Ааруулаар тавгийн идээ засах нь ихэсчээ

527-14224235965438364037_4218324383_zМонгол түмний уламжлалт сар шинийн баяр болоход сар хурэхгүй хугацаа үлдлээ. Жил ирэх тусам эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч тэр хэрээр иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Гэсэн ч иргэд дор бүрнээ идээ, шүүс бэлтгэж, орсон, гарсан хүний гар цайлгадаг хэвээр. Хэзээнээс ингэж сурсан иргэд хаана ямар боломжийн үнэтэй бэлэг сэлт, идээ ундаа бэлтгэх нөхцөл байгааг эрж, энд тэндэхийн дэлгүүр, хоршоог “нүхэлж” дуусдаг.

Тэгвэл жил бүр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор, уламжлал болгон зохион байгуулдаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа өчигдөр эхэллээ. Үзэсгэлэн худалдаанд нийт 130 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд арьс шир, ноос ноолуур, сүү цагаан идээ зэрэг бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэрлэлээ сурталчлах, дэмжих, импортын бүтээгдэхүүний хэрэглээг багасгах зорилгоор “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” уриатайгаар зохион байгуулж байгаа аж.

Үзэсгэлэн худалдаа ирэх сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд “Мишээл экспо”, “Драгон төв”, “Шөнийн зах” болон нийслэлийн дүүргүүдэд тодорхой байршилд дэлгэсэн байв. Ингээд дээрх үзэсгэлэн худалдааг сурвалжлахаар Баянзүрх дүүрэгг байрлах “Скай” их дэлгүүр, Бөхийн өргөөг зорилоо.

“Үндэсний үйлдвэрээ дэмжье”

Бидний эхний очсон газар “Скай” их дэлгүүр. Дэлгүүрийн хоёр давхарт “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэсэн уриа бүхий тууз өлгөж үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг байрлуулсан байв. Энэхүү хэсгийг зорих хүнтэй олон таарлаа. Сар шинийн баярт тавгийн идээ хамгийн чухал байдаг. Энэ хэрээр иргэд тавгийн боов сонгохдоо өнгө үзэмж, амт чанарыг илүү анхаарч байгаа нь энэ хэсгээс харагдаж байсан юм.

Ингээд хэвийн боов ямар үнэтэй байгааг сонирхлоо. “Талх чихэр”-ийн нэг ширхэг хэвийн боов 2300, “Суман гүн” 2000, “Бамбууш” 2200 төгрөгийн үнэтэй байв. 15-21 ширхэг хэвийн боов авсан тохиолдолд иж бүрэн суурь еэвэн дагалдуулж байгааг худалдагч нь онцолж байлаа. Харин цагаан идээний хувьд хорхой, хэвлэж хатаасан ааруул нэг килограмм тус бүр нь 10-18 мянган төгрөг, өрөм, зөөхий, шар тос 10-15 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

Энэ үеэр тус дэлгүүрт цагаан идээгээ худалдаалж буй худалдагч хэлэхдээ “Иргэд хэвлэж хатаасан ааруул их сонирхож байна. Сүүлийн жилүүдэд хүмүүс тавгийн идээгээ хэвлэж хатаасан ааруулаар засах нь ихэссэн. Тийм болохоор ааруул худалдаж авах хүн олон байна” гэв.

Импортын бараатай харьцуулшгүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгааг сайшаах хүн олон байна

Сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааны үеэр иргэд дээл хамгийн их сонирхож байлаа. Энэ хэсэгт арьс шир, ноос ноолуураар хийсэн дан болон хос дээл, эрэгтэй эмэгтэй урт, богино түрүүтэй гутал, хэтэвч, цүнх, үзэгний гэр, бээлий, куртик, ороолт малгай зэрэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэжээ. Иргэдийн хамгийн их сонирхож буй нь монгол загвартай ноолууран, нэхий дээл байв.

Үнийн хувь ноолууран дан дээл 750 мянгаас дээш, хос нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж. Мөн хүүхдийн цамц 68 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Хэтэвч эрэгтэй загвартай нь 18-35, эмэгтэй нь 10-28 мянган төгрөг байв. .Харин эрэгтэй гутал 350-500, эмэгтэй нь 280-400 мянган төгрөгийн үнэтэй байсан юм. Энэ үеэр тус хэсгийн барааг сонирхож буй иргэн “Монголчууд байгаа зүйлээ ашиглан дотооддоо импортын бараатай харьцуулшгүй чанартай, үзэмжтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгааг харах сайхан байна. Гадаадаас оруулж ирдэг бараанаас хувь илүү сайн чанарыг үйлдвэрлэн аргаж байгаад олзуурхаж байна. Үзэсгэлэн худалдаагаар дэлгэсэн бүтээгдэхүүн үний хувьд боломжийн санагдлаа. Надад нэхийгээр хийсэн монгол дээл хамгийн их таалагдлаа. Нэг авсан байхад хэдэн жил өнтэй дулаахан, биед эвтэйхэн юм байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Нэг айл дунджаар 800 мянгаас нэг сая төгрөгөөр сар шинийн бэлтгэлээ базаадаг

Бидний очсон дараагийн газар Бөхийн өргөө. Нэг, хоёр килограммаар ааруул, өрөм, ээзгий, шар тос худалдаж авах хүнтэй олон таарав. Бүгд л өөрийнхөө боломжид тааруулан ааруул, өрөм цуглуулж явааг харахад сар шинийн бэлтгэлээ базааж байгаа нь илт байв. Нэлээд ахимаг насны эмэгтэй хэрэг болгож Бөхийн өргөөг зорьсон бололтой “Эндээс тавгийн идээгээ бэлтгэж авлаа. Хүйтэн өдөр өөр газраар явах нь нас өндөр болсон надад хэцүү байна. Гэр ч ойрхон” хэмээн учирлан хэлж байлаа.
Энд ихэнхдээ орон нутгаас ирсэн хүмүүс цагаан идээгээ худалдаалж байв. Ааруул 9-12 мянга, өрөм 8-9 мянга, шар тос 10 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн иргэн Т.Амгалан бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрбээр “Энд тэнд гарч буй сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдааг сонирхож явна. Бараа бүтээгдэхүүн, ааруул өрөм, чихэр үзэм үнийн хувьд боломжийн байна. Жил ирэх тусам чанар нь сайжирч байна уу даа гэж бодоод л явж байна. Дөнгөж саяхан “Тэнгис” кино театрын өмнө болж байгаа үзэсгэлэн худалдааг сонирхоод ирлээ. Ноос ноолууран цамц, савхин бээлий боломжийн үнэтэй санагдлаа. Ер нь бараа бүтээгдэхүүний үнэ ханш, тавгийн идээ боов, гарын бэлэг зэргийг бүрэн хангахад нэг өрх айл дунджаар 800-гаас нэг сая төгрөгтэй байхад сар шинийн баяраа өнгөтэй сайхан тэмдэглэж өнгөрүүлэхэд хүрэх юм шиг санагдаж байна” хэмээсэн.

Худалдан авагчид ийм байр суурьтай байсан бол борлуулалт хэр байгааг сонирхлоо. Архангай аймгийн Тариат сумын иргэн Ч.Адьяасүрэн ийнхүү сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэрбээр “Энэхүү үзэсгэлэнд Архангай аймгийн Тариат сумаас ирж оролцож байна. Иргэд ааруул, өрөм худалдан авах нь их байна. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцоод тав хонолоо. Хүмүүс нэг удаадаа хоёр, гурван килограмм ааруул авч байна. “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа дүүрэг тус бүрт гарч байгаа юм байна лээ. Энэ нь иргэд нэг дороос дотооддоо үйлдвэрлэсэн хүнс болон бараа бүтээгдэхүүнээ авах нөхцөл боломжийг хангаж өгч өгч байгаад талархаж байна.

Энэ хэрээр дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ иргэдэд сурталчлах, таниулах, тэр хэрээр хүмүүсийн хэрэгцээ, хүсэл сонирхлыг мэдэж авах гээд давуу тал олон гарч ирж байна” гэв.

Д.Нэргүй
Эх сурвалж: Монголын үнэн


URL:

Сэтгэгдэл бичих