Найман нэрийн барааны дэлгүүрүүдийг дампууруулах төлөвлөгөө
Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Л.Эрдэнэчимэг нарын гишүүд өргөн барьсныг өнөөдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцэнэ. Монгол Улсын Ерөнхий сайд танана, хасна гэж ирээд л ард иргэдийнхээ халаас руу дайрсан лугаа агаар нэг нэмүү өртөг бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлах хяналт тавих шинжтэй хуулийн төслийг “Монос”-ын Л.Эрдэнэчимэг өргөн барьжээ. Нийтийн эрүүл мэндийг дэмжих, эрэлт нийлүүлэлт хэрэглээг хязгаарлах нэрийн дор архины хэрэглээг далд хэлбэрт оруулж, хариуцах эзэнгүй болгох гэж байгаа нь аюултай. 1990-ээд оных шиг “шагийн” архи цэцэглэхгүй гэхийн баталгаа алга. Тус хуульд, сул агууламжтай согтууруулах ундаа нийслэлд худалдаалах бол хорин сая, аймгийн төвд 15 сая, суманд таван сая, өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах бол нийслэлд 50 сая, аймгийн төвд 25 сая, суманд таван сая төгрөгөөр тэмдэгтийн хураамжийг авахаар заажээ.
Энэ нь найман нэрийн хүнсний дэлгүүрүүдийг зориудаар дампууруулж, олон мянган айл өрхийг орлогогүй болгоно. Худалдаалах тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай тэмдэгтийн хураамж одоо байгаа хэмжээнээс 125 дахин нэмэгдсэн гэсэн үг. Мөн архи согтууруулах ундааг худалдах зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга, цагдаа, онцгой байдал, татвар, мэргэжлийн хяналтын байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн нэг жилийн хугацаагаар төрөл тус бүрээр нь олгож, түтгэлзүүлж, зөрчил гаргаагүй тохиолдолд хоёр жилээр сунгана. Орчны оршин суугчдын тавиас доошгүй хувийн саналаар худалдаалах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно. Согтууруулах ундаа үйлдвэрлэх импортлох зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож, зөрчил гаргаагүй бол хоёр жилээр сунгана гэжээ.
Эдгээр заалт нь архи худалдаалах зөвшөөрлийг хянах нэрийдлээр дүүргийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнуудын авилга цэцэглэх, бизнес дэх төрийн оролцоо дарамтыг улам бүр нэмсэн байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэгч, импортлогчдын үйл ажиллагаанд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхгүй татварын өршөөлд хамруулахгүй, бусад давуу тал олгохгүй, татварын хэмжээг бууруулахгүй гээд зарчмаа тодорхойлсон нь Үндсэн хуулийн 14,1-д заасан “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй”, 14,2 “Эрхэлсэн ажлаар нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэн зарчимтай зөрчилдөж байх жишээтэй. Энэ бүхэн үндэсний үйлдвэрлэл болон нэмүү өртөг шингээж борлуулалт хийдэг аж ахуйн нэгжүүдийг хаалгаа барихад хүргэж өнөөдрийн Монголын “шүдний өвчин” болсон ажилгүйдэл ядуурлыг нэмэхэд түлхэц болох харалган шийдвэр болжээ.
Л.ТУЛГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ард түмний амьдралыг үнэхээр ойлгодоггүй болох нь харагдаж байна. Дээр нь бас л улс төрчид, томчуудын бизнес явж байгаа нь тодорхой байна.