3 САЯ МОНГОЛЧУУДААС НЭГ 5 сая еврейгээс нэг, 50 сая германаас нэг СУУТАН
Уг нь “3 сая монголчуудаас нэг сартваахи, 5 сая еврейгээс нэг суутан, 50 сая германаас нэг гоц авьяастан төрөх магадлалтай” гэж бичих гэсэн юм. Гэхдээ dose нь арай хэтэрчих болов уу гэж бодоод тэртээ 100 жилийн өмнө үндэстнүүдийн IQ-гийн талаар Германы эрдэмтдийн хэлсэн үгийг байгаагаар нь толилууллаа.
Энэ бол шинжлэх ухаан, энэ бол магадлалын онол. Ямар ч болов Монгол Улс маань 3 сая, 3 сая 1, 3 сая 2 … иргэнтэй болж байгаа нь бидний монголчуудын дундаас мөдхөн Чингис хаан шиг геополитикч, Мянгат шиг математикч, Үлэгбек шиг одон оронч, Норовбанзад шиг дуучин, өөрөөр хэлбэл дэлхийн хэмжээний суутан төрнө гэсэн шинжлэх ухааны прогноз биелэх боломж хаалгаа нээлээ.
Монгол Улс 3 сая иргэнээ тосч авснаар 3 сая “генийн сан”-тай болж байгаа. Шинэ хүн-Монголжин охин ч, та бид бүгдээрээ 32040 гентэй өөр өөрийн гэсэн генийн сантай. Хүн болгоны генийн сангийн 16020 нь эцгээсээ, 16020 нь эхээсээ байгалийн “Клоуны арга”-аар хувилагдаж ирсэн байдаг.
Томоор харахад дэлхий долоон тэрбум хүн амтай, долоон тэрбум сэтгэдэг материйн “генийн сан”-тай гэж ойлгож болно. Ойлгох ч юу байх вэ. Ерөөсөө тийм, шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хүн бүр 32040 гентэй, өөрийн гэсэн генийн сантай болохоор хурууны хээ давтагддаггүй.
Монголчуудын өлгий нутаг-гурван голын ай сав газарт эхийнхээ 16020, эцгийнхээ 16020 генийг хувилж төрсөн яруу найрагч Нямбуугийн Нямдорж:
Өндөгний минь хээ
Өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ
Хувиршгүй
Алганы минь хээ
Арилшгүй
Миний хээ
Минийх… хэмээн шүлэглэсэн билээ.
3 сая иргэн гэдэг бол зүгээр л тоо. 100 градус гэхэд бас л тоо. Гэхдээ 99 градуст бус 100 градуст ус буцалдаг бус уу.
Монгол Улсын иргэний тоо 3 сая хүрлээ. Монголд суутан хэзээ төрөхийг тооцох Магадлалын онолын цагийн зүү ийнхүү хөдөлж эхэлснийг зарлалаа.
Б.ДОРЖСҮРЭН /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL: