“Рио Тинто” 1.6 тэрбум долларын ашгаасаа татгалзах санал гаргажээ

151174-01122014-1417400561-1411273139-Rio TintoАвстралийн “The Australian” сонины өчигдрийн дугаарт гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“Рио Тинто” корпораци Оюутолгойн зэс, алтны уурхайн талаар Монголын Засгийн газартай үүссэн маргаанаа эцэслэн тус орд газрын нөөцийн дийлэнхэд хүргэх таван тэрбум ам.долларын өртөгтэй гүнийн уурхайн ажлыг урагшлуулах үүднээс өөрт ногдох 1.6 тэрбум ам.долларын роялти ашгаа авахгүй байх санал дэвшүүлсэн билээ.

Гэвч шинэ Ерөнхий сайдтай болсон Монголын тал хэлэлцээ хийх багийн бүрэлдэхүүнээ эцэслэн шийдээгүй тул “Рио Тинто” өнгөрсөн оны аравдугаар сард тавьсан энэ саналдаа хариу аваагүй байгаа юм.

Монголын нэгэн “Twitter” хуудаснаа тавьсан “Рио Тинто”-гийн саналын хэсгээс үзвэл, тус корпораци уурхайн төслөөс орж ирэх бэлэн мөнгөний урсгалын тавиас илүү хувийг Монголын Засгийн газарт ногдоно гэж дурджээ. “The Australian” сонин “Twitter”-т тавьсан тэрхүү саналын хэсгийг нягтлан үзээд хуурамч биш гэж үзсэн юм.

“Рио Тинто” Засгийн газартай татвар, санхүүгийн зарим асуудал дээр санал зөрөлдсөний улмаас Оюутолгойн уурхайн хоёр дахь шатны барилгын ажил 17 сарын өмнө гацаанд орж тус корпораци хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээнүүдээ цуцлах эрсдэлтэй нүүр тулахад хүрчээ.

6.5 тэрбум ам.долларын ил уурхай ажиллаж байгаа ч тус төслийн нийт нөөцийн үнэлгээний 80 хувьд далд уурхай барьснаар л хүрэх бөгөөд үүнд “Рио Тинто” хэдийнэ 1.3 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа юм.

Монголын Засгийн газарт санал болгосон ойлголцлын меморандумын төсөлд Оюутолгойн уурхайг удирдан ажиллуулдаг тус корпораци хоёр хувийн роялтигийн цэвэр ашгаасаа татгалзана гэжээ. Тус уурхайг 41 жил ашиглана гэж тооцоход энэ нь 1.59 тэрбум ам.долларт хүрэх аж. Ингэснээр, тус уурхайн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс роялти ашгийг дангаар эзэмшинэ гэсэн үг аж.

Далайд гарцгүй гуравхан сая хүн Монгол Улс уурхайн ашиг орлогоос илүү их хувь хүртэж, эхний шатны барилгын ажлын удаашрал, төлөвлөснөөс их өртөг зэрэгт нөхөн төлбөр хүсч байгаа юм. Хоёр талын хэлэлцээ шинэ Засгийн газрын кабинетийг бүрдүүлэх үйл явцаас үүдэн хойшилсон билээ.

“Рио Тинто”-гийн зэсийн салбарын захирал Жан Себастьян Жак аравдугаар сард санал болгосон ойлголцлын меморандумын төсөл хоёр талын өмнө нь байгуулсан гэрээнээс бага зэрэг өөрчлөгдсөн гээд, “Монголын Засгийн газар уурхайн ажиллах хугацаанд татвар, роялти гэх зэргээр нийт бэлэн мөнгөний урсгалын 53 гаруй хувийг хүртэнэ” гэж мэдэгджээ.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард тус корпорацийн санхүүгийн захирал Крис Линч хэлэхдээ, тус төслийн дараагийн шатны ажил дахин хойшилбол АНУ-ын Резолюшн зэрэг Оюутолгойгоос хожуу баригдаж эхэлсэн уурхайнуудтай өрсөлдөхөд амаргүй болохыг анхааруулсан юм.

Б.Барс

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих