НҮБ-д Монголыг будлианы эзэн төлөөлөх үү
Өнөө маргаашгүй долоон улс мөн НҮБ-д Монгол улсыг төлөөлөн суух бүрэн эрхэт Элчин сайдуудыг томилох гэж байна. Тэр дунд зарим нэг будлиантай хүмүүс байгаа ажээ.
Тухайлбал НҮБ-д Монголыг төлөөлөн суухаар нэр дэвшээд буй С.Сүхболдын талаар хэвлэлүүд сүүлийн жил гаруйн хугацаанд байнга болж бүтэхгүй байгаа талаар нь бичиж иржээ. Түүнийг өнгөрсөн жил Гадаад хэргийн сайд асан Л.Болд ажлаас нь халж байжээ.
Түүнийг гадаад харилцааны салбарт гай тарьж мэдэх нөхөр хэмээх асуудал ч хөндөгдөж байжээ. Өөрийгөө УИХ-ын гишүүн Б.Болорын хүн гэдэг тэрбээр Л.Болд сайдыг огцруулах тушаал гаргасны дараа тамга өвөртөлж зугтаж байсан гэнэ.
Сүхээгийн Сүхболд нь 1976 онд Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн эрх зүй, удирдлагын магистрын зэрэгтэй. 1995-1999 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2006 онд Австралийн Викторигийн Их сургуулийг тус тус төгссөн.
Ажлын туршлагын хувьд: 1999-2010 онд ГХЯ-ны Эрх зүй, консулын газарт атташе, Гэрээ, эрх зүйн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал, 2012 оны 7-9 дүгээр сард Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байжээ.
С.Сүхболдын хариуцсан ажил нь урагш муутай байсны улмаас яамны нэр хүндийг унагаж байсан гэнэ. АТГ-аас жил бүр төрийн байгууллагуудыг оролцуулан гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр Гадаад харилцааны яам 32.5 буюу маш муу гэсэн үнэлгээ авч, төрийн байгууллагуудаас хамгийн сүүлд жагсаж байсан нь түүний үйл ажиллагаатай холбоотой аж.
АТГ-ынхан 2014 оны зургадугаар сарын 21-нд Засгийн газрын хуралдаанд энэ тухай танилцуулжээ. С.Сүхболд нь Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлын хувьд яамандаа нээлттэй ил тод байдлыг бий болгох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй юм байна.
Мөн Үндэсний аудитын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хийсэн шалгалтаар боловсон хүчний бодлого, судалгаа, мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн үйл ажиллагааны дэг журмыг мөрдүүлэх зэрэг Төрийн захиргаа, удирдлагын газрын ажлын чиг үүрэгтэй шууд холбоотой ихээхэн зөрчлийг илрүүлжээ.
Түүнчлэн Сайдын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс удаа дараа татгалзаж байсан талаар ч мэдээлэл бий. 2013 оны төсвийн тодотголоор ГХЯ-ны зарим хөрөнгө оруулалт хасагдсан нь хуулиар баталгаажсаар байтал С.Сүхболд дарга дур мэдэн Тендерийн үнэлгээний хороог байгуулж, төсөвт тусгаагүй худалдан авалтыг зохион байгуулжээ.
“Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Хурлын иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах”, “Тавилга хэрэгсэл нийлүүлэх”, “Металл илрүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”, “Мэдээллийн сүлжээний программ хангамж, албан хэрэг хөтлөлтийн программ” гэсэн таван багц тендерийг дур мэдэн зарлаж, худалдан авалт явуулсан гэнэ.
Энэ тендерүүдийн үнийн дүн нийтдээ 400 гаруй сая төгрөг болсон ба уг үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтыг шууд зөрчсөн байдаг гэнэ.
Мөн тэр тушаалаа ашиглан эхнэрийнхээ садангийн хүүхдийг яамныхаа Санхүү, төрийн сангийн хэлтэст нягтлан бодогч, бас нэг хамаатныг нь Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт техникийн ажилтнаар илгээсэн гэх мэдээллүүд ч бий.
С.Сүхболд нь хамаатнуудаа ийн томилохдоо элдэв сонгон шалгаруулалт хийлгүй Төрийн албаны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 16.2.3, бас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэнэ.
С.Сүхболд даргатай холбоотой иймэрхүү фактууд цөөнгүй байдаг ажээ. Гэтэл ийм хүнээр Монгол улс өөрийгөө НҮБ-д төлөөлүүлэх гэж байгаа тухай шүүмжлэлтэй яриа тархаж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ үүнийг анхааралдаа аваасай гэж хүсэх хүмүүс ч олон байгаа ажээ.
Д.Загдбазар
URL: