Тамгын газар нь УИХ-аа хууль зөрчүүллээ

IUHУИХ буюу хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хуультай зерчилдсөн эсэхийг хянадаг байгууллага бол Цэц. Харин бусад хуультай зерчилдөх шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлж зөвлөгөө өгдөг, мэргэжлийн туслалцаа үзүүлдэг байгууллага нь УИХ-ын Тамгын газар юм. УИХ-ын Тамгын газар нь Хууль зүйн хэлтэстэй, мэргэшсэн хуульчидтай. Мөн энэ байгууллагын дарга нь сайн хуульч байх ёстой гэж үздэг. Одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг энэ албанд томилох үед ч УИХ-ын гишүүд түүнийг сайн хуульч хэмээн ам уралдуулан магтацгааж байлаа. Яагаад гэвэл, хэдий улс төрийн томилгоогоор тэрээр энэ албанд ирсэн төдийгүй гавьяат хуульч Ц.Шаравдоржийг давж гарах мэргэжилтэн, менежер гэж түүнийг томилсон шүү дээ. Ялангуяа одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй АН-ын бүлгийн гишүүдийн түүнд зориулсан магтаал хэвлэлийн хуудаснаа баримт болон үлджээ.

Гэвч “магтсан хүүхэн хуриман дээрээ” гэдэг шиг Б.Болдбаатар тэргүүтэй УИХ-ын Тамгын газар саяхан парламент хууль зөрчсөн шийдвэр гаргаж байхыг юу ч болоогүй мэт зүгээр хараад сууж байсан болж таарлаа. Чухам юу болсныг дор сийрүүллээ. УИХ-аар 2015 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр С.Ганбаатар гишүүн 15 яамны 17 дэд сайдыг цомхотгож, төсөв хэмнэх санал гаргасан юм. Түүний энэ саналыг Төсвийн байнгын хороо дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн. Гэтэл үүнтэй холбоотойгоор маргааш өглөө нь Төрийн байгуулалтын байнгын хороог яаралтай хуралдуулсан. УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Байнгын хороонд санал гаргаж дээрх шийдвэрийг үгүйсгэсэн юм. Тэрээр “Дэд сайд нарын орон тоог бууруулах асуудлыг оруулж ирэх тохиолдолд Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх асуудлыг эхлээд оруулж ирэх ёстой. Тиймээс дэд сайд нарын орон тоог хасч, зардлыг нь танах саналыг хэлэлцэх боломжгүй гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргаж байна” гэв. Түүний энэ саналаар Төрийн байгуулалтын байнгын хороо санал хураалт явуулахад гишүүдийн олонхи нь дэмжлээ. Байнгын хорооны энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд ч дэмжив. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд өмнөх өдөр нь хуулиа сайн мэдэхгүйгээсээ болж буруу шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрсөн нь энэ. Гишүүд бүгдээрээ хуульч бус учраас алдааг нь хүлээн зөвшөөрч болох юм. Харин УИХ-ын гишүүд, Байнгын хороо, спикерт хууль зүйн зөвлөгөө өгөх, хууль зөрчсөн шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй Б.Болдбаатар болон түүний “цэргүүд”-ийг буруутгахгүй байх арга алга.

Учир нь, С.Ганбаатар гишүүн Байнгын хорооны хуралдаан дээр анх дэд сайдыг цомхотгох санал гаргаснаас эхлээд уг саналыг нь чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж санал хураалгах хооронд энэ   нь хууль зөрчсөн санал болохыг тэд яагаад анзаарсангүй вэ. Уг нь, гишүүний гаргасан саналтай холбогдуулан гишүүд асуулт асуух, саналаа хэлэх, санал хураалт явуулах, Байнгын хорооны дүгнэлтэд энэ саналыг хэрхэн шийдвэрлэснийг тусгах гэх мэтээр процесс үргэлжилдэг. Энэ бүхэнд нь мэргэжил арга зүйн зөвлөгеө өгөх үндсэн ажилтай, үүнийхээ төлөө төсвөөс цалинжиж байгаа бүхэл бүтэн Тамгын газар, түүний хэлтэс юу хийж байв аа. Тэд Монгол Улсын Их хурал тодруулбал, төрийн эрх барих дээд байгууллагын баруун гар нь байх ёстой. УИХ-аа хууль зөрчүүлээд, үүнийхээ төлөө цалингаа ч хасуулдаггүй албадтай, Тамгын газартай байснаас бараг л цомхотголд өртөх шахсан дэд сайд нар нь дээр аж. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогчдыг хууль зөрчиж байхыг мэдээгүй, зүйрлэвэл хамрын ханиад хүрсэн өвчтөнд хагалгаа хийж байгаа эмчийг анзаараагүйтэй адил алдаа гаргасан тэднийг цомхотговол яасан юм бэ.

 

 
С.ШИЙЛЭГТӨМӨР /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих