Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Гэлэгийн Одонгийн уран зургын үзэсгэлэн “Вест” галлерейд тавигдана

10956427_620383601394923_1129549563_oТөрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Гэлэгийн Одонгийн уран бүтээлийн ховор эх загварууд, усан, тосон судалбар, хар зураг гэсэн 120 орчим зураг, зургын хэрэгсэл, хувийн зарим эд зүйл нь Дорнод аймгийн Дашбалбар сумын музейд хадгалагдаж байдаг бөгөөд их зураачийн эдгээр зураг, эд, хэрэгсэлийг Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа Дашбалбар сумыг сурталчилах арга хэмжээний хүрээнд 2015.02.02 – 2015.02.05 хүртэл”Вест” галлерейд анх удаа дэлгэн үзүүлж түмэн олны мэлмийд толилуулах гэж байна.

Ардын зураач Гэлэгийн Одон нь өөрийн уран бүтээлийн ганцхан хувь байдаг эх загвар, зохиомж болон усан, тосон судалбар, хар зураг гэсэн 55 ширхэг зургыг өөрийн төрж өссөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумын музейд 1995 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бэлэг болгон хүлээлгэн өгснөөр энэхүү сумын музейд “Г.ОДОН” гэсэн танхим бий болсон байна.

Зураач Г.Одонг бурханы оронд одсоны дараа буюу 1999 оны 07 дугаар сарын 14-ны өдөр Дашбалбар сумын удирдлага, нутгийн зөвлөлийн дарга Л.Дамдинжав нарын оролцоотойгоор хүү О.Нямдаваа, охин О.Нямаа нар нь Дашбалбар сумын музейд эмэг эх П.Сэвжидийн хөрөг, аав Г.Одонгийн хөрөг, өмсөж эдэлж явсан үндэсний дээл, малгай, бүс, мөнгөн аяга, бугуйн цаг, цүнх, чихрийн таваг, тамхины үнсний сав, нүдний шил, үзэг, бийр, зургын хайрцаг, мальберт, транзистор радио, зургын аппарат, шатар, эвхдэг сандал, иргэний паспорт, гишүүний батлахууд, оюутаны үнэмлэх, ажлын пропускууд, төрийн дээд шагнал олгосон АИХ Тэргүүлэгчдийн зарлигууд, өөрийн гараар хийсэн “БУХ” сийлбэр, өөрийн гараар гипсээр цутгаж хийсэн баруун гарын нь хэв зэрэг 103 ширхэг эд зүйлийг хүлээлгэн өгснөөр музейн үзмэр улам баян болж агуулгын хувьд өргөжин тэлж эдүгээ 20 дах жилтэйгээ золгож байгаа билээ.

 

Охин О.Нямаа


URL:

Сэтгэгдэл бичих