель нефтийн үнэ 150-200 ам.долларт хүрэх ажээ. Тэгээд ч дэлхийн газрын тосны олборлолт жил бүр таван хувиар буурч, 2030 он гэхэд одоогийн илэрсэн нөөцнийх нь талаас илүү хувь шавхагдах юм байна.
Олон улсын эрчим хүчний агентлаг байгалийн хий, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ 15 хувь буюу 100 тэрбум ам.доллараар багассанаар олборлолтын хэмжээ ч буурна гэж мэдэгджээ. Тус агентлагийн ерөнхий эдийн засагч Фатих Бирол хэлэхдээ, нэг баррель нефтийн үнэ энэ жил 45-50 ам.долларын хооронд хэлбэлзэх төлөвтэй гэсэн юм.
Тус форумын өөр нэг чухал сэдэв нь болзошгүй валютын дайны тухай байжээ. Он гараад Европын төв банк еврогийн бүсийн орнуудын зээлийн бичгийг шинээр хэвлэх еврогоор худалдан авах шийдвэр гаргасан нь нэлээд шүүмжлэлд өртсөн юм. Европын төв банк 2016 оны есдүгээр сар хүртэл нийтдээ 1.1 их наяд евро шинээр хэвлэх аж. “Goldman Sachs”-ын ерөнхийлөгч Гэри Кон энэ алхмыг валютын дайныг өдөөнө гэж шууд мэдэгдсэн юм. Харин ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард Европын төв банкны энэ алхмыг сайшаан, “Еврогийн бүсэд санхүүгийн тогтвортой байдлыг бий болгон инфляцийг зохих түвшинд хүргэх ач холбогдолтой” гэжээ.
Улстөрч, эдийн засагч, бизнесменүүдийг нэг дор цуглуулж хооронд нь уулзуулдаг дэлхийн цорын ганц арга хэмжээ болох Давосын ээлжит чуулга уулзалтаар хэлэлцсэн гол асуудлуудыг тоймлон хүргэхэд ийм ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: