Гэнэт тодорсон “генералууд”

1-29-3_700x700

Манай улсаас гадаадын есөн оронд суух Элчин сайдуудыг томилох тухай өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэв.  Энэ удаад ярьж байгаа есөн шинэ Элчин сайдын найм нь шинэчлэлийн Засгийн газрын үед Гадаад харилцааны яаманд хариуцлагатай алба хашиж байсан, бүр тодруулбал тэдний зургаа нь газрын захирал, нэг нь газрын дэд захирлын алба хашиж байсан хүмүүс байна. Тэдгээрийн дунд олны мэдэхээс өмнө нь Элчин сайдаар томилогдож байсан туршлагатай, тулхтай, мөн хамгийн ахмад нь Л.Галбадрах байгаа бол бусад нь залуу, шинэ хүмүүс гэхэд болно. Үүнээс үүдээд энэ удаагийн томилгоог тойрсон хачирхал, эгдүүцэл энд тэнд өрнөж байгаа нь зах зухаасаа ил болоод эхэлсэн. Үнэхээр ч хачирхахаар хэд хэдэн онцлог энэ удаагийн Элчин сайдуудын бөөндсөн томилгоонд ажиглагдаж байгаа юм. Өмнө нь Гадаад харилцааны яамны газрын захирлаас шууд л Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар дэвшиж байсан жишиг бараг байгаагүй. Тэрчлэн дипломат алба нь төрийн тусгай алба бөгөөд өөрийн тусгай хуулиар зохицуулагддаг онцлогтой. Зөвхөн Төрийн ордонд үйлчилдэг хууль байдаг шиг ганц Гадаад харилцааны яаманд зориулсан хууль байдаг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрхүү Дипломат албаны тухай хуулиар бол энэ албаны албан хаагчид өөрсдийн цол болон зэрэг дэвтэй бөгөөд мэргэжилтэн, атташе, гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, элчин зөвлөх гэхчлэн шат ахидаг. Хамгийн том нь буюу цэргийнхний генералтай дүйх нь Элчин сайд юм. Тэгэхээр Гадаад харилцааны яамны газрын захирлын албан тушаалаас шууд “генерал” болж дэвших нь ховор завшаан юм. Олон нийтэд гэрэл цохиогүй, дипломат албаныхны хувьд ч санаанд ороогүй хүмүүс Элчин сайдад нэр дэвшсэн нь ямар учиртай юм бол гэж гайхах хүмүүс захаас аван гарч буй бололтой.

Өмнө нь Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Л.Болд 2012 онд ажил авмагцаа газрын захирлуудыг яаман дотроос нь шинэ залуусаар бүрдүүлсэн бөгөөд дараагийн сайдын үед бүгд шахам ийнхүү Элчин сайдад дэвшиж байгаа нь бас нэг онцлог. Үүнээс үүдээд нэг асуулт тавихад тэднийг шинэчлэлийн Засгийн газрын үед сайн ажилласан гэж шагнаад байна уу, эсвэл дэвшүүлэн зайлуулах гэгчээр албыг чөлөөлж байна уу.

Бид төрийн бодлогын залгамж чанар гэж их ярьдаг. Энэхүү бодлогын залгамж хүнээс хүнд дамждаг, хадгалагддаг. Тэгвэл Гадаад харилцааны яамны газрын захирлууд нэг хэсэг нь халагдах байдлаар, нөгөө хэсэг нь дэвших замаар нэгэн зэрэг ажлаа өгөөд явчихаж байгаа болох зүйл үү. Тэр тусмаа гадаад бодлогын залгамж чанар гэдэг тун зүйл. Залгамж чанар энд хамаагүй гэхэд Элчин сайдаар явах гэж байгаа нөхдүүдийг өмнө хариуцаж байсан чиг, үүргээр нь томилсон бол бас өөр хэрэг. Энд хэрэгжүүлж байсан бодлого чиг үүргийнхээ дагуу томилогддог байдлаар залгамж хадгалагдах нь гэж ойлгож болохоор байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд хариуцсан, мэргэшсэн асуудлаас нь холдуулсан томилгоо хийж байгаа нь бас л анхаарал татмаар. Тухайлбал, Америк, Африкийн газрын захирал Б.Чулуунхүүг хаа байсан Австрали руу, Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүнийг Тайланд руу, хөрөнгө, санхүү, захиргаа асуудал хариуцдаг Төрийн захиргаа удирдлагын газрын захирал С.Сүхболдыг НҮБ-ын дэргэд суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар, тэгснээ Олон улсын байгууллагын газрын захирал Г.Ганболдыг Энэтхэгт, Ази Номхон далайн орнуудын газрын захирлыг Египет рүү томилох жишээний нүүдэл хийсэн нь хэр зохистой, оновчтой юм бол.

Тэднийг томилох эсэх асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих