М.Зоригт: “Барилга хот байгуулалтын яамаа Сүхбаатарчуудад өг” гэж зүгээр ч нэг хэлээгүй

32_9463ae3c88bda124cdaa23fb79b27a064a4e6b56УИХ-ын гишүүн М.Зоригттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сая баталсан төсвийн тодотгол батлагдах гэж их удсан. Харин батлагдсаных нь дараа олон нийт төдийгүй зарим нэг гишүүд аргацаасан муу төсөв боллоо гээд байгаа. Таны хувьд?
-Би сүүлийн 10-аад хоног тойрогтоо ажиллаад ирсэн. Шинэ Засгийн газар гарч ирээд авдар савандаа байгааг тоолж бүртгээд үзтэл Монгол Улсын эдийн засаг, санхүү хямралтай гэхээсээ илүүтэй төвөгтэй болчихсон байна. Энэ үед бид хамтраад юу хийж болох вэ гэдгээ удтал ярилцсан. Ч.Сайханбилэгийн Засгийн газар гарч ирээд эхчүүд, хүүхдүүд, одонтой ээжүүддээ хайргүйдээ мөнгийг нь хасна гэж хэлээгүй юм. Бодит байдал тийм байсан болохоор үнэхээр аргаа барсан төсвийн тодотгол өргөн барьсан. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад нааш цааш нь нэлээн сайн хөдөлгөж, олон талаас нь сайтар нухаж байж ийм төвөгтэй үед эр зориг гаргасан төсвийн тодотгол баталсан гэж бодож байна.

-Сүхбаатарчууд бүтээн байгуулалт сайн хийж байгаа. Гэтэл улсын төсөв ийм байдлаар батлагдсан нь та бүхний хийж хэрэгжүүлж байгаа ажилд саад болох болов уу?
-Бидний хийж байгаа ажил зогсохгүй үргэлжлээд явна. 2014 онд улс даяар төсвөө танаж байхад манай аймаг ганцаараа төсвөө нэмэгдүүлэн баталсан. Бид их ажил амжуулсан. Аймгийнхаа хүчээр жилийн дөрвөн улиралд ажилладаг ахмадын сувилал ашиглалтад орууллаа. Дөнгөж сая 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад оруулсан. Сүхбаатар аймаг улсын төсвөөс ганц ч төгрөг авалгvй бvх сумандаа хоёр орцтой, дөрвөн давхар, халуун, хvйтэн устай орон сууц барьж ашиглалтад орууллаа.

Зарим суманд гурав дахь байшин баригдаж байна. Энэ бол зөвхөн иргэдийнхээ идэвх санаачлагыг өрнvvлж чадсанаар хийсэн ажил. Тэдгээр орон сууцанд малчид амьдарч байна. Сvхбаатар аймгийн хэдэн мянгат малчин мөнгө, өөр бусад хандиваа нийлvvлээд улсын төсвөөс сохор зоос ч авалгvй аймгийн төвүүдээс анх удаа Баруун-Урт хотод 16 давхар оффис болон өөр олон зориулалтын барилга бариад одоо бараг дуусч байна.

2014 онд Монголд анхны олимпийн стандартын, олон улсын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой усан бассейн барьж эхэлсэн. Итали инженерүүд өөрийнхөө технологиор барьж байгаа бассейныг уг нь энэ онд дуусах ёстой байсан ч хөрөнгө оруулалтынх нь тал нь хасагдсан болохоор он дамжихаар болчихлоо. Гэхдээ эдийн засаг, санхvvгийн байдал сэргэвэл зунаас төсвийн тодотгол дахин хийгдэж хөрөнгө санхvvгийнх нь асуудлыг шийдэхийг ч vгvйсгэхгvй.

Баруун-Урт хотод анх хийгдсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг Э.Бат-Vvл дарга гурван удаа газар дээр нь ирж үзэж, судалж байж нийсллэийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхэлсэн юм шvv дээ. Тийм ч учраас Ч.Сайханбилэгийн Засгийн газар байгуулагдах vед би “Барилга хот байгуулалтын яамаа Сүхбаатарчуудад өг” гэж зүгээр ч нэг хэлээгvй юм. Монгол Улсын 360 гаруй сумын төвийг халуун, хvйтэн устай дөрвөөс таван давхар орон сууцтай болгоод өгье гэсэндээ л тэгж хэлсэн. Тvvнээс биш Сvхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг сайд болгох гээд, ажилгvй хvнийг ажилтай болгох гэсэндээ тэгсэн юм биш.

-Би буруу санаагүй бол та өнгөрсөн онд тойрогтоо хамгийн олон очиж ажилласан гишүүнээр тодорсон байх аа. Сая бас тойрогтоо ажиллаад ирсэн гэж сонслоо. Ямар ажил амжуулав?
-Манай Сүхбаатар аймаг чинь хөдөөгийн 12 сум, Баруун-Урт гээд 13 сум, 66 багтай. Саяын томилолтын хугацаанд нийтдээ 10 гаруй мянган иргэнтэй 60 гаруй удаагийн уулзалт, ярилцлага хийж санаа бодлыг нь сонсоод ирлээ. Энэ удаагийн уулзалт ярилцлагуудаараа Монгол Улсын эдийн засаг, санхүүд үүсээд байгаа төвөгтэй байдлын эх үндэс нь юу байв, бид яавал энэ байдлаас хохирол багатай даван гарч болох вэ гэдэгт л хөдөөгийн иргэдийн анхаарлыг хандуулахыг зорьж ажиллалаа. Ер нь би өвөл, зун гээд жилдээ хоёр удаа тойрогтоо ажилладаг юм. Тойрогтоо очихдоо тухайн хагас жилд хийж амжуулсан ажлаа тайлагнасан сонингоо аваад очино шүү дээ.

Ойролцоогоор 20 мянган хувь сонин хэвлүүлдэг. Сvvлийн сонин маань бүр 24 хуудас болсон. Хөдөөгийн 66 баг, бүх сумаар ордог болохоор айл өрх, албан байгууллагуудад сонин тараавал арай илүү олон хүнд хүрч, хийж байгаа болон хийхээр зорьж байгаа ажлын маань талаар ойлголттой болдог юм шиг санагддаг. Тэгээд ч УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулиудад манай Сvхбаатарын сонгогчид надаар дамжуулан нэлээн хатуу байр сууриа илэрхийлдэг.

Саяхэн л гэхэд нэгдvгээр сарын 6-ны өглөө манай аймгийн ээж нарын төлөөлөл над дээр орж ирсэн. Нэлээн олон ээжийн гарын үсэгтэй, байр сууриа хатуухан илэрхийлсэн захиа даалгавар гардуулсан учир хотод ирээд УИХ-ын гишүүдтэй биечлэн уулзаж, одонтой ээжүүд, хүүхдийн мөнгийг хасуулахгvй байх талаар гарын үсэг цуглуулсан нь ч үүнтэй холбоотой. Ээж нарын надад гардуулсан захиа даалгаварт “Одонтой ээжүүд, хүүхдийн мөнгөний асуудлыг ард түмний тусын тулд шийдэхгvй бол та дахиж Сvхбаатар нутгийн дээс алхаад хэрэггүй шүү” гэсэн хатуухан шаардлага тавьсан. Тэрний дагуу ч би ажилласан. Эцсийн бүлэгт ганц миний хүчин зүтгэлээр ч биш, УИХ-ын гишүүд бүгдээрээ л эхээс төрсөн болохоор асуудлыг ээж нарын талд шийдсэн л дээ.

-Гэхдаа таныг тойрогтоо ингэж ажилладагаас чинь болоод орон нутаг гэхээр л Сүхбаатар аймаг гэж ойлгодог, хуралдаан дээр зураг авахаас өөр юм хийдэггүй гэх яриа бий.
-УИХ-ын гишүүний өдөр тутмын ажлын чиг үүрэг, хуваарилалт нь төрийн захиргааны ажилтнуудынхаас нэлээн ялгаатай гэдгийг манай зарим сонгогч төдийлөн сайн ойлгодоггvй юм шиг байгаа юм. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд нэлээн чөлөөтэй, уншиж судлах, дvгнэлт хийх тодорхой цаг завтай байх ёстой юм л даа. Ажлын хэсэг, байнгын хороогоор сайтар хэлэлцэгдсэн асуудлын хувьд УИХ-ын чуулганы vеэр дуугарах, дуугарахгvй байна гэдэг нь хоёр талтай.

Эхнийх нь тухайн асуудлын талаар мэдлэг муутай байх, нөгөөх нь телевизийн дэлгэцээр ахиухан гарчихъя гэсэн л санаа шvv дээ. Түүнээс биш байнгын хороогоор ярьж, ярьчихсан асуудлыг УИХ-ын чуулганд дахин нуршаад байх шаардлагагүй, зөвхөн кнопоо л дарах хэрэгтэй. Миний хувьд УИХ-ын чуулган дээр улстөржилт хийгээд байхыг хүсдэггvй. Зав чөлөөний хувьд сонгогдсон тойрогтоо хийх ажил их байна.

Тэгээд ч Сүхбаатар аймаг Монгол Улсад хөдөөгийн хөгжлийн загвар бий болгох гэж, хөдөөгийн хөгжлийн стандарт бий болгох гэж чармайн ажиллаж байгаа болохоор би тойргоосоо уяатай байхаас ч аргагүй юм. Цахим орчинд vзэл бодлоо илэрхийлэх нь намайг хэн нэгнээс хараат бишээр vзэл бодлоо чөлөөтэй дэлгэх эрх чөлөөг мэдрүүлдэг болохоор би дуртай.

-Чуулганы танхимд улс төр хийхгүй дургүй гэснээс сүүлийн үед популист гэж их ярих боллоо. Үнэхээр тийм айхтар популизм хийдэг популист нөхдүүд олон болчихсон хэрэг үү?
-С.Ганбаатар гишvvний популизм арай л хэтрээд байгаа шүү дээ. Улстөрч хүнд нэр хүнд хамгийн чухал ч гэлээ бас юманд хэмжээ хязгаар байх ёстой. УИХ-ын гишүүд ганц үгийг ч бодлогогүй, популизм хийх байдлаар амнаасаа унагаж болохгvй. Би популизм хийдэггүй, угаасаа дургvй. Сая Баяндэлгэрт суманд уулзалт хийгээд явж байхад нутаг орондоо хүндтэй мянгат малчин “Хаашаа л харна хятадууд болчихлоо, одоо яах юм” гэж байна.

Тэгэхээр нь би “Хаана байна тэр олон хятад чинь. Би л лав замдаа ганц ч хятад харсангүй” гэсэн чинь “С.Ганбаатар гишүүн л тэгээд байгаа шүү дээ” гэж байгаа юм. Энэ чинь популизм мөн биз дээ. Өнөөдөр С.Ганбаатар гишүүнийг нэг үг хэлэхэд түүнтэй нь холбоотой үндэсний томоохон компаниудын хувьцаа дэлхийн зах зээл дээр унаж байна шүү дээ.

-Та ч гэсэн өмнөх Ерөнхий сайдын асуудлыг шийдэх үеэр “Дэнзэнгийн хадам аавыг дэмжихгүй” гэсэн бичиг тавьчихаад сууж байсан шүү дээ. Энэ чинь популизм биш гэж үү?
-Би Н.Алтанхуяг сайдыг хvнийх нь хувьд маш их vнэлдэг. Ямар ч ажлыг том, жижиг гэж ялгалгүй барьж авсан л бол дуусгадаг чанар нь таалагддаг. Одоо ч тэр бодол минь хэвээрээ. АН-ыг жинхэнэ дарга шиг удирдаж, түүхэн амжилт үзүүлсэн гавьяа тvvнтэй л холбоотой. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувьд Дэнзэн мэтийн юмнуудыг хажуудаа байлгалж, багагүй алдаа гаргасныг нь л тэгж эсэргүүцсэн. Өнөөдрийн энэ төвөгтэй байдал Н.Алтанхуяг, Сү.Батболд, С.Баяр, нэртэй Н.Энхбаяраас болоогvй. Засаглалын буруу тогтолцоо, сонгуулийн буруу тогтолцооноос болж он удаан даамжирсан алдаа завхарлыг эцсийн эцэст барьж авч зогсоож байгаа нь тун олзуурхууштай явдал юм. Бид бодит байдлаа үнэн зөвөөр нь нийгэм, ард түмэндээ зарлаж чаддаг болсон нь хамгийн том дэвшил гэж харж байгаа.

-Таны саяны ярьсантай холбоотойгоор нэг зүйл асуухад энэ популизм гээчээс болоод нэг нэгнийгээ их барьцаалдаг болчихож. Нэг нам нь нөгөөгөө, УИХ нь Засгийн газраа гэх мэт. Сая Улсын өрийн тухай асуудал дээр л гэхэд хамтарсан гэрээгээ хар гээд л бөөн юм боллоо.

-Аргагүй шүү дээ. Энэ УИХ анх бүрдээд Н.Алтанхуягийн Засгийн газарт 5 тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгсөн. Гэтэл түүнээс дөнгөж 1.5 тэрбумыг нь буюу “Чингис” бондыг гаргаад гэнэт мөнгөтэй болонгуутаа өөрсдөө дангаараа цаашаа харж сууж байгаад асуудлыг шийддэг болсон. УИХ-тайгаа ярьдаггүй, би чинь уг нь олонхийн бүлгийн гишүүн шүү дээ. Гэтэл бүлэг дээрээ ярьддаггүй ийм байхад юун тэр цөөнх МАН-тай ярих.

Байнгын хороогоор ярьдаггүй зөвхөн тэр бондын зөвлөл гэж ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн бүлгээрээ л ярьдаг. Тухайлбал хотын дарга сууж байна. Тэр хүн мөнгөнөөс нь хот руугаа хэдэн төгрөг авчихвал бусад зүйлийг нь тоодоггүй. Зам тээврийн сайд ч байсан салбар руу хэдэн төгрөг өгчихөөр бас нүдээ аньчихдаг. Энэ мэтээр Н.Алтанхуяг мэтийн цөөхүүл дангаараа шийдчихсэн.

Ийм тохиолдолд УИХ Н.Алтанхуягийн Засгийн газарт дахиж мөнгө өгөхгүй гэж шийдсэн. Тиймээс Н.Алтанхуягийн засгийг унагахын төлөө явсан миний зорилго ердөө л энэ. Тиймээс энэ өрийн хэмжээ 3/2-оос давахгүй байх тухай асуудал гарч ирсэн. Тэгэхээр энэ байдлаас гарах арга зам нь ердөө л парламентад суудалтай бүх намуудыг оруулсан Засгийн газар байгуулах байсан. Үүнийгээ ч хийсэн. Гэхдээ улс төр л юм болохоор өгөхгүй гэж байгаад л хэмжээг нь бага багаар нэмээд л байна. Үүнийг шийдэх хамгийн зөв зам нь УИХ асуудал бүрээр нь хэлэлцэх юм.

-Тэгвэл энэ мөнгөө өөрсдөө зарцуулдаг асуудлыг чинь үргэлжлэл нь Эдийн засгийн өршөөлийн хууль юм биш үү?
-Тэгж хэлж болохгүй. Энэ хуульд төрийн өндөр албан тушаалын болон шийдвэр гаргагчдыг өршөөнө гэсэн заалт нэг ч байхгүй. Энэ хууль дунд болон түүнээс доош хэмжээний аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх юм. Гэхдээ миний хувьд энэ хуулийг гарахгүй байх гэж бодож байгаа. Энэ хууль жижиг болон дунд түвшний бизнес эрхлэгчидэд илүү үйлчлэх юм. Учир нь монголын бизнес эрхлэгч томоохон байгууллагууд хэдийнэ дэлхийн зал зээр гараад ирчихсэн учраас аль хэдийн шилэн данстай болчихсон байгаа.

Дунд болон дундаас доош аж ахуйн нэгжүүд хоёр данстай явдаг, татвараас зайлсхийх гэж оролддог зовлон бий. Тэдэнд зарим нэг юмаа нуун дарагдуулсан асуудал өчнөөн бий. Өршөөлийн хууль тэдэнд үйлчлэх ёстой. Харин АН ямар нэг дарга, албан тушаалтанд энэ хууль хүртээлгүй гэдэг зарчмаар хандаж байгаа. Тэгэхээр МАХН-ынхан Н.Энхбаяр дарга нь өршөөгдөх нь үү гэдэг өнцгөөс л харна. Гэтэл бидний өргөн барьж байгаа хуульд түүнийг өршөөнө гэж байхгүй учраас МАХН үүнийг дэмжихгү байх.

МАН ч мөн адил төрийн өндөр албан тушаал хашиж байхдаа хэрэг үйлдээд ял шийтгүүлж байгаа олон найзууд нь бий. Тэд нь хамрагдаж байна уу гэдэг өнцгөөс харна. Гэтэл тэд нь хамрагдаагүй учраас мөн л дэмжихгүй. Тиймээс энэ хуулийг явахгүй байх гэсэн өөрийн таамаг байна.


URL:

Сэтгэгдэл бичих