Уул уурхайн үйлдвэрлэл дөрөв дахин өснө

Манай улсын эдийн засгийн гол тулгуур багана болсон уул уурхайн салбарын тэргүүлэх чиглэл болж хөгжиж буй алт, зэс, нүүрсний салбарын үйлдвэрлэл цаашид хурдацтай өсөн нэмэгдэх аж.

Английн томоохон судалгааны байгууллага манай улс дахь уул уурхайн салбартай холбоотой бүхий л эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дээрх дүгнэлтийг хийсэн байна. Тодруулбал, уул уурхайн үйлдвэрлэл энэ эрчээр явж, томоохон төсөл хөтөлбөрүүд төлөвлөсний дагуу хэрэгжих юм бол тус салбар дахь үйлдвэрлэлийн хэмжээ 2015 он гэхэд 11.5 тэрбум ам.долларт хүрэх аж.

Өнгөрсөн онд манай улс уул уурхайн салбарт 2.6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн юм. Тэгвэл уг өсөлтийг дөрвөн жилийн дотор дөрөв дахин нугалах юм байна. Өсөлтийн оргил үе 2013 он байна хэмээн үзжээ. Энэ нь Оюутолгойн үйлдвэрлэл эхлэхтэй шууд холбоотой юм.

Сүүлийн жилүүдэд нүүрсний үйлдвэрлэл хурдацтай өсөж байгаа. Өнгөрсөн жилийн нүүрсний үйлдвэрлэл 20 гаруй сая тонныг давсан юм. Тэгвэл жилд дунджаар 17 хувийн өсөлт гарах төлөвтэй байгаа аж. Үүнд “Айвенхоу майнз”-ын охин компани болох “Саус говь”-ийн Овоот толгойн уурхайн үйлдвэрлэл 2014 он гэхэд жилд 6.5 сая тонн болж өсөх нь ихээхэн нөлөө үзүүлэх юм байна. Үүн дээр Тавантолгой ордыг ашиглаж эхэлбэл нүүрсний олборлолт эрс нэмэгдэх нь ойлгомжтой.

Ирэх дөрвөн жилийн дотор алт, зэсийн үйлдвэрлэл 30 гаруй хувиар өсөх төлөвтэй байна. Ингэснээр алтны үйлдвэрлэл жилд 791 мянган унц, харин зэсийнх 720 мянган тонн хүрэх аж. Уг ашигт малтмалуудын үйлдвэрлэлийн өсөлтийн ихэнх хувь “Рио Тинто”, “Айвенхоу майнз”-ын хамтын хөрөнгө оруулалттай Оюутолгой уурхайн 2013 оны үйлдвэрлэлээс шалтгаална. Энэ бүхнийг дагаад гадаадын томоохон хөрөнгө оруулагчид Монголын баялагт улам бүр татагдан шунах агаад гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг тэглэсэн нь тэдэнд таатай боломж олгож байгаа аж.

Гэхдээ манай улс байгалиа хамгаалахтай холбоотойгоор “урт нэртэй” хууль баталж, нийт лицензийн бараг тал хувийг цуцлах асуудал сөхөгдсөн нь олон хөрөнгө оруулагчийг бухимдахад хүргэсэн байна. Иймээс хөрөнгө оруулагчид хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг хүсч байгаа аж.

Г.Бат http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих