“Оройтсон бороо”

527-1422501084guilgaНэг дууны шүлгэн дээр ийм үг байдагсан. Хүмүүс бараг хэлц болтол нь ашиглаж байгаа юм даа. Цаг нь өнгөрсөн гэдэг утгаар хэрэглэдэг. Уржигдар шөнөөс өчигдөр өглөөний хооронд жаахан цас унав. Өдөржин л хальтиргаа гулгаа ярьсан хүмүүс. “Зам дээр давс огт цацсангүй”, “Дугуйгаа солиогүй байтал гэнэт цас ороод шарваад, гулгаад балрах нь” зэргээр хөмсгөө зангидацгаана. Өвлийн адаг сард энэ зэргийн юманд бэлтгэлтэй л байх хэрэгтэй.

Ер нь аливаа зүйлийг өнгөрсөн хойно нь ингээгүй, тэгээгүй байсан гэх үгийг их хэлдэг. Ийм үг хэлээд зогсож байгаа хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, улсын наадмын хурдан морины уралдааны үеэр хүүхэд эндлээ гэхэд маргаашаас нь хүүхдийн төлөө түмэн байгууллагууд “хүүхдийн эрх” яриад л сүржигнэдэг. Наадмаас өмнө яриад аюулгүй байдлыг нь хангуулах нь яагаа вэ.

Одоо гудамжинд гуйлгачин хүүхдүүд өдөр ирэх бүр л олшроод байна. Ардын эрхээс Багшийн дээд ороход дор хаяж арван хүүхэд 100 төгрөг гуйж хормой татаж байгаа. За тэгээд оюутнууд олноор холхидог театр, МУБИС-ийн урд талын тунел гээд газруудад энэ тэндгүй л хайрцаг сав, алга дэлгэсэн алдрай багачууд бий. Өнөө хүүхдийн төлөө байгууллагууд таг чиг шүү. Ингэж ингэж нэг нялх амьтан бөгсөө хүйтэн хундаам дээр хайраад эмнэлэгт очвол зурагтаар гарч ирэх биз.

Улс төрч хэмээх хэдэн сайхан дураараа бурдаг гарууд өнгөрсөн жилийн хавар, намрын чуулганаар сандал ширээ, сайдыг буулгах асуудал гэх мэт юм ярьж, санал оруулсаар өнгөрөөсөн. Үр дүнд нь УИХ тоймтой хуулийн төсөл гаргаагүй. Одоо хамаг ажил уяж, хүн амьтан шалгуулсанууд нь “УИХ дорвитой ажил хийхгүй байна. Ард түмнийхээ төлөө тэмцэнэ” гээд л байх юм.

Түмний төлөө зүтгэнэ гэх байгууллагууд нь ч төрийн байгууллагууд нь ч ингэж л ажилладаг. Түүний дээр осол, хэрэг гаргасан хүмүүс “Гашуун хар уснаас боллоо”, “Сайхан зам дээр гарлаа гээд хурд хэтрүүлсэн нь ийм юманд хүргэлээ” гээд байдаг даа.

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих